Ц.Элбэгдорж: Миний тарьсан мод 1200 жил ургах болтугай

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Миний тарьсан мод 1200 жил ургах болтугай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Мод тарьснаар ажлын байр бий болно гэв үү?

-Тийм ээ. Өвөрхангай, Говь явах замд газар аваад аймгуудтай нь яриад хашаа бий болгоод мод тарих хэрэгтэй. Модныхоо хажуугаар хүнсний хэрэгцээтэй ногоо тариад хэдэн малтай байж болно шүү дээ. Нэг модыг сард 1000 төгрөгөөр хар. 500 мод харж, тордвол сард 500 мянган төгрөгийн цалин өгье. Их мөнгө авмаар байгаа бол олон мод хар л даа. Тэдгээр мод нь сайн ургаж байвал ургасан мод бүхний тоогоор цалин олгож болно. Манай хүмүүст ийм боломж асар их байна. Газар бүхэн, сум бүхэн тодорхой санаачлага гаргаж, эдийн засгийн урамшуулалтай болгож, хүний амьдралтай холбож өгөхгүй бол энэ мод чинь ургахгүй ээ. Нэг үгээр хэлбэл ажилгүйдлийг багасгах хамгийн их боломж  энэ юм.

-Мал ногоо хоёрыг зэрэг  харна гэдэг хонь чоно хоёрыг маллахтай адил байх аа?

-Модоо хашаа барьж малаасаа хамгаалах л хэрэгтэй л дээ. Ийм том газар нутагтай, цөөхөн хүн амтай манай улсын хувьд мод тариад газар дээр ажиллаад орлого олоод амьдарч болж байна. Би өчигдөр хүмүүсийг шагнасан. Сэлэнгэд амьдардаг нэг эмэгтэйгээр би бахархаж байна. Тэр хүн тэрбум  тарьцыг аж ахуйн нэгж, ард иргэдэд нийлүүлсэн. Энэ бол их том тоо шүү дээ. Иймэрхүү маягаар хүмүүс амьдралдаа ашигтай болгож тарьж чадах юм бол энэ ажил явна. Тэгэхээр бүх шатны засаг дарга, төрийн байгууллагууд ингэж л анхаарлаа хандуулах ёстой гэж боддог. Мөн хэвлэл мэдээллийнхэн байгальтайгаа  зөв харьцаж, амьдралаа өөд нь татаад явж  байгаа  олон жишээг хүмүүст  харуулмаар байна.  Ингэж энэ үйл чинь ажил болно.

-Та хэд дэхь модоо тарьж байна?

-10 дахь модоо тарьж байна.  Ард иргэддээ хандаж үг хэлмээр байна. Хүн санаачлага гаргаж болно. Санаачлагаа бодлого болгохын тулд хүн бүхэн амьдралынхаа зорилго болгох хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар мод, газар тариалантай амьдралаа холбох  нь чухал. Цаашдаа мод тарьж байгаа хүмүүсийн санаачлагыг дэмжинэ гэж бодож байгаа. Миний тарьсан энэ мод 1200 жил ургах болтугай.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж