Өсвөрийн регбичид өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Өсвөрийн регбичид өрсөлдлөө

Монголын регбигийн холбооноос зохион байгуулсан өсвөрийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай боллоо.  Тус тэмцээнд Ерөнхий боловсролын гурван сургуулийн зургаан баг өрсөлдсөнөөс “Буянт-Ухаа” цогцолборын 7-р сургуулийн “Нисэх хүч” баг тэргүүлж,   5, 28-р сургуулийн багууд хоёр, гуравдугаар байрт шалгарчээ.  Тус тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар 7-р сургуулийн тамирчин Д.Мягмардорж, шилдэг эмэгтэй тамирчнаар мөн 7-р сургуулийн Ч.Цэрэнханд нар шалгарсан байна. Монголын регбигийн холбоо нь ирэх есдүгээр сараас сургуулиудын дунд регбигийн лигийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү спортыг олон нийтэд таниулах зорилготой бусад хэд хэдэн арга хэмжээг төлөвлөөд байгаа ажээ.
Монголын регбигийн шигшээ багийн тамирчид ирэх зургадугаар сарын 9-12-ны өдрүүдэд Казахстанд болох Ази тивийн аврага шалгаруулах тэмцээний бүсийн тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Монголын регбигийн холбоо нь 2003 онд байгуулагдсанаасаа хойш тамирчидаа Хонгконг, Филиппин, Узбекстанд болсон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцуулж байгаа бөгөөд Хонгконг болон Бээжинд болсон тэмцээнүүдээс хүрэл медал хүртэж, ESPN Star Sport сувгийн шалгаруулсан долоо хоногийн шилдэг багаар шалгарч байсан юм. Мөн 2005 онд Хонгконгод зохион байгуулсан олон улсын тэмцээнд тус холбооны шигшээ багийн тамирчин, улсын арслан До.Ганхуяг шилдэг тамирчнаар шалгарч байсан билээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж