Сүүлийн хэдэн долоо хоногийн турш явуулсан тусгай ажиллагааны явцад баривчлагдсан Индонезийн алан хядагчид АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн амь насанд халдахаар бэлтгэж байсан хэрэгт сэжиглэгдэж байна. Энэ талаар хэргийн материалтай танилцсан тусгай албаны шинжээч Вови Прасантайо (Mardigu Wowi Prasantyo) Reuters агентлагийн сурвалжлагч нарт ярьжээ.
Мэргэжилтний хэлснээр бол лалын дайчдын төлөвлөгөөнд Индонезийн лидерүүд, ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдхойоно нарт халдах тухай байсан гэнэ. Мөн тэд эрчим хүчний байгууламжууд ба далангуудад хорлон сүйтгэх ажиллагаа хийх гэж байсан аж.
Соло, Джакарта, Медан хотууд ба Ачех мужид явуулсан нэгжлэгийн улмаас олдсон материалуудад энэ талаар өгүүлсэн байлаа. Барак Обама өнгөрсөн гуравдугаар сард Индонезид очих гэж байсан айлчлалаа зургадугаар сарын дунд хүртэл хойшлуулжээ.
Өнгөрсөн жилийн наймдугаар сард Барак Обамаг хорлохоор бэлтгэж байсан хуйвалдааныг Индонезийн тусгай хүчнийхэн илрүүлсэн байлаа. Обамаг айлчлах үер "Жемаа Исламия" гэх бүлгийн алан хядагчид түүнийг мэргэн буучдын буугаар буудахаар төлөвлөсөн байсан билээ. Мөн тэр үеэр Индонезийн ерөнхийлөгчид халдах гэсэн хуйвалдааныг илрүүлсэн байв.