Марк Уэббэр хамгийн шилдэг нь

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Марк Уэббэр хамгийн шилдэг нь

Өнгөрсөн амралтын өдрөөр Монте Карло хотын гудамжаар Формула нэгийн Монакогийн гранпри явагдаж өндөрлөлөө. Байрлал тогтоох гараанд Рэд Булл багийн Австрали нисгэгч Марк Уэббэр түрүүлсэн бол Рэногийн Роберт Кубица хоёрт, Себастьян Веттел гуравт бичигджээ. Харин тэдний ард Фелипе Масса, Льюис Хэмилтон нар гараанаас гарах болсон байна.
Харин гуравдугаар практикийн үеэр машинаа эвдэлсэн Алонсо питлэйнээс уралдаанаа эхлүүлэх болсон нь харамсалтай. Уг нь эхний хоёр практикт тэргүүлснийхээ дараа өөртөө болоод болиддоо итгэл итгэлийн талаар Алонсо ярьж байсан билээ. Гэвч түүний хувьд Рэно багт байхдаа Монакод бас нэг азгүйтэж байсан тохиолдол бий аж.
Уралдааны өнгийг шийдэх гараа болоход Марк Уэббэр өөрийн тэргүүлэгчийн байр сууриа хадгалж авч үлдсэн бол Веттэл Кубицаг гүйцэж түрүүлж чадсан байна. Харин Кубица Массад өөрийн байраа алдах шахсан бөгөөд ийнхүү хамгаалж чадсанаар тэрээр шагналын тавцанд гарах эрхээ бүрдүүлсэн юм.
Уралдааны эхний тойрогт жолоодлого алдсан Уиллиамс Кросуорт багийн Нико Хюлкэнберг Алонсод маш том давуу байдлыг авчирч өглөө. Яг энэ үеэр питлэйнээс уралдаанаа эхлүүлсэн Алонсо питлэйнд орж дугуйгаа сольж амжсанаар зургадугаарт орох амжилтын гол үндэс нь болж өгсөн юм. Бусад нисгэгчид питлэйнд орох хүртэл өмнө байгаа нисгэгчдийг ээлж дараалан түрүүлж байсан Алонсогийн тухай шууд нэвтрүүлэг эхний 10 минутаа зарцуулсан.
Харин гурав дах тойрогт өнгөрсөн жил Макларэн багаас энэ зам дээр түрүүлж байсан Жэнсон Баттон замаа дуусгалаа. Түүний машины мотороос утаа гарч эхэлснээр яалт ч үгүй гарахад хүрсэн.
Энэ хооронд Марк Уэббэр өөрийн тэргүүллийг бататгаж, Себастьян Веттель ч ар талыг нь хангалттай дааж байлаа. Ерөнхийдөө толгой хэсэгт ямар нэгэн ширүүн өрсөлдөөн гарсангүй. Харин Лотус багийн Ярно Трулли эргэлт дээр Карун Чандхокийг гүйцэж түрүүлэх оролдлого хийсэн нь тэднийг хамтад нь уралдааны замаас зайлуулахад хүргэсэн байна.
Ийнхүү Монакогийн гранприд Марк Уэббэр түрүүлж, Себастьян Веттель удааллаа. Харин гуравдугаарт Роберт Кубица гарсан бол Масса, Хэмилтон, Алонсо гэсэн нисгэгчид дараа нь бариалжээ.
Барианаас өмнөхөн Михаэль Шумахер Алонсог гүйцэж түрүүлсэн ч аюулгүйн машин буугаагүй байх үед гүйцэж түрүүлсэн гэж 20 секундын торгуулийг хүлээлгэснээр Фернандо зургадугаарт орж, Шумахер ямар нэгэн оноо авч чадаагүй үлдлээ.
Ингэснээр Уэббэр 78 оноогоор Вэттелийн хамтаар дэлхийн аваргыг тэргүүлж эхэлсэн бөгөөд энэ нь 1981 оноос хойш анх удаагаа дэлхийн аваргыг нийлбэр оноогоор Австрали нисгэгч тэргүүлж эхэлсэн тохиолдол болсон юм. Тэдний ард Фернандо Алонсо 75, Женсон Баттон 70 оноотой явж байна.
Зохион бүтээгчдийн цомд Рэд Булл 156, Феррари 136, Макларэн 129 оноогоор эхний гурван байранд бичигдэж явна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж