УИХ-ын гишүүд “хээрийн сургуульд” гарлаа | News.MN

УИХ-ын гишүүд “хээрийн сургуульд” гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд “хээрийн сургуульд” гарлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр тогтсон цагаасаа нэлээд эрт өндөрлөв. Үүний шалтгаан нь УИХ-ын гишүүд өнөөдрөөс эхлэн хоёр хоног Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу Тавантолгойд цэрэг стратегийн бэлтгэл сургуульд гарч байгаа юм байна. Батлан хамгаалахын сайд Л.Болдын урилгаар хийж байгаа энэхүү бэлтгэл сургуулийн үеэр гишүүд армийн офицер, албан хаагчдын нэг адил оройн тооллого, өглөөний бослогод жагсаж, гүйлт, гимнастик, буудлага, жолоодлогын дадлага хийхийн зэрэгцээ “Зэвсэгт хүчний шинэчлэл, өнөө ирээдүй”, “Аюулгүй байдлын орчны өөрчлөлт”, “Батлан хамгаалах бодлого, тулгамдсан асуудал” сэдвээр онолын хичээл заалгаж, чөлөөт ярилцлага өрнүүлэх юм байна. Харин хичээлийг Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ж.Бямбажав нар өөрийн биеэр заах юм. Тэнгэрийнх нь тэнгэртээ, газрынх нь газартаа гэдэг энэ байх даа. Магадгүй дээрх хөтөлбөрүүдээс эрхэм гишүүдийн хувьд хамгийн таашаалтай нь Цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт бүхий уулзалт үдэшлэг байх биз. Цэрэг формоор гангарсан гуалиг бүсгүйчүүдтэй “Манжуурын толгод”-ын аянд вальс эргэсэн шиг…
Эрхэм гишүүдийг өнөө орой Зэвсэгт хүчний жанжин штаб дээр тоо толгойг нь бүртгэн “карентин”-д оруулах бөгөөд цагтаа армид офицер цолтой, улс төрийн орлогчоор ажиллаж байсан Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Д.Арвин гишүүн хүртэл ангийнхаа “хөвгүүдтэй” өрсөлдөхөөр Тавантолгойг зорьж байгаа гэнэ.
Б.ЗАЯА  

"Болор дуран"-аар шалгав.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж