
Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээ Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээдийн хооронд мөн л ширүүн өрсөлдөөн болно. Ялангуяа улсын наадмын түрүү булаалдаж байсан улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Н.Ганбаатар нарын хүч тэнцүүхэн өрсөлдөөн үзэгчдийн сонирхлыг татаж, таавар дэвшүүлж эхлээд байна. Гарьд Н.Ганбаатар даагаа нэхэж чадах уу, үгүй юу гэдэг нь энэ өдрийн барилдаанаас тодорхой болно.
Мөн “Хөвсгөлийн хүчтэн”-үүд болон Увсын залуусын хооронд жинхэнэ гал гарсан барилдаан гарах нь мэдээж. Хэдийгээр хэсгээсээ хоёроор гарч ирсэн ч шигшээ барилдаанд тун амжилттай барилдан, бусдынхаа араас маш эрчимтэй хөөж яваа дэвжээ бол “Хөвсгөлийн хүчтэн”. Шигшээ барилдаанд “Их Монголын хүчтэн”, “Таван хан” дэвжээдтэй тэнцэж, давааныхаа тоогоор тун ойролцоо очоод буй энэ дэвжээнээс улсын арслан Х.Мөнхбаатар хамгийн цөөхөн унаатайгаар бусдыгаа манлайлан барилдаж буй онцлогтой. Мөн залуу начин Ц.Содномдорж сүүлийн барилдаануудад амжилттай барилдаж, бэлтгэл сайтай байгаагаа харуулж байна. Увсын залуусын хувьд энэ барилдаан эхэлснээс хойш тун хэцүү өрсөлдөгчид болохоо нэгэнт харуулаад байгаа. Хэдийгээр улсын цолтонгүй баг бүрдүүлсэн ч гэлээ бөхөөрөө алдартай нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа эдгээр залуус жигдхэн хэрнээ уран хурц барилдаанаараа үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж эхлээд байна.
Харин сүүлийн өдрийн оноолтыг харахад “Хантайшир”, “Хөвсгөлийн хүчтэн”-үүдийн хооронд ч ширүүхэн тэмцэл өрнөх нь гарцаагүй. Улсын арслан Х.Мөнхбаатар гэхэд улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ж.Бат-Эрдэнэ нарын шилдгүүдтэй сүүлийн үед тэр болгон таарч барилдаагүй байгаа. Бас хэсгээ тэргүүлсэн “Булганхангай”, “Их Монголын хүчтэн” дэвжээдийн барилдаан нэлээд хүч тэнцүүхэн өрсөлдөөн болох болов уу. Эхний байрын төлөө өрсөлдөж байгаа болохоор тэр. Мөн “Увс нуур”, “Таван хан”-ы барилдаан ч анхаарал татаж байна.
БАРИЛДААНЫ ХУВААРЬ:
Тавдугаар сарын 15-нд 15.00 цагаас.
“А” буюу 1-р хэсэг:
1. “Таван хан” – “Булган хангай”
2. “Их Монголын хүчтэн” – “Хан Тайшир”
3. “Хөвсгөлийн хүчтэн” – “Увс нуур”
“В” буюу 2-р хэсэг:
1. “Бөх Билэгт” дэвжээ өнжинө.
2. “Жавхлант” – “Завхан”
Тавдугаар сарын 16-нд 15.00 цагаас.
1. “Увс нуур” – “Таван хан”
2. “Хан Тайшир” – “Хөвсгөлийн хүчтэн”
3. “Булган хангай” – “Их Монголын хүчтэн”