Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Мод тарив

Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Д.Энхбат Г.Баярсайхан, Ц.Мөнх-Оргил зэрэг 25 хүний төлөөлөл, төрийн ордны хойд цэцэрлэгт Парламентийн шинэ ордон барих ажлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж 15 ширхэг гацуур мод, 15 ширхэг хайлаас мод тарилаа. Тэд ийнхүү ярьж байна.

УИХ-ын гишүүн С.Оюун:

Энэ амралтын өдрүүдэд мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгаа. Тиймээс бид хүрээнд ордныхоо цэцэрлэгт мод тарихаар Ц.Мөнх-Оргил, Д.Энхбат, Г.Баярсайхан нарын хэсэг гишүүд санал нэгдсэн. Төрийн ордны хойд цэцэрлэгийг устгаад оронд нь парламентийн ордон барих гэж байгааг бид эсэргүүцэж шинэ ордон барих байраа соль гэдэг шаардлага тавьж байна. УИХ-ын 25 гишүүн санал нэгдэж гарын үсэг зураад УИХ-ын дарга, төрийн байгуулалтын байнгын хороонд шаардлагаа хүргүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо жил хагасын өмнө  энэ цэцэрлэгт Парламентийн ордон барих шийдвэр гаргасан юм. Бидний бодлоор бол тэр ордон барих мөнгийг Күвейтийн сан өгсөн бол барьж бололгүй яахав. Гэхдээ заавал энэ цэцэрлэгийг устгаж бариад яах вэ, Улаанбаатарт цэцэрлэг цөөхөн байдаг. Тэгэхээр бид байршилаа өөрчил гэсэн асуудал тавьсан юм. Харин төрийн байгуулалтын байнгын хороо энэ талаар хэлэлцэнэ гээд хойшлуулаад байгаа юм. Тэгээд бид энд мод тарьж байгаа юм. Заавал шинэ парламентийн ордон хэрэггүй, парламент чуулганаа эндээ хийгээд ажлын хэсэг, байнгын хороод Засгийн газрын хоёрдугаар байр гэдэг шиг парламентийн хоёрдугаар байранд байж болно. “Их тэнгэр”-ийн аманд ч барьж болно. Энд нэг их муудаад байгаа юм байхгүй. Чуулган, байнгын хорооны хурлаа энд хийж болж байна. Заавал нэмж оффис барих гээд байгаа юм бол төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг агаар сайтай газар шилжүүлээд оронд нь барьж болж байна гэсэн. Харин хуучин барилгыг буулгахад их мөнгө орно гээд байгаа. “Их тэнгэр”-т барьж болж байна. Ер нь тэгээд Улаанбаатар хотод анхнаасаа газар маш замбараагүй олгосон нэг жишээ л дээ. Тэгээд ганц Төрийн ордон өргөжүүлнэ гээд цэцэрлэгээ нураагаад байхаар утгагүй л дээ. Ямар олон байгаа биш. Энэ цэцэрлэгийн олон арван жилийн турш нийслэлчүүд сэхээтнүүд өөрсдөө байгуулсан гэдэг юм билээ. Уг нь Төрийн ордны зүүн талд байгаа нурсан хэвлэх үйлдвэрийн газар байна. Гэхдээ тэр газар эзэмшлийн хувьд маргаантай байдаг юм билээ. Би хүмүүст уриалмаар байна. УИХ-ын даргад, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшинд захидал бич гэж. “Иргэний зориг” намынхан эхний ээлжинд 500 хүний гарын үсэг цуглуулаад УИХ-ын даргад хүргүүлээд байгаа.

Ц.Мөнх-Оргил:

-Хотоо ногоон болгох, мөн энэ саадыг ногоон чигээр нь авч үлдмээр байна. Заавал хотын төвд байгаа энэ ганцхан цэцэрлэгийг устгаж парламентийн ордон барих гээд байгааг эсэргүүцэж УИХ-ын гишүүдэд, Улаанбаатарчуудад уриалж байгаа нэг үйлдэл энэ юм. Хотын төвд байр сав зөндөө байна. Энэ хуучин Нийгмийг Аюулаас Хамгаалах яамны барилга гээд одоо акталсан, хүн ажиллаж амьдарч болохгүй байр байна. Үүнийг нураагаад барьж болж байна. Төрийн тусгай албан хаагчдын байрыг нураагаад өөр газар шинэ байранд шилжүүлж болно. Ордны зүүн талын хэвлэх үйлдвэр байна. Бүр түүндээ тулвал заавал шинэ ордон бидэнд хэрэг байна уу гэдэг асуудал ч байна. Манай Сүхбаатар дүүргийн нэгээс тавдугаар хорооны ахмадууд мөн бидний туслах, зөвлөхүүд байна. бид нийлээд өнөөдөр 30 мод худалдаж аваад тарьж байна.

Д.Энхбат:

-Парламентийн ордонг хаана ч барьж болно. Монгол Улс бол өргөн уудам нутагтай. Жишээ нь төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг шилжүүлээд оронд нь маш сайхан эмнэлэг хотын захад бариад, эхчүүдэд зориулсан төрөх эмнэлэгтэй барьж болно. Тэгээд оронд нь нийтэд үйлчилдэг том заалтай, номын сантай байгуулж болно. Миний бодол бол гол асуудал нь энэ эсэргүүцээд байгаа гишүүд биш шүү дээ. Асуудал бол ордноо хаана барих гэдэг талд бид маргаж байгаа юм. Ирэх жил үүнд бүх гишүүд оролцоно гэдэгт би итгэж байгаа юм. Энэ цэцэрлэгийг бид ингэж хийе гэж бид бодож байгаа. Монгол орны газар бүрээс шороог нь авчраад, баруун талд нь Алтай Таван-Богдын чулууг тавиад, зүүн захад нь Халх голын харганыг ургуулаад Монгол цэцэрлэг гэдэг өвөрмөц дизайнтай маш гоё цэцэрлэг байгуулах ёстой. Мөн мэргэжлийн хүмүүсийг татаж оролцуулах ёстой. Тэгээд манай дүүргүүд орон нутагт дандаа Монгол маш гоё цэцэрлэг байгуулах ёстой байхгүй юу. Жишээ нь орон нутагт сумдуудаас сайхан ургамлууд авчирч суулгах.
Монголчууд амьдралаа сайжруулна гэж хүн болгон ярьдаг. Тэгэхийн тулд ийм сайхан ажлуудыг хийвэл сайхан л даа. Тэгэхээр бидний хийж байгаа энэ ажил зөвхөн эсэргүүцэхдээ, мод тарихдаа биш, хүн болгон оролцвол сайхан л болох юм. Манайхан зуслангийн байшингаа эхлээд нэг амбаар бариад нэмсээр байгаад дөрвөн байшин нийлүүлсэн үхрийн бөөр шиг юм болгодог биз дээ. Тийм юм болгож хэрэггүй. Зүгээр л инженер хүний нүдээр харахад ордныг ингэж өргөтгөөд байдаг. Энэ чинь ямар амбаар биш дээ. 21 дүгээр зуунд аятайхан том заалтай сайхан ордон барьж болно. Заавал энд бөөрөнд нь амбаар барих ямар хэрэг байна. Энэ модыг ургуулаад улам сайхан болгоосой гэж хүсч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж