Ц.Мөнхзаяа “Дэлхийн цом”-д аваргаллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхзаяа “Дэлхийн цом”-д аваргаллаа

Египетийн нийслэл Кайр хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд олимпийн наадмын эрхийн оноо олгох “Дэлхийн цом”-ын тэмцээн болж, манай тамирчид нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 28 орноос долдугаарт бичигдсэн байна. Энэ сарын 7-9-ний хооронд Тунисын гран-при тэмцээнд оролцсон манай тамирчид тэр бүрэлдэхүүнээрээ Египетийг зорьсон бөгөөд тодруулбал, эрэгтэй найм, эмэгтэй хоёр жүдоч шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагвын удирдлага дор тус тэмцээнд оролцож, Ц.Мөнхзаяа алт, Ч.Болдбаатар хүрэл медаль хүртлээ. 

Тэмцээний эхний өдөр буюу бямба гаригт эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 болон 63 кг-ын жингийн барилдаан болж, манай тамирчдаас Ч.Болдбаатар /60 кг/, Б.Хишигбаяр /66 кг/, Д.Дөлгөөн /66 кг/, Г.Пүрэвдорж /73 кг/, М.Уранцэцэг /48 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нар “Дэлхийн цом”-ын татамид гарч барилдсан. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч сорьсон Ц.Мөнхзаяа хэсгийн эхний барилдаандаа хийлж, дараагийн барилдаанд Туркийн бөх Сельда Карадагтай барилдан, цэвэр ялснаар зоны аварга болжээ. Улмаар хагас шигшээ барилдаанд манай тамирчин Азербайжаны бөх Рамила Юусубоваг мөн цэвэр ялснаар аваргын алтан медалийн төлөө Францын тамирчин Анна-Лоре Полиг ваза-ари үнэлгээгэр ялж, аваргалсан байна.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон Ч.Болдбаатар “D” хэсэгт сугалаа таарсан бөгөөд эхний тойрогт хийлж, улмаар зохион байгуулагч орны Ахмед Эль Саейд, ОХУ-ын Роберт Мшвдобазе нарыг дараалан ялснаар зоны аваргаар тодорсон байна. Хагас шигшээд БНХАУ-ын тамирчин Хө Юүнлунд цэвэр ялагдсан боловч дагах барилдаанд зодоглож, Чехийн Павел Петриковыш ваза-ари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн болзол хангажээ.
Эхний өдөр “Дэлхийн цом”-д зодоглосон манай бусад тамирчдын тухайд 66 кг-д Б.Хишигбаяр хэсгийн эхний барилдаандаа Египетийн бөхийг ялсан боловч удаахь барилдаанд Австрийн тамирчинд ялагдсанаар тэмцээнийг орхисон бол мөн энэ жинд хүч сорьсон Д.Дөлгөөн мөн эхний барилдаандаа ялж, дараагийн тойрогт ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн ангилалд Г.Пүрэвдорж эхний тойрогт Йемений бөх Валлед Алкабзариг цэвэр ялсан боловч дараагийн барилдаандаа БНХАУ-ын Жинь Живейд ялагджээ. Харин эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин буюу 48 кг-д өрсөлдсөн М.Уранцэцэг хэсэгтээ Египет болон Ирландын бөхийг ялснаар зоны аварга болсон боловч хагас шигшээд Францын Елена Бенардад ялагдаж, улмаар дагах барилдаанд хүрэл медалийн төлөө барилдаж, Туркийн бөхөд ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарсан байна. Харин өчигдөр манай тамирчдаас Б.Амбасэлмаа /81 кг/, Б.Ариун-Эрдэнэ /90 кг/, Б.Сугаржаргал /+100 кг/ нар барилдсан бөгөөд Б.Ариун-Эрдэнэ хэсгийн эхний барилдаандаа Өмнөд Африкийн бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Харин 81 кг-д Б.Амбасэлмаа хэсгийн эхний тойрогт гоц мөргөж, дараагийн барилдаанд ОХУ-ын бөх Мурат Шадовыг ялсан боловч зоны аваргын төлөө Хятадын бөхөд ялагдсан байна. Дагах барилдаанд зодоглох эрхтэй болсон манай тамирчид эхний барилдаандаа Египетийн бөхөд ялагдсанаар долдугаар байрт бичигдлээ. Түүнчлэн +100 кг-д барилдсан Б.Сугаржаргал мөн дагах барилдаанд Египетийн бөхөд ялагдаж, долдугаар байрт шалгарчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж