Хятад таван жилийн дотор хямралд өртөнө гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Хятад таван жилийн дотор хямралд өртөнө гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Bloomberg. Хятадын эдийн засгийн өсөлтийн талаарх өөдрөг сэтгэлгээ алга болж, дэлхийн хөрөнгө оруулагчдын 45 хувь нь урд хөршид ойрын таван жилийн дотор санхүүгийн хямрал үүснэ гэж хэлжээ. Тэгвэл 40 хувь нь Хятадын хямрал 2016 оноос хойш тохионо гэсэн байна. Судалгааг “Bloomberg” агентлаг хийсэн бөгөөд 1000 хөрөнгө оруулагч, шинжээч болон арилжаалагчдыг хамруулжээ. Тэдний ердөө долоон хувь нь л Хятадын эдийн засаг ямар нэг байдлаар хүнд байдалд орохгүй гэдэгт итгэлтэй байгаа аж. Судалгааг нэгдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд хийсэн аж.

    Хятадын Статистикийн газрын тайлангаас харахад 2010 онд эдийн засгийн өсөлт 10,3 хувьтай байсан нь сүүлийн гурван жилийн турш харагдаагүй өндөр хэмжээ болжээ. Харин дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 39,8 триллион юань буюу зургаан тэрбум ам.доллар болсон байна. Мөн гадаад худалдааны хэмжээ гурван триллион ам.доллар болсоны 13 хувь нь Хятад, АНУ-ын хооронд хийгдсэн байна.  Гэхдээ хөрөнгө оруулагчдын болгоомжлол нь Хятадын Засгийн газрын өгч буй мэдээлэлтэй харшилж байгаа юм. Бээжингийн хувьд удалгүй Японыг ардаа орхиж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн бүс болох зорилт тавьсан. Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Хятадын төв банкны зөвлөх Ли Даокуи эдийн засагт ямар нэг уналт харагдахгүй байгаа гээд энэ онд л гэхэд 9,4 хувийн өсөлттэй байна гэсэн юм. Хөрөнгө оруулагчдын хамгийн ихээр болгоомжилж буй салбар нь 2010 онд 24 хувиар нэмэгдсэн хөрөнгө оруулалт аж. Учир нь асар их хөрөнгө оруулалтаар байшин барилга, үйлдвэр барьж байгаа ч үнэндээ эдгээр нь хоосон, төдийлөн хэрэггүй байж магадгүй гэнэ.

    Хятадын эрх баригчид инфляцийн эсрэг дөрөвдүгээр улиралд бодлогын хүүгийн төвшинг хоёр ч удаа нэмэгдүүлсэн юм. Одоо энэ асуудал 1989 оны Тяньэнмины талбай дахь бослогоос хойшхи улс төрийн хамгийн хүнд асуудал болоод байна. Өнгөрсөн онд хүнсний үнэ 7,2 хувиар өссөн нь инфляцид хамгийн ихээр нөлөөлж байгаа билээ. Гэхдээ зарим шинжээчийн үзэж буйгаар Хятадын эдийн засагт тулгараад буй хамгийн том асуудал нь үл хөдлөх хөрөнгийн үнэ аж. Засгийн газраас үүний ч эсрэг арга хэмжээг хэдийнэ аваад байгаа. Өнгөрсөн онд банкны зээл олголтыг бууруулах зорилгоор арилжааны банкуудын валютын санг хэд хэдэн удаа нэмэгдүүлж, гурав дахь орон сууцаа худалдан авах гэж буй иргэдэд зээл олголтыг зогсоох шийдвэр гаргасан билээ. Үүнээс гадна экспортоос хэт хамааралтай байдлыг зогсоож, дотоодын бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Хэдийгээр өнгөрсөн оны импортын хэмжээ өссөн ч гадаад худалдааны тэнцэл мөн л Бээжингийн тооцоолж байснаас их гарсан билээ.

    Хэрэв Хятадын эдийн засаг доройтвол дэлхийн эдийн засагт ч хүчтэй нөлөө үзүүлэх болно гэж судалгаанд хамрагсдын олонхи нь сануулж байна. Судалгааг АНУ-ын Айова дахь “Selzer & Co” компани эрхлэн гаргасан байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж