Ерөнхийлөгч 56-р цэцэрлэгийн хашаанд мод тарилаа

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч 56-р цэцэрлэгийн хашаанд мод тарилаа

Бүх нийтээрээ мод тарих өдрийн нээлт өнөөдөр 11 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56-р цэцэрлэгт боллоо. Дээрх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд  Д.Зоригт,  УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх,  УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Мод тарих үйл ажиллагааг нээж тус дүүргийн Засаг дарга Д.Ганболд үг хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр зохион байгуулах тухай” 63 дугаар зарлигыг  хэрэгжүүлэх ажлын  хүрээнд… дүүргийн хэмжээнд нийт 35000 гаруй мод бут, сөөгийг хуваарилсан талбайд нь тарихаар бэлтгээд байна” гэсэн юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр “Мод тарихыг бид нэг насны буян гэж хэлдэг.  Түүнээс гадна амьдрах орчноо сайруулах гээд олон талын эерэг үр дүнтэй. Сүүлийн жилдүүдэд хур бороо хомсхон болсон. Энэ нь бидний байгальтайгаа буруу харьцсантай салшгүй холбоотой. Тиймээс мод тарихыг төр засгаас тууштай дэмжинэ.  Бидэнд мод тариад сайхан амьдрах боломж бий. Бүх нийтээрээ мод тарих энэхүү арга хэмжээг эдийн засагтай нь холбож үзэх нь зүйтэй. Иргэд нэг модыг 1000 төгрөгөөр харж арчлаад байж болох юм. 1000 мод харж, тордлоо гэхэд сард сая төгрөгийн цалин авах боломж байгаа.  Би Их тэнгэрт  есөн сакура тарьсан. Тэрийгээ өдөр бүр тогтмол арчилдаг. Үүнтэй адил та бүхэн тарьсан модоо яг л үр хүүхэддээ анхаарал тавьж байгаа юм шиг тордох хэрэгтэй . Би өнөөдөр энэ сайхан буянтай үйлд гар бие оролцож байгаадаа билэгшээж байна” гэсэн юм.   Мөн энэ үеэр “дурсгалтай мод” -ыг  Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биечлэн тарьсан бөгөөд Өмнөговь аймгийн  Гурван тэс сумын IV багийн малчин Ж.Даваа 1991 оноос хойш тогтмол мод тарьж ирсэн талаар Ерөнхийлөгч бахархан ярьсан юм. Иргэн Ж.Даваа өнөөдрийг хүртэл 50 мянга гаруй улиас, бургас зэрэг мод тарьсан бөгөөд энэхүү гавьяаг нь үнэлж өчигдөр “Алтан гадас” одонгоор шагнасан юм байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж