Ридли Скотт: “Би залуу байсан бол Гладиаторын дүрд тоглох байсан”

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Ридли Скотт: “Би залуу байсан бол Гладиаторын дүрд тоглох байсан”

Ридли Скотт: “Би залуу байсан бол Гладиаторын дүрд тоглох байсан”
Ярилцлагын мастер хэмээн алдаршсан нэрт сэтгүүлч Стив Вэйнтраубын Каннын кино наадмын эхний өдөр буюу өнгөрсөн долоо хоногт хийсэн
нэгэн цоо шинэ, сонирхолтой ярилцлагыг танд хүргэж байна.
Тэрээр Каннын кино фестивалын гол сенсаац, энэ фестивальд нээлтээ хийж байгаа “Робин Гуд” киноны найруулагч, гол дүрийн жүжигчинтэй нээлтээ хийхээс нь өмнө уулзаж ярилцжээ. Мэдээж, ярилцлагын эзэд нь Их Британийн алдарт найруулагч Ридли Скотт болон Холливуудын энэ цаг үеийн супер од Рассел Кроу нар байлаа.

-Ридли Скотт, та киноныхоо нээлтэд оролцож чадахгүй болсноо мэдэгдсэн, уг нь таны кино Каннын кино наадмын хамгийн эхний өдөр наадмыг нээж дэлгэцнээ гарна. Энэ мэдээж кино мастеруудын хувьд нэлээд хүндэтгэл үзүүлсэн хэрэг биш гэж үү? Та өвдгөө юунаас болоод гэмтээчих вэ?

-/хараал хэлээд/ Тэгэлгүй яахав, наадмын зохион байгуулагчдын зүгээс манай киног нээлтэндээ гаргасан явдлыг би машид хүндэтгэн нэр төрийн хэрэг хэмээн хүлээн авсан. Харамсалтай нь би бэртчихлээ шүү дээ. Уг нь бүр дээр үеийн бэртэл байгаа юм. Би теннис тоглох их дуртай байлаа. Тэгээд л өөрийнхөө үе мөчний үрэвслийг ийм хэмжээнд болтол нь хүндрүүлчихсэн юм. Үе мөчний үрэвсэл гэдэг танд үргэлж өвдөлтийг мэдрүүлж байдаг шаналгагч л гэсэн үг. Та айж байна уу? Айх хэрэггүй дээ. Энэ бол айхгүйгээр хийж чадах тэнэг зүйл. Усанд сэлэх сайхан л даа. Гэхдээ усанд сэлэх, дугуй унах уйтгартай. Харин теннис бол хамгийн шилдэг нь. Даанч өвдгөнд тун халгаатай. Яг л дэгжин аальгүй, хуурамч бүсгүй шиг. Сайн сайхнаар татаж өөртөө дурлуулчихаад эцэст нь өвтгөж орхидог. Миний насны хүнд теннис рүү зүтгэнэ гэдэг тэнэг хэрэг болох байх л даа. Өөрөө дурлаж, гүйж оччихоод насандаа дарагдаж тээглэн уначихаад л олон юм яриад сууж байдаг /инээв/ Киноныхоо нээлтэд оролцож чадахгүй болсондоо тун их харамсч байна.

-Та одоо ямар нэгэн кинон дээр ажиллаж байгаа юу?

-Үгүй ээ. Эмч маань намайг ажлаа хийхийг хориглосон. Ядаж нээлтэнд очиж хүмүүс рүү гар даллаж, заримтай нь гар барьчихаад ирж ч болохгүй гэнэ дээ. Бурхны авралаар одоо би кино хийхгүй байгаа. Гэхдээ надад хийхээр төлөвлөөд байгаа нэг зүйл бий.

-Хэвлэлүүдээр таныг “Харийнхан” киногоо 3D болгоно гэсэн мэдээлэл нэлээд цацагдаад байгаа?

-Мэдээж би 3D болгоно. Та худлаа яриа сонсоогүй бололтой.

-Та найруулагч Cameron “Avatar” кинондоо хэрэглэсэн шиг шинэ үеийн техник хэрэгсэл ашиглах уу?

-Үгүй ээ. Би энэ арга барилыг аль хэдийнээ үеэ өнгөрөөсөн гэж боддог. Жеймс “Энэ процесст би дөрвөн жил зарцуулсан. Одоо магадгүй та хоёр жилд багтааж чадах байх” хэмээн хэлсэн. Гэхдээ л “Харийнхан” бол миний хувьд давтагдашгүй бүтээл. Гурван хэмжээст болгож бүтээгээд ч тэр бүтээл, тэр гайхалтай зохиол дахин төрөхгүй, ердөө л арай өөрөөр харагдах болно. Тун хуучинсаг сэтгэлгээ байна уу Стив? /инээв/

“Рассел Кроу яагаад ч юм ярилцлагаас хожимдож ирэхээ мэдэгдэж уучлалт хүссэн, Ридлей Скотт яг цагтаа надтай уулзсан, магадгүй энэ  найруулагчаас ганцаараа байхад сэтгэлийн гүнд нь нэвтэрч ороод түгжээг нь мулталчих сайхан боломжийг надад өгч байгаа юм болов уу гэж бодоод би яриандаа орсон. Тэр яг л миний төсөөлсөн шиг гайхалтай хүн, бас сайхан ярилцагч байлаа. Бидний хооронд ямар ч хана хэрэм байхгүйгээр яриа урсч эхэллээ”.

-Нэгэнт өнгөрсөн үе рүү очсоных тэр үеийг жаахан дурсах уу. “Харийнхан” кино тэр үед надад “Аватар” үзэхэд төрсөн шиг мэдрэмж төрүүлж байж билээ.

-Тиймээ, энэ киног тэр үедээ л хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглан бүтээж байсан, хүмүүст ч их хүчтэй сэтгэгдэл төрүүлж байсан. Зарим нэг нь надад хандан “Скотт чи юу хийчихээ вэ, энэ чинь хүн төрөлхтөний ирээдүйг аймшигтайгаар харуулж байна шүү дээ” гэж шүүмжилж байсан. Гэхдээ би энэ бүтээлээ хүн айлгая гэж бодож хийсэнгүй гэдгийг одоо бүгд л мэдэж байгаа байлгүй дээ. Ирээдүйг харуулсан гэхээсээ илүү хүмүүсийн алдаанаас ямар аймшигтай зүйл урган гарч эх дэлхий дээр маань гадны сүүдэр тусах вий гэж болгоомжлуулж, зөгнөж хийсэн кино.

-1979 онд хийсэн гэхэд гайхалтай шүү, заримдаа жирийн камер ашиглаагүй, одоо үеийн кино хийхэд хэрэглэгддэг асар хүчтэй графикт зориулагдсан компьютер, програм, мэргэжилтнүүд хийсэн юм шиг санагддаг. 

-/инээв/ Хүнд ийм сэтгэгдэл төрүүлж чадтал бүтээсэн нь л “Харийнхан”-ы амжилт. Тэр үед одооных шиг ямар юмных нь тийм компьютер байх вэ дээ. Цэргийн нисэх онгоц үйлдвэрлэдэг том байшинд орчин үед сансрын хөлөг ийм байна гэж төсөөлөөд л хуванцар, хөнгөн цагаанаар хийсэн онгоцоо агаарт өлгөчихсөн. Тэгээд түүнийгээ яг адилхан нэг арай томхныг хийчихээд дотор нь ээлжилж зураг авалтаа хийгээд, хүний нүдийг асар томоор хуурч байгаа байхгүй юу. Киног нь харахад үнэхээр л сансрын хөлөг дээр ийм тэмцэл болж байна даа гэж бодохоор байсан. Одоо байгаа шиг техник байсан бол би бүүр ч илүү “Харийнхан” хийх байсан даа гэж нэг ч удаа бодогдож байгаагүй шүү.

-Таныг ойлголоо, та бусад кинондоо ч гэсэн яг ийм сэтгэл хангалуун байдаг уу.

-Ридлей Скоттын хийсэн бүх кино хүн бүрт таалагдах албагүй ээ. Миний үнэхээр сэтгэл хангалуун байдаг кино танд таалагдах албагүй шүү дээ. Эсвэл энэ киног жаахан тиймэрхүү хийчихлээ дээ гэж бодтол олон нийтэд шууд л хүрчихдэг тийм бүтээл ч байдаг. Янз бүр гэх үү дээ. “Тельма Луиза”-даа би их хайртай. Миний сэтгэхүй, оюун сэтгэлээс тасарч гарсан бүтээлээ би миний хүүхдүүд гэж боддог. Тэгвэл “Тельма Луиза” миний охин бол “Гладиатор” миний хүү ч гэх юмуу.

-“Ханнибал”, “Улаан луу” тэгвэл таны юу вэ. Бас “Хар харцагын уналт”

-/инээв/ Тэд миний дүрсгүй залуус, тэд таныг айлгаж, их юм бодуулаагүй гэж үү.

-Таны уран бүтээлүүдийг ажиглаад байхад “Харийнхан”-ыг эс тооцвол адал явдал, хайр сэтгэл хосолсон бүтээлүүдээр эхлээд сүүл хэсэгтээ дайн байлдаан, аллага зонхилоод эхэлсэн байх юм. Миний энэ мөчидхөн бодолд дүгнэлт хийж өгөөч?

-Магадгүй ээ. Би олон хүн оролцуулсан, томоохон хэмжээний улс гүрэн, дайн байлдаан харуулсан кино хийхэд маш их сэтгэл хөдөлдөг. Надаас болон манай багийнхнаас маш их хөдөлмөр шаарддаг учраас гэж тайлбарлаж ч болох. Басхүү би хүн төрөлхтөний түүхийн ямар нэг цаг үед эргэн очиж түүнийгээ дэлгэцэнд харуулах дуртай. “Гладиатор”, “Диваажингийн эзэнт гүрэн”, “Хар харцагын уналт”, Одоо та нарын таалалд очих “Робин Гуд”. Энэ бүх бүтээлд жирийн киноноос хэд дахин олон хүн оролцдог, хэд дахин олон хүний сэтгэл зүрх, хөлс хөдөлмөр шингэдэг.

-Та чинь дайны урлагийн мастер юм шив дээ?

-/инээв/ Тийм ээ, би заримдаа зураг авалтын үеэр жинхэнэ эртний үед очоод, хүлэг баатрууд хоорондоо цавчилдаж, амь өрсөн тулалдаж байгааг хажуунаас нь харж байгаа юм шиг, тэд юу юугүй ирээд намайг цавчиж орхих юм шиг, заримдаа тэднийг удирдаад дайсан этгээдтэйгээ хүнд ширүүн тулаан хийж байгаа юм шиг мэдрэмж төрдөг шүү.

-Гайхалтай, танаас нэг юм гуйя, дахин нэг түүхэн кино хийхдээ намайг дуудаач, би зураг авалтын үеэр тийм мэдрэмжтэйгээр зогсож үзвэл танд ямар нэг юм хэлэхсэн.

-Дуртайяа. Танд харин хуяг, дуулга илд бамбай хүрэлцэх болов уу даа. Тэгэхээр гладиаторуудын цавчилт, хүлэг баатруудын сумнаас өөрийгөө яаж хамгаална даа.

-Бүр ч сонирхолтой санагдаж байна. Баярлалаа. Таны бүтээлүүдэд тантай хамтран ажилласан жүжигчдээс хамгийн өндөр сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийг нэрлэнэ үү.

-Бурхны авралаар би маш сайхан баг бүрдүүлж, тэдэнтэйгээ хийсэн бүтээлээ хожим нь дэлгэцнээ харахад сайхан байдаг шүү. Миний уран бүтээлийн цаг хугацааны эхэн үед Сигурни Уивер, Харрисон Форд, Майкл Дуглас, Том Круз, Жина Дэвис… /хэн нэгнийг хайж буй бололтой түр бодолхийлэв/ Жерард Депардье, Жефф Бридж гэх мэт олон сайхан хүмүүс. Сүүл үед нь Жош Хартнетт, Орландо Блүм, Эван Макрегор, Рассел Кроу, Дензел Вашингтон, Леонардо нарыг дурдаж болно. Өө, Рассел, одоо таны ээлж болсон байлгүй дээ, би түр амсхийж урдах усаа ууж болно биз дээ, Стив?

/Рассел орж ирлээ/ Тэр инээмсэглээд хэн нэгнийг нь дурдаад байна уу. Миний нэр байна уу гэсэн юм.

-Яагаад үгүй гэж, танаас асуусан асуултаа би Расселд тавья. Эрхмээ, танд ямар хүмүүстэй ажиллахад түвэгтэй байдаг вэ. 

-/Тэр хоёр биенээ харж удтал зэрэг инээлдэв/
Рассел:– Би хариулахгүй байж болно биз дээ энэ асуултад, дараа жич хариултыг нь танд явуулъя /Тэрбээр Скотт руу зальжин харж инээмсэглэнэ/

Скотт: Түүний зөв л дөө, заримдаа миний яхир, зөрүүд зан тун ч хэцүү санагддаг байх.

-Та хоёр нэлээд хэдэн кинонд хамтран ажилласан. Хамгийн хэцүү бас хамгийн гайхалтай кино юу байсан бэ?

Кроу: Бид хоёр сүүлийн таван жил холбоотой юм шиг л явлаа. Анх 2000 онд “Гладиатор”-т хамтарч ажилласан. Бидний анхны хамтарсан ажил гайхалтай болсон шүү. Ер нь түүнтэй ажиллахад үргэлж л бүх талаараа гайхалтай байдаг.

Скотт:Тиймээ, тийм, яг үнэн

Кроу: Скоттын сүүлд гардан бүтээсэн дөрвөн ч кинонд нь би тоглолоо. Тэр намайг голохгүй, би ч түүнээс залхахгүй өдийг хүрлээ дээ. Холливуудын хөгшин, залуу хоёрын хослол тун дажгүй кино хийчихээд байдаг гэж боддог шүү. Одоо “Робин Гуд” бид хоёрын чадал чансаа, тэвчээрийг бас л ямар нэг хэмжээгээр сориодохсон шүү. Хүнд хэцүү болгоны ард давж гараад, удахгүй нээлтэнд нь явна гэхээс сайхан санагдаж байна аа. Удахгүй Скотт намайг ямар баатар, хэн гэдэг эрэлхэг тулаанчийн дүрд тоглуулах гэж бодож яваа бол доо. Ямартай ч нэг нууц задлахад 2012 он хүртэлх түүний төсөлд дандаа дайн байлдаантай түүхэн шинжийн кинонууд байна лээ.

Скотт: /тасралтгүй инээнэ/ Намайг эзгүй хойгуур миний ширээг жаахан сонирхсон бололтой.

Кроу:  Ямаршуу тулаанчийн дүрд очих бол доо, эсвэл би гологдчихоо болов уу гэж айсандаа л тэр. /инээлдэв/

Скотт: 2000 онд бид хоёр эртний Ромын үед зочилсон юм. Аугаа Колизейн нэг талыг хиймлээр барьж байгуулаад дараа нь компьютер график ашиглан бөөрөнхий болгож гүйцээгээд за энэ чиний тулааны талбар гээд Кроуд үзүүлэхэд тэр нүдэндээ ч итгэж чадахгүй байсан. Түүнийг тулалдаж байх үеийн зураг авалтыг хараад би залуу байсансан бол аль нэг гладиаторынх нь дүрийг бүтээх байсан даа гэж мөрөөдөж билээ.

-“Гладиатор”-ын хувьд өөлөхийн аргагүй сайн бүтээл болсон гэдэгтэй хүн бүхэн санал нийлдэг. Тэгвэл одоо дэлгэцнээ шилжиж байгаа “Робин Гуд” дээр та хоёр юу хийж орхив оо. Та хоёрын бас нэгэн шуугиан урьд өмнөх “Робин Гуд”-үүдээс ямар ялгаа, онцлогтой вэ?

Скотт: Бид хоёроос өмнө энэ үлгэр домог шиг эрийн талаар телевизийн драм, жүжиг, сэлтийг тооцохгүйгээр 50-иад удаа кино бүтээгдэж байсан юм билээ. Мэдээж хамгийн сүүлд хийгдэж байгаа гэдэг утгаараа, шинэ үеийн кино гэдэг талаараа ч тэр юм, юмаараа ялгарахуйц болсон. Яагаад ч юм өмнөх кинонууд илүү шог хошин аястай домог шиг л санагдахаар байдаг шүү дээ. Тэгвэл энэ удаа огт өөр “Робин Гуд”-ыг хүмүүс олж харах болно.

Кроу: Яг тийм, илүү дайчин /инээв/ бас илүү дотоод сэтгэлгээг нь гаргахыг оролдсон, өмнөх үеийн Робинуудыг би үгүйсгэхгүй ээ. Тэднийг яаж энэ мундаг эрийн дүрийг бүтээж байсныг судалж, тэднээс дутахгүйг хичээсэн. Их компьютер график гэхээсээ илүүтэйгээрээ дахин давтагдахгүй зураглал, дайн байлдаантай лут, лут кинонуудын өнгө аясыг гаргаж өгснөөрөө онцлог болов уу. Бас тэртээ тэргүй хүмүүс Робины түүхийг хангалттай мэддэг болчихсон, тэр яг ийм л хүн шүү дээ гэсэн тодорхой ойлголт хадгалагдчихсан байдаг. Тэгвэл манай багийнхан үүнийг өөрчлөхийг оролдсон, тэр хүн юуны төлөө ингэж амь хайргүй тэмцэж байсан, ямар зовлонг давж туулсан. Бас хүмүүсийн мэдэхгүй иймэрхүү зан төрх байсан болов уу гэх мэтчилэн.

-Гайхалтай, шинэ Робиныг харах мөчийг тэсэн ядан хүлээж байна. Гладиатор дээр харсан Кроугийн төрх, энд ч бас ажиглагдсан? Бусад Робиныг бодвол нэлээн, эрэлхэг догшин эр болов уу гэмээр? Бас бусдыгаа бодвол арай насаар ахимаг?

/тэд инээлдэв/
Рассел: Би хичээсэн шүү дээ. Гэхдээ яадгаа алдсан хөгшин эр Робин болчихоод үсэрч харайгаад байна гэвэл хэцүү л дээ. Гэхдээ өөрийгөө арай ч тэгж төсөөлсөнгүй. Би толинд сүүлд хэзээ харлаа даа. Дундад зууны үед толь байдаггүй шүү дээ. Ер нь тэгээд үзэгчид дүгнэх байлгүй дээ.

Скотт: Та хамтрагчийг маань болон намайг гомдоохоор шийджээ дээ, магадгүй хамгийн эрч хүчтэй Робиныг та нар харах ч юм билүү. Догшин ширүүний хувьд бас ч тийм биш ээ. Илүү дотоод сэтгэлийг нь нээж харуулахыг бид оролдсон гэх үү дээ. Кроу бидний санаснаас ч илүү ажилласан шүү.

-Та хоёрт баярлалаа, ээлжит гайхалтай бүтээлийг чинь үзэхийг би тэсч ядан хүлээж байна. Бүх хүмүүс ч тэгж байгаа байх.

Н.НАРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж