
…Ашгүй Шонар ирлээ. Тэр мөнгө олжээ. Дарс, талх, загас, тамхи, бас түлээний мод… Одоо залуус хөгжилдөж эхлэв. Ингээд Шонар нөхдөө Латин хороололд очин наргиж цэнгэхийг уриалан хамтдаа гарч одно. Рудольф л харин сонинд өгөх нийтлэлээ хурдхан дуусгахаар гэртээ ганцаар үлдэв.
…Хаалга тогшлоо. Тэдний хөрш Мими бүсгүй гал сураглан орж ирэв. Мимигийн дүрд Б.Эрдэнэтуяа тоглов. Даруу төлөв зантай Мими бүсгүй тун бие муутай нэгэн. Гал асуухаар орж ирмэгцээ ухаан алдан унаж Рудольфийг сандаргана. Яруу найрагч залууд Мими маш ихээр таалагдав. Тэд танилцан дотно яриа өрнүүлж улмаар бие биендээ ихэд татагдана.
Рудольфо “Che gelida manina” буюу “Ямар хүйтэн, бяцхан гар вэ?”, Мими “Sì, mi chiamano Mimì” – "Тийм ээ, тэд намайг Мими гэж дууддаг" гэх хоёр ариндаа өөр, өөрсдийн туулж өнгөрүүлсэн амьдралын талаар ярьцгаана. Энэ үед Рудольфийг гаднаас нөхөд нь хүлээж ядан дуудаж эхлэв. Мими, Рудольф хоёр хамтдаа “O soave fanciulla” буюу "Өө, хонгорхон бүсгүй минь" ариг дуулсаар гарч одно.
Сонирхуулахад, Рудольфогийн “Che gelida manina” буюу “Ямар хүйтэн, бяцхан гар вэ?” ари дэлхийн дуурийн хамгийн шилдэг таван арины хоёрдугаарт бичигддэг юм.
Ийнхүү нэгдүгээр үзэгдэл хоёр шинэхэн хосын хайрын халуухан үгсээр өндөрлөнө. Тайз эргэлдэн хоёрдугаар үзэгдэл эхлэв. Энэ удаа зэвхий даасан харанхуй, хүйтэн биш харин эрч хүч, цэнгэл баяр, гэрэл гэгээтэй огт өөр орчин.
Рудольфо дурлалт бүсгүй Мимидээ нэгэн өхөөрдөм, чамин малгай худалдан авч бэлэглэнэ. Эргэн тойронд бяцхан хүүхдүүд гүйлдэн, тоглоомны наймаачныг шавцгаана. Хартай Рудольфо амраг бүсгүйгээ хуучны танилтайгаа мэндлээд өнгөрөхөд нь харамлан хардана. Ингээд найзууд хамтдаа Momus нэртэй кафед орцгоолоо. Рудольфо гурван найздаа дурлалт бүсгүйгээ танилцуулав. Энэ үед Марчеллогийн найз бүсгүй байсан амраг Музетта нь нэгэн хөгшин баян эртэй кафед орж ирлээ. Найз нөхөд нь баярлан цэнгэж байхад Марчелло л ганцаараа сэтгэл санаагаар хямран сууж байв. Музетта бүсгүй Альчендоро гэх өөрийн хөгшин ноёнтой бараг л нохойтой харьцаж байгаа мэт харьцдаг. Олон хүмүүсийн дунд хөгшин, царай муутай эртэй хамтдаа орж ирсэндээ сэтгэл нь хямарч, ичиж эвгүйцсэн Музетта бүсгүй үүнийгээ “Quando me n’vò” буюу "When I go along" аригаараа илэрхийлнэ. Музетта бүх л үйл хөдлөл, үг яриагаараа Марчеллогийн анхаарлыг татахыг оролддог. Хурц, ялдам зантай Музетта бүсгүйн дүрд Н.Туяа тоглосон.
Марчеллотой хамтдаа байхыг хүссэн Музетта бийлэгжүү хөгшин эрээс бага ч атугай холдохын түүс болж, өмссөн гутал хөлийг минь холгож байна хэмээн худлаа баашлан Альчендорыг гутал засварчин руу явуулж орхидог. Ингээд Марчелло, Музетта хоёр энэ хооронд хайрын сэтгэлээ хуваалцан, бие биедээ одоо хүртэл сэтгэлтэй байгаагаа илэрхийлж эргэн нийлнэ. Залуус өвгөнийг ирэхээс өмнө цөм гарч одлоо.
Гуравдугаар үзэгдэл бас л огт өөр орчинд эхлэв. Замын татвар төлөөс авдаг жижиг мухлаг, түүний хажууд дээш өргөгддөг улаан, цагаан судалтай хаалт төмөр харагдана. Үүр цайж байна. Мими бүсгүй Марчеллотой уулзахаар ирлээ. Бүсгүйн уушигны өвчин сэдэрсэн бололтой. Тэр үе, үе хүндээр бөгшүүлэн ханиалгаж байлаа. Мими бүсгүй Марчеллотой уулзан “O buon Marcello, aiuto” буюу "Сайхан сэтгэлт Марчелло минь, надад туслаач дээ” хэмээн дуулна. Энэ ариндаа тэрээр Рудольф өөрийг нь утга учиргүй хардан зовоож, хамт байхаас өөр аргагүй болгосон тухай ярьж өвчин зовлондоо энэлэн шаналж байгаа тухайгаа ярина. Марчелло түүнд Рудольфийг байшин дотор унтаж байгаа бөгөөд удахгүй гарч ирэх тул чи нуугдаж бай гэж хэлдэг. Ингээд Мими тэдний яриаг нууцаар чагнана.
Рудольф найз Марчеллодоо яагаад Мимиг орхих болсон үнэн шалтгаанаа хэллээ. Тэр өөрийн ядуу зүдүү байдалдаа сэтгэл гутарч, Мимигээ өөр хэн нэгэн баян чинээлэг хүнтэй учирвал өвчнөө эмчлүүлж, илүү сайн сайхан амьдарч чадна гэж бодсон болохоор түүнээс салсан гэж тайлбарлана. Энэ бүхнийг сонссон Мими сэтгэл нь уярч, амраг хоёр дахин эргэн нийлнэ. Гэхдээ тэд ирэх хавар хүртэл л хамтдаа байхаар шийднэ. Тэдэнд салахад хугацаа хэрэгтэй билээ.
Хавар болжээ. Өнөөх л харанхуй умгар дээврийн хонгилдоо зураач Марчелло зургаа зурж, харин Рудольф бодолд автан гиюүрэн сууна. Тэд Мими, Музетта нараас салцгаажээ. Хоёр залуу хархүү дурлалт бүсгүйчүүдээ санагалзах боловч үүнийгээ гаднаа мэдэгдэхгүйг хичээцгээнэ. Өдрийн хоол олж ирэхээр явсан Шонар, Коллен нар талх, загаснаас өөр зүйлгүй ирлээ. Тэд үмх талх, загасаа идэж, баян тансаг хурим найр хийж байгаа мэт дүрслэн ярьж, өөрсдийгөө баясгацгааж байтал сандарч балмагдсан Музетта гүйн орж ирэв. Тэр Мимигийн бие маш муу байгаа бөгөөд яг одоо гадаа ирээд байгааг дуулгалаа. Мими орж ирнэ. Түүний амьдралын өдөр хоногууд дуусч байлаа. Мөнгөгүй нөхөд нь түүнд яаж туслахаа ч мэдэхгүй цөхрөнгөө барав. Аргаа барсан Коллен биенээсээ огт салгадаггүй цуваа, харин Музетта бүсгүй ээмгээ зарахаар гарцгаалаа.
Рудольф, Мимигээ тэврэн хайрынхаа дурсамжуудыг ярьцгаана. Мими намуухан ярьсаар байгаад нойрсов. Рудольф түүнийг зүгээр л унтаж байна гэж ойлгосон боловч Мими түүнээс үүрд явсан байлаа. Рудольф “Мими” гэж эмгэнэлтэйгээр хашгиран жүжиг төгслөө.
1896 онд Италийн Турин хотын Teatrio Regio-д анх тоглогдсон энэхүү дуурь өдгөө дэлхийн театруудын тайзнаа хамгийн их тоглогддог дууриудын жагсаалтад үргэлж эхний тавд багтдаг байна. Америкт гэхэд л “La Boheme” хамгийн их тоглогддог дуурийн жагсаалтын хоёрдугаарт бичигддэг байна. Харин нэгдүгээрт мөн л Ж.Пуччинийн суут бүтээл болох “Хатагтай Эрвээхэй” дуурь ордог ажээ.
Ж.Индра