
Тоглолтын эхний үеийн 12 дахь минутад повэрплэйд “Шаркс”-ын Жэйсон Демерс оруулахдаа Патрик Марлеаугийн дамжуулалтыг ашигласнаар онооны харьцааг нээсэн байна. Үүний хариуг барихын тулд зочин баг хоёрдугаар үед нийтдээ 14 довтолгоо хийсний нэг нь найм дахь минутад байндаа тусчээ. Данкэн Кейтийн дамжуулалтаар Патрик Шарп тоог 1:1 харьцаатай болгон тэнцүүлснээр өрсөлдөөн улам бүр ширүүссэн байна.
Энэ тоглолтод Чигагогийн хаалгач Ниеми өөрт ирсэн 45 цохилтоос 44-ийг нь аюулгүй болгосноор багтаа хожлыг авчрав. Хаалгаа бат манаатай байгааг мэдсэн Блакхоксын залуучууд довтолгоондоо гол анхаарлаа хандуулсны үр дүнд 14 дэх минутад хожлын гоол хийж чадсан байна. Энэ удаад Патрик Кэйний дамжуулалтыг Дастин Байфюглин чулуу болголоо.
Ингэснээр 2:1 харьцаатай “Блакхокс” талбай дээр нь “Шаркс”-ыг буулган авч, цувралын харьцааг 1-0 ээр тэргүүлж эхэлжээ. Дараагийн тоглолт 19-ний өглөө болно.