С.Батболд: Улаанбаатар минь өнгөө засах болтугай

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

С.Батболд: Улаанбаатар минь өнгөө засах болтугай

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2010 оны бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ажиллагаанд оролцож, гацуур мод тарилаа. Мод тарих үндэсний өдрөөр нээлтээ хийж буй энэ арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн БНСУ-ын Үндэсний хорооны ажилтнууд, нийслэлийн иргэд, хүүхэд залуус, хэвлэл мэдээллийнхэн оролцож 300 гаруй мод, бут суулгалаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр “Нийслэл хотын иргэд ая тухтай, цэвэр орчинд амьдрахын тулд сайхан ногоон байгууламжууд байгуулах учиртай. Ийм орчин бүрдүүлэхэд хүн бүрийн хүчин чармайлт, хичээл зүтгэл чухал.  Нийслэл хотод олон арван барилга сүндэрлэн босож байгаа, үүний зэрэгцээ олон сайхан цэцэрлэгт хүрээлэнг бид байгуулах учиртай.
Хотын удирдлагууд өнгөрсөн жилээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй болох санал санаачилга гаргаж, ийн ажиллаж байгаа нь сайшаалтай байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд хүн болгон оролцож, мод  тарихыг уриалж байна. Улаанбаатар хот минь өнгөө засч, олон сайхан ногоон хүрээлэнтэй болох болтугай” гэсэн юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10, 12 дугаар хорооны нутаг, Туул гол дагуу нийт 670 га талбайд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар өнгөрсөн жилээс ажиллаж эхэлсэн. 55 га талбайд нь 3000 гаруй мод, бут, сөөг тарьж, усалгааны систем,  хамгаалалтын хашаа болон төв хаалганы дэргэдэх 400 автомашины зогсоол барьж эхлэн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.
Тус талбайд авто зогсоол, явган талбай, түргэн үйлчилгээний цэг, задгай театр, хиймэл усан тохой, усан оргилуур, дугуйн зам, саравч барьж амралт зугаалгын цогцолбор төв байгуулах бөгөөд ерөнхий төлөвлөгөөний дагуу 2013 оноос ашиглалтад өгч эхлэх ажээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дараа нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг байгуулах ажилд оролцлоо. Тус цэцэрлэгт Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон мод тарьсан юм. Хорооны иргэд Ерөнхий сайд болон албатуудынх нь тарьсан модыг арчлан тордож ургуулахаа амласан билээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж