
Хотын удирдлагууд өнгөрсөн жилээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй болох санал санаачилга гаргаж, ийн ажиллаж байгаа нь сайшаалтай байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд хүн болгон оролцож, мод тарихыг уриалж байна. Улаанбаатар хот минь өнгөө засч, олон сайхан ногоон хүрээлэнтэй болох болтугай” гэсэн юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10, 12 дугаар хорооны нутаг, Туул гол дагуу нийт 670 га талбайд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар өнгөрсөн жилээс ажиллаж эхэлсэн. 55 га талбайд нь 3000 гаруй мод, бут, сөөг тарьж, усалгааны систем, хамгаалалтын хашаа болон төв хаалганы дэргэдэх 400 автомашины зогсоол барьж эхлэн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.
Тус талбайд авто зогсоол, явган талбай, түргэн үйлчилгээний цэг, задгай театр, хиймэл усан тохой, усан оргилуур, дугуйн зам, саравч барьж амралт зугаалгын цогцолбор төв байгуулах бөгөөд ерөнхий төлөвлөгөөний дагуу 2013 оноос ашиглалтад өгч эхлэх ажээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дараа нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг байгуулах ажилд оролцлоо. Тус цэцэрлэгт Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон мод тарьсан юм. Хорооны иргэд Ерөнхий сайд болон албатуудынх нь тарьсан модыг арчлан тордож ургуулахаа амласан билээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.