Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд найман тамирчин өрсөлдсөнөөс С.Батцэцэг эхний тойрогт Тайванийн Чянт Юуань-чиг 7:0 оноогоор ялж, дараагийн барилдаандаа Японы бөх Юүрика Итог 3:0 харьцаатай ялснаар аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Лью Фенминтэй өрсөлдөж, 11:7 харьцаатай ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Харин Б.Оюунсүрэнгийн тухайд 67 кг-д өрсөлдөж, эхний тойрогтоо хийлсэн бөгөөд дараагийн барилдаандаа Казахстаны Ольга Жанибековаг 8:0-ээр ялснаар аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болжээ. Медалийн өнгө хувиргах барилдаанд манай тамирчин Японы бөх Чиаки Ижимад ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн бол 72 кг-д Г.Наранчимэг БНХАУ, Киргизстаны бөхийн дараалан ялж, аваргын төлөө Казахстаны Гузель Манюуровад 4:0 харьцаатай ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон байна. Харин 55 кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн С.Бямбацэрэн эхний тойрогт зохион байгуулагч Энэтхэгийн Гита Гитаг ялсан боловч удаахь тойрогт БНХАУ-ын тамирчинд ялагдсан. Гэхдээ манай бөхийг ялсан тамирчин цаашид амжилттай барилдаж, аваргын төлөө барилдах эрхтэй болсон учир С.Бямбацэрэн дагах барилдаанд зодоглож, Казахстаны Айим Абдилдинаг 11:7 харьцаатай ялснаар хүрэл медаль хүртсэн байна. Сануулахад, тэмцээний эхний хоёр өдрийн барилдаанд манай эрэгтэйчүүдээс Ж.Чулуунбат мөнгө, П.Өнөрбат хүрэл медаль хүртсэн билээ.
С.Цэлмэг