100 хувь гэдгийг нөхрөөсөө мэдэрсэн

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

100 хувь гэдгийг нөхрөөсөө мэдэрсэн

"Бөртэ" хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Юуны өмнө танай хамтлагийн талаарх мэдээллээр яриагаа эхлэх нь зүйтэй байх.

-За
тэгье. Анх бид 1996 оноос эхлэн ардын язгуур урлагаар уран бүтээлээ
хийж эхэлсэн. Тэгээд 2000 оноос шинэ стиль, жанр гаргаж ирэх ёстой юм
байна гэж ярилцаад жазз урсгалыг тоглох болсон. Жазз урсгал бол Европд
маш өндөр хөгжсөн урлаг. Энэ өндөр хөгжилтэй урлагийг үндэснийхээ ятга,
морин хуур, мөн бишгүүр, хөөмий, хархираа оруулаад тоглоход  үнэхээр
сонирхолтой байсан. 

 Бөртэ
хамтлагийн хувьд бол яг 10 жилийн түүхтэй. 2000 оны нэгдүгээр сарын
17-нд хамтлагийн хоёр гишүүн маань Германд очиж байсан. Тэгээд бэлтгэл
хийгээд 10 хоноод л амьд тоглолтоо тавиад яг тэр тоглолтон дээрээсээ бид
CD бичлэгээ хийлгэсэн. Тэр бичлэгийг хүмүүс сонсоод итгэдэггүй. “Та нар
амьдаар тоглосон юм уу? Алга ташилт нэмж оруулсан юм уу” гэж гайхдаг.
Үнэхээр тэр бол тоглолтноос бичсэн гэхэд маш чанартай CD болж чадсан.
Үүний дараа зарим гишүүд маань Америк явах хэрэгтэй болж хамтлагийн уран
бүтээл завсардах үе байсан. Яг одооны энэ бүрэлдэхүүнээрээ 2008 оноос
эхлэн уран бүтээлээ хийж байна.

-Тоглолт хэр болж өндөрлөв?

-Манай тоглолт их сайхан болсон. Ер нь манай тоглолтонд дандаа л биднийг
дэмждэг бас хөгжмийн урлагийг үзэж сонсож, мэдрэхийг хүссэн хүмүүс
ирсэн гэж би бодож байгаа.  

-Танай хамтлаг их олон орноор тоглож байсан. Гадаадын үзэгчид Монголын үзэгчдийг харьцуулахад хэр ялгаатай хүлээж авч байна?

-Ер
нь бол нээх их ялгаагүй ээ. Бид анх 2002 онд эх орондоо ирж тоглолтоо
хийж байсан. Тэр үед ч гэсэн бид нарыг сонсохыг, мэдрэхийг хүссэн
үзэгчид ирсэн. Бас л хүссэн тоглолтоо үзээд л гарсан гэж боддог.
Гадаадынхны хувьд гэвэл маш соёлтой байдаг. Зүгээр нэг шоу тоглолт үзэж
байгаа юм шиг ирдэггүй. Хөгжмийг жинхэнэ зүрх сэтгэлээсээ сонсож
ойлгодог хүмүүс байдаг л даа. Яг тийм хэмжээний үзэгчид бидний энэ
тоглолтон дээр ирсэн болохоор их баяртай байгаа.

-Тоглолтоо дахиж тавих бодол байгаа юу?

-Тоглолтын
дараа үзэгчдээс маш их санал ирсэн. Бид тоглолтоо хийнэ гэж бодож
байгаа. Гэхдээ яг одоогоор бол хэзээ хийхээ товлоогүй байна, учир нь
хоёрдугаар сарын нэгэнд  Америк явах гэж байгаа. Ирж байгаад л тоглолтын
талаар ярих байхдаа.

– Анх хамтлаг байгуулахад хэцүү зүйлүүд их тулгарч байв уу?

Мэдээж
бүх юмны эхлэл амаргүй байдаг. Бидний хамтлаг байгуулж байх тэр үе бүр ч
хэцүү үе байсан. Ганаа бид хоёр энэ хамтлагаа байгуулах гэж оюуны
хийгээд санхүүгийн их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.  Бид 10 жилийн
бүх хөдөлмөр, хөлсөө энэ хамтлагтаа зориулсан гэхэд болно. Мөн хэн нэгэн
хүнээс ч юм уу, ямар нэгэн компаниас хандив авсангүй, бас ардын урлагаа
олон улсад сурталчилж байна гэж эх орноосоо нэг ч мөнгөний дэмжлэг
аваагүй. Өөрсдийнхөө нөөц бололцоог л шавхан зүтгэсэн дээ.

-Монголын язгуур урлагийн Алтан ураг, Хөсөгтөн  зэрэг хамтлагуудаас танай хамтлаг юугаараа ялгаатай вэ?

-Хүмүүс үүнийг их сонирхож асуудаг.  Миний бодлоор өөрсдөө үзээд ялгааг нь мэдэрвэл их зүгээр санагддаг.  

-Монголынхоо хамтлаг дуучидтай хамтран уран бүтээл хийх үү?

-Хийх
бодол байгаа. Сая бид  Эмоушн хамтлагийн тоглолтонд оролцсон. Тус
хамтлагийн продюссер Б.Чинбаа маань бид нарт зориулж нэг зохиол хийж
өгсөн. Бид тэр зохиолоо “Омогшил” гэж нэрлэсэн.  Энэ зохиолоор клип
хийлгэх ч санаа байгаа. Өөр ч  ярьж тохирсон юмнууд бий.

Үүнээс
гана би анх Германд байхдаа Монголоос ирсэн нэгэн бичлэгнээс Наран
эгчийн хоолойг сонсоод үнэхээр гайхсан. Дууг нь сонсоод л, сэтгэл
дотроосоо огшоод “Ямар гайхамшигтай, ямар чадалтай хоолойтой юм бэ” гэж
өөрийн эрхгүй бодогдож байсан. Тийм болохоор Наран  эгчтэй хамтарч
ажиллах хүсэл байдаг. Монголд ирээд 25-р суваг телевизийн “Их хотын
үдэш” нэвтрүүлэгт Наран эгчтэй хамт оролцож байхад бидний тоглолтыг маш
сайхан хүлээж авсан. Одоогийн байдлаар яг таг тийм гээгүй ч гэсэн
цаашдаа хамтарч ажиллах бодол байгаа. Үргэлжлэлийн энд дарж уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж