“Ноён” группийн ноён

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Ноён” группийн ноён

Ардын намын дуулиан намдахгүй залхааж ядаж байхад Ардчилсан намын хэрүүлийн зангилаа генсек Д.Эрдэнэбат уруу чиглэлээ. Д.Эрдэнэбат анх тус намын генсек болохдоо “Энэ суудлаасаа буу гэж хэлэх болтол нь зүтгэнэ ээ” хэмээн хэлж намдаа үнэнч гэдгээ илэхийлж байсан санагдана. Хэлсэн үгэндээ “яс” байж тус намд үссэн элдэв асуудлуудад цэг тавьсаар ирсэн. Тамга тэмдгээ ч солилцохгүй гэдийж суучихаад бйасан Нийслэлийн ардчилсан намын шинэ хуучин дарга нарыг нэг өдөр л сэтгүүлчдийн өмнө тэврэлдүүлээд өөрөө хажуунаас нь хараад инээж зогссон. Тэр бол зүгээр ч нэг генсек биш ээ. Биеэ авч яваа байдал, асуудалд хандаж буй хандлага, амнаас нь унаж буй үг гээд түүнийг дүгнээд харвал яахын аргагүй “чанга гар”. Хаанаас ч юм нисгэсэн бор шувуу түүнийг өнөөдөр болох ҮЗХ-ны хурлаар генсекийн албаа шилжүүлнэ гэж байна. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон гэдэг үлгэрээр нэг их амар уначих “улаан туг” биш байх. Гаднаас нь харахад “Ноён” гэж том группийг удирдаж ноён шиг амьдардаг энэ хүн улс төрд ч ноён байхын тулд эцсийн аргаа хэрэглэж мэдэх л нөхөр. 2008 оны сонгуулиар өвдөг шороодсон даруйдаа Ардчилсан намын генсек болж өнөөгийн Ерөнийлөгчдийн өндөр сэнтийд хүрэх замыг нь засч, хөшүүрэг болсон энэ хүний гавьяаг нам нь мартсан эсэхийг өнөөдөр л харъя.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж