Зэсийн үнэ 8001 ам.доллар хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ 8001 ам.доллар хүрлээ

-Үнэ өнөөдрийн ханшаас өсөх магадлалтай гэж Блүүмбергт бичсэн бол Хятадын шинжээчид энэ оны хоёрдугаар хагас гэхэд зэс 8200 ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ-
Баяртай мэдээ. Монголчуудын экспортын гол бүтээгдэхүүн өчигдөр Лондонгийн биржид нэг тонн зэсийн үнэ 8001 ам.доллар хүрлээ. Энэ бол эдийн засгийн хямралаас хойш буюу 2008 оноос хойш анх удаагаа ийм өндөр үнэд хүрсэн тохиолдол юм. Шинжээчид цаашид үнэ ямар байхыг хэлэхэд хэцүү ч өсөлт ерөнхийдөө хадгалагдана гэж үзэж байна. Үнэ өнөөдрийн ханшаас өсөх магадлалтай гэж Блүүмбергт бичсэн бол Хятадын шинжээчид энэ оны хоёрдугаар хагас гэхэд зэс 8200 ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ. Дэлхийн эдийн засаг хямрах нь гэж байхад наадмын өмнө зэсийн үнэ өсч байна шүү 2008 оны долдугаар сарын 2-ны өдөр хамгийн өндөр буюу 8940 ам.долларт хүрсэн хэмээн хутга тавилгүй найрлаж, орж ирэх мөнгөө хэрхэн үрэх вэ гэж даахалзаж байлаа. Үрэх мөнгөө хэдийнэ тооцоолоод намрын чуулгандаа малилзан ирэхдээ зэсийн үнэ алгуурхан унасаар төсвийн мөнгө нь дутаж, цоорхойгоо нөхөх гэж сандралдав даа. Монгол Улсын төсвийн алтан найдвар болсон зэсийн үнэ 2009 оны хоёрдугаар сард 3,000 ам доллар болов. Эндээс зэсийн үнэ байнга өсч байхаар хөөрөлхөж төсвөө төлөвлөх хийгээд байнга хэлбэлзэх үнийн зөрүүд найдаж болохгүй гэсэн сургамж авсан биз, манайхан. Энд бас Сангийн яамныхан зэсийн үнийг харьцангуй боломжит хэлбэрээр тооцоолон оруулж ирдэг ч эрхэм хууль тогтоогчид түүнийг нь цаасан дээр өсгөж ийш тийш тараан цацах гэж эрмэлдэг. Энэ ч ёсоор өнгөрсөн жил төсөв батлахад зэсийн үнийг анх 5200 ам.доллар байхаар тооцоолж парламентад оруулж ирснийг 5700 ам.доллар болгосон. Аз болж одоо зэсийн үнэ өсч, он гарснаас хойш зэсийн үнэ дэлхийн зах дээл дээр  7000 ам.доллараас огт буугаагүй байгаа юм

Дашрамд сануулахад Эрдэнэт үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн буюу зэс экспортлодоггүй. Тус үйлдвэрийн албан ёсны вэб сайтад Эрдэнэт үйлдвэр жилд 25 сая тонн зэсийн хүдэр боловсруулж, 530 мянган тонн зэсийн баяжмал, гурван мянган тонн орчим молибедины баяжмал үйлдвэрлэдэг гэсэн байна. Албан бус мэдээллээр нэг тонн зэсийн баяжмалыг 800 ам.доллараар зарагддаг гэсэн байна. Нөгөөтэйгүүр ашигт малтмалын салбарын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр ихэвчлэн фьючирс буюу урьдчилсан гэрээний үнээр арилжаалдаг. Энэ үүгээр богино хугацааны үнийн өсөлтөөс төдийлөн ашиг олж чаддаггүй. Нөгөө талаасаа үнийн гэнэтийн уналтаас бас хамгаалж болох давуу талтай гэдэг. Тухайлбал, “Рио тинто” төмрийн хүдэр нийлүүлэх гэрээгээ жилээр бус улирлаар хийж байх санал гаргаад байгаа талаар news.mn мэдээлсэн билээ.

Эрдэнэт үйлдвэр ямар байдлаар бүтээгдэхүүнээ зах зээлд гаргадаг талаар албаны хүнээс тодруулахыг зорьсон юм.

Тиймээс бид зэсийн үнийн өсөлт манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат:

-Зэсийн үнэ Лондонгийн биржид 8000 ам.долларт хүрчээ. Үүнийг мэдсэн үү. Үнэ ийн өсөх нь манай улсын эдийн засагт шууд нөлөөлөх үү?

-Баяртай мэдээ байна. Зэсийн үнэ шууд эерэгээр нөлөөлөлгүй яахав. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын үнийг ачсан өдөр нь Лондонгийн бирж дээр ямар үнэтэй байгаагаар тооцдог. Тэгэхээр Эрдэнэтээс улсын төсөвт орох орлого нэмэгдэнэ гэсэн үг.

-Зэсийн үнийг жил, хагас жилээр гэрээ хийдэг гэх юм. Жилийн дунджийг урьдчилан тооцоолоод гэрээ хийдэг бол үнийн өсөлт шууд нөлөөлөхгүй байх тал бас байна уу?

-Үгүй ээ, яалаа гэж. Өдөр өдрөөр нь тооцож байгаа. Зэсийн баяжмал ачуулах үед ямар үнэтэй байна гэдгээр нь тогтоодог. Харин улсын төсөвт бол дундчилж тооцдог гэлээ. Эрдэнэт УБҮ-ийн хэвлэлийн төлөөлөгч ч зэсийн үнийг дэлхийн зах зээл дээрх тухайн өдрийн ханшаар гэрээгээ байгуулдаг гэж байлаа.

Сүүлийн таван жилийн тоймоос харахад Лондонгийн бирж дээр зэсийн үнэ 2008 оны арванхоёрдугаар сард зэсийн үнэ хамгийн ихээр уналтад орж 2817 ам.доллар хүрчээ. Шинжээчдийн үзэж байгаагаар зэсийн гэж мэдээлжээ. Зэсийн үнэ өсч 8000 ам.долларт хүрсэн энэ өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш зургаа дахь сартайгаа золгож байгаа өдөртэй давхцсанд “Хойшдоо улсын төсөвт орох мөнгөний хэмжээ өсөн нэмэгдэхийн шинж” хэмээн зарим хүн билэгшээж байна.

Д.Цээпил, Т.Ариунсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж