Дэндүү замбараагүй гэж болох өнгөрсөн шөнийн тоглолтын хоёрдугаар хагаст хоёр ч торгуулийн цохилт байгаа оноогүй бөгөөд өрсөлдөгч багуудын хэн хэнд нь гоолын боломж нэг бус удаа тохиосон ч бөмбөг хаалганд орох дургүй байв. Гэхдээ “Алтан шаахай”-ны эзэн Дидье Дрогбагийн холын зайнаас гүйцэтгэсэн супер чөлөөт цохилт тооны харьцааг нээж, “Цэнхрүүд”-д ялалт авчирсан юм.
Хувь заяаны тохиолоор FA Cup-ын өнгөрсөн хоёр жилийн аварга /Портсмут 2008, Челси 2009/ энэ улиралд аваргын төлөө цом булаалдсан.
Тоглолтын дараа “Челси”-гийн ахлагч Жон Терри хос цомын эзэн болсон багтаа хүндэтгэл үзүүлж, “Үнэхээр итгэмээргүй, гайхалтай мэдрэмж. Ийм бүрэлдэхүүнтэйгээр хос цомын эзэн болсондоо үнэхээр баяртай байна. Эхлээд олон цохилт алдаж, боломжоо ашиглаж чадахгүй байх үед бидний аз харьж дээ л гэж бодож байлаа. Гэтэл Дрогбагийн тэр гайхамшигт цохилтын дараа бид ялагч болно гэдэгтээ итгэсэн. Талбай үнэхээр аймшигтай байлаа. Энэ улиралд бид анх удаагаа тийм муухай талбайд тоглолоо. Гэхдээ бид бөмбөгөө өшиглөж, ялалтын төлөө тэмцсэн” гэжээ.
Харин “Цэнхрүүд”-ийн дасгалжуулагч Карло Анчелотти клубын түүхэнд шинэ хуудас нэмж, клубын удирдлагыг гартаа авсан анхны жилдээ “дубль” хийж, агуу амжилтын эзэн боллоо.
С.Цэлмэг