
Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зүүн тийш 100 км-т, Цогтцэций сумын төвөөс баруун урагш 18 км-т, Их Шанхай уулын ойролцоох Цэций уулын баруун хойд тал, Улаан нуурын хөндийд таван жижиг толгойн хэлбэрээр байрласнаас Тавантолгой хэмээх нэртэй болжээ. Нийтдээ 80 мянган га газрыг хамрах уг орд дээр долоон А буюу ашиглалтын лиценз буй.
Тавантолгойн ордын нөөц 6.4 тэрбум тонн. Үүний 1.8 тэрбум тонн нь коксжих нүүрс бөгөөд нөөцөөрө дэлхийд эхний 10-т багтана. Харин үлдсэн 4.6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс ажээ. Ордын дөрөвдүгээр давхаргын коксжих нүүрсний баяжмалын гарц нь 67 хувьтай байгаа нь Канад, Австралийн нүүрснээс коксжих чанараараа давуу. Коксжих нүүрсний илчлэг нь 7500-8100 ккал/кг бол эрчим хүчний нүүрсний илчлэг 4900 ккал/кг. УИХ-аас тус ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулж, Засгийн газар 100 хувь төрийн эзэмшилд байхаар тогтсон. Эдүгээ эдгээрийн хоёр ордод “Тавантолгой” ХК, “Энержи рессурс” компани олборлолт хийж байгаа. Харин үндсэн таван ордыг ашиглаж эхлэх талаар асуудал яригдаж байгаа юм.
“Жижиг” Тавантолгой
Тавантолгойн долоон ордын нэгд нь “Тавантолгой” ХК олборлолт явуулж байна. Үүнийг хүмүүс жижиг Тавантолгой гэж нэрлэдэг. Эднийх 169 га талбайг хамарсан 287А тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Уг орд 1966 оноос эхлэн ил уурхайн аргаар ашиглаж ойролцоох гурван аймгийн нүүрсний хэрэгцээг хангаж иржээ. 2004 оноос жилдээ 100 орчим мянган тонн коксжих нүүрсийг Гашуунсухайтын боомтоор БНХАУ-д экспортлох болсон байна. 2007 онд анх удаа нэг сая тонн нүүрс экспортод гаргажээ. Тус уурхайгаас 2003 онд 39 мянган тонн, 2004 онд 64 мянган тонн, 2005 онд 405 мянган тонн, 2006 онд 787.1 мянган тонн нүүрс олборлосон мэдээ байдаг юм байна. Уг компанийн 49 хувийг “Ажнай” корпораци, 51 хувийг орон нутгийн захиргаа эзэмшдэг. “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ том Таван толгойн олборлолтод оролцох зорилготой “Монгол 999” үндэсний нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогдоод байна. Эднийх Өмнөговь аймгийн төсөв бүрдүүлдэг хамгийн том компани. 1995 онд Засгийн Газрын өмч хувьчлалын комиссын тооллогоор Тавантолгойн орд газрыг хувьцаат компани болгосон. “Тавантолгойн” ХК-ийн цэвэр ашиг нь 2007 онд 12 тэрбум төгрөг байсан бол 2009 онд 16 тэрбум төгрөг болж өссөн бөгөөд цаашид 30-40 тэрбум төгрөгийн ашигтай байх болов уу гэсэн дүгнэлт байдаг юм байна.
Ухаа худаг буюу “Энержи ресурс”
Уг ордын зургаан линцензийг 2000 оноос Монголын томоохон компаниудын нэгдэл “Энэержи ресурс” эзэмжиж байгаад 2008 онд таван лизенцээ төрд шилжүүлсэн. Одоо “Энержи рессурс” Ухаа худаг нэртэй 11952А тусгай зөвшөөрөл бүхий 2959 га талбайг эзэмшин олборлолтоо хийж байгаа. Ил аргаар нүүрс олборлодог ба 2009 оны дөрөвдүгээр сараас албан ёсоор олборлолтоо эхэлсэн. Тухайн онд 18 орчим тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн бол орон нутгийн төсөвт 1.8 тэрбум төгрөг оруулжээ. Ухаа худаг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс өмнө зүгт найм, Улаанбаатар хотоос өмнө зүгт 540, Даланзадгад хотоос зүүн тийш 90, Монгол-Хятадын хилээс 245 гаруй км зайтай, Төмөр замын Сайншанд өртөөнөөс 440 км, Оюу Толгой зэс-алтны ордоос 150 км-т байдаг. Тавантолгойн бүлэг орд газрын талбайн ердөө дөрөвхөн хувь Ухаа худаг. Ашигт малтмалыг олборлох боломжтой эсэхээр нь нөөцийг нь хоёр ангилдаг. Ухаа худагийн олборлох боломжтой нөөц нь 200 сая орчим тонн ажээ. Өнгөрсөн онд 13.2 сая тонн нүүрс олборлосны 7.1 саяыг нь экспортод гаргажээ. Компанийхны тооцоолсноор уг ордыг 30 жил ашиглана. “Энержи Ресурс Майнинг” ХХК Ухаа худагийн уурхай байгуулах ажлыг Австралийн “Лейтон Эйжа” компанитай, нүүрс баяжуулах үйлдвэр барих, инженерийн зураг төсөл боловсруулах зэрэг ажлыг “Сежмен” компанитай хамтран ажиллаж байна. Компани нүүрсний баяжуулах үйлдвэрийг жилд таван сая тонн нүүрс угаах хүчин чадалтайгаар энэ онд барьж ашиглалтад оруулахаар яг одоо бэлтгэл ажлаа хийж байна. Өнгөрсөн жил шаваа тавьсан үйлдвэрийг энэ оны эцэс гэхэд ашиглалтад оруулахаар шахуу ажиллаж байгаа гэнэ.
Нүүрс баяжуулалтын үндсэн технологи нь олон улсад өргөн хэрэглэгддэг хүнд орчинд хүндийн хүчний аргаар ангилан баяжуулах, хөвүүлэн баяжуулах машинд урвалж ашиглан ялгаж баяжуулах аргачлалыг хэрэглэх гэнэ. Олборлосон нүүрсээ Таван-толгой-Гашуун сухайт чиглэлийн замаар охин компаниараа тээвэрлүүлэх юм. Цаашид уг замыг хатуу хучилттай болгох төлөвлөгөөтэй одоогоор бэлтгэл ажлаа хангаж байна. “Энержи ресурс” компани Ухаа худаг-Гашуун сухайтын хилийн боомтыг холбосон 260 орчим километр, нарийн царигтай замтай ачаа тээврийн төмөр зам байгуулах ажлаа эхлүүлсэн. Гэвч Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсан. Тиймээс компани төрийн нэгдсэн бодлогыг хүндэтгэж үзээд төмөр зам барих ажлаа тодорхой хугацаагаар хойшлуулаад байгаа гэнэ. Түүнчлэн одоогоор эрчим хүч үйлдвэрлэх болон ус хангамжийн асуудлыг шийдэх байгууламж бий болгож байна. Уурхайн өргөтгөл, нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, уурхайчдын кемпийн усны хэрэглээг 18 км-ийн зайд орших Наймантын хөндий гэдэг газарт өрөмдлөгөөр худаг гарган, шугамаар дамжуулан хангах аж.
Бусад ордууд буюу “Эрдэнэс МГЛ”
Тавантолгой нэртэй 11943А тусгай зөвшөөрөл бүхий 2037 га, Тавантолгой нэртэй 11956А тусгай зөвшөөрөл бүхий 5603 га, Шар тээг нэртэй 11955А тусгай зөвшөөрөл бүхий 24532 га, Бор толгой нэртэй 11953А тусгай зөвшөөрөл бүхий 12871 га, Бор тээг-1 нэртэй 11954А тусгай зөвшөөрөл бүхий 23479 га талбай газрын ашиглалтын зөвшөөрөл төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХК-ийн мэдэлд байдаг. Ордын дийлэнх хэсгийг эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХК-ийн төлөвлөж буйгаар Тавантолгойн орд газарт, 15-30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай, 14 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр, 220 квт-ын Цахилгаан дулаан ашиглалтын шугам, Тавантолгой-Оюутолгой-ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн нутаг дахь Хайлуту чиглэлийн дагуу улсын хил хүртлэх 220 квтын ЦДАШ-ын хамт барих ажээ. Үүний зэрэгцээ Тавантолгой-Оюутолгой-Гашуунсухайтын чиглэлийн 270 км урт төмөр замын сүлжээг хөдлөх бүрэлдэхүүний хамт, хоногт 32 мянган шоо метр ус шахах хүчин чадалтай насос станц, 70 км ус дамжуулах хоолой бүхий ус хангамжийн байгууламж, 10 мянган хүн оршин суух хотхон, холбогдох нийгэм ахуйн байгууламжийн хамт барихаар төлөвлөсөн байна.
Б.СҮРЭН