

Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд тухайн жилдээ зохиодог томоохон хэмжээний уламжлалт үзэсгэлэнгийн нэг “Хавар-2010” нийт уран бүтээлчдийг хамарсан дүрслэх урлагийн уран бүтээлийн үзэсгэлэн эхлээд байгаа билээ. Тус хорооноос зохион байгуулдаг үзэсгэлэнгүүд өөр өөрийн зорилготой байдаг бол “Хавар” үзэсгэлэн нь залуу уран бүтээлчдийг ахмадуудтай гүүр болгон холбож, тэднээс суралцах боломж олгодгоороо онцлог юм байна. Энэхүү үзэсгэлэнд Ардын зураач Б.Чогсом, Төрийн соёрхолт Ц.Энхжин, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Мөнхөө гээд дүрслэх урлагийн өнөөгийн хөгжлийн нүүр царай болсон үе үеийн зураачдын 300 шахам уран бүтээлүүд тавьжээ. Тус үзэсгэлэнгээс зураач урчуудын ур ухаан авъяас билгийг нэг дор нэгтгэн харах, харьцуулан үзэх боломжийг олгодгоороо үзэгчдийн үзэх дуртай, хүсэн хүлээдэг үзэсгэлэнгийн нэг болдог ажээ. Уран зураг, зураасан зураг, баримал, монгол зураг, чимэглэлийн зураг гээд дүрслэх урлагийн бүх л төрлийг хамарсан энэхүү үзэсгэлэн 17-ыг дуустал үргэлжилнэ. Та алжаал тайлан, нүд баясгам “Хавар”-т тухлан саатаарай.
Г.Даша