Европын холбооны стандартыг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Европын холбооны стандартыг нэвтрүүлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг манай улсад нэвтрүүлэх ажлын хэсэг ба Европын холбооны төлөөлөгчдийн хамтарсан семинар энэ сарын 26-27-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд болов. Уг семинарт Европын холбооны шинжээч, Стокгольмын их сургуулийн профессор К.Сандгрен Монголд 14 хоног ажиллаж, Европын холбооны стандартыг ямар салбарт хэрхэн нэвтрүүлэх талаар хийсэн судалгааныхаа дүнг танилцуулав.

    Танилцуулгатай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, Тэргүүн шадар сайдын зөвлөх Н.Хүрэлсүх, "Барилга, архитектур корпорац"-ийн захирал Д.Хайсамбуу, Стандартчлал, хэмжил зүйн газрын хэлтсийн дарга Г.Зоригоо, профессор Т.Сосорбарам нарын олон хүн үг хэлж, санал бодлоо илэрхийлэв. Уг семинар Европын холбооны стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх салбар, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой болов. Европын холбооны  стандартыг манай улсад нэвтрүүлэх ажлыг Европын холбооноос дэмжиж, 2011-2012 онд 8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор болсон билээ. Тус семинарыг Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Батхишиг удирдаж, Бээжинд суугаа Европын холбооны Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн ноён М.Пулх, тус газрын Монголыг хариуцсан хэлтсийн дарга М.Ройзинг, ажилтан В.Колларино нар оролцож, санал бодлоо илэрхийлэв.

    Түүнчлэн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар М.Пулх тэргүүтэй Европын холбооны төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзаж, Монгол Улс, Европын холбооны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар ярилцав хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
        

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж