Монголбанк бяр сууснаа зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Монголбанк бяр сууснаа зарлалаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн жилийн өдийд Монголын эдийн засгийн талаарх төсөөлөл тун ядруухан байсан. Инфляци урьд өмнөхөөс өсч, бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт нэмэгдсэний дээр ашигт малтмал уул уурхайн орлогыг иргэдэд тэгш хуваах эхлэлийг тавьж 91 тэрбум төгрөгийг зах зээлд нийлүүлсэн, цахилгаан дулааны үнэ өссөн, махны үнэ тэнгэрт хадсан гэхчлэн хямралыг арайхийн давж буй санхүү, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх зүйлс олон байсныг жилийн өмнөх мэдээ мэдээллээс харж болохоор байна. Монголын эдийн засагчид, мэргэжлийн байгууллагууд болоод олон улсын экспертүүдийн ам ч сайнгүй байлаа. Тэд тун муу төсөөлөлтэйгээр 2010 онтой золгож байсан.

    Харин  2011 оныг эдийн засагчид магнай тэнэгэр угтаж байна. Өнгөрснөө дүгнэхдээ ч ам сайтай, нүүр бардам байгаа хүмүүсийн тоонд Монголбанкныхан орж байна. Товчхондоо бол 2010 он Монголбанкны хувьд их эргэлтийн жил байсан гэнэ. Мөнгөний нийлүүлэлт 62.5 хувиар өсч 4.6 их наяд төгрөгт хүрсэн бол гадаад валютын албан нөөц 1.7 дахин нэмэгдэж хоёр тэрбум ам.долларт хүрчээ. Ам.долларын орох гарах урсгал ч оны эхэнд 300 сая байснаа оны төгсгөлд миллиардыг давжээ. Инфляци 25 хувь хүрч 2011 онтой золгоно гэж эдийн засагчид таамаглаж байсан ч 13 хувьд барьж чадсан байна. Эдгээр үзүүлэлт дотор урьд өмнө байгаагүй рекорд цөөнгүй. Тиймээс өчигдөр болсон Монголбанкны ээлжит хэвлэлийн бага хурлын өнгө аяс их л онгироо маягтай байлаа. Эхэлж буй оны төсөөлөл ч өөдрөг байгаа гэнэ.

    Хэдийгээр 2011 оны төсөв 9.9 хувийн алдагдалтай, Монголбанкны бодлогын хүү 11 хувиас буугаагүй байгаа ч зээлийн хүүг бууруулна, инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн өөдрөг зорилт дэвшүүлжээ. Гэвч уржигдархан Дэлхийн банкнаас энэ онд хавтгайруулан олгож буй хувь хишгийн улмаас инфляци 25 хувьд хүрнэ хэмээн анхааруулсан түгшүүрт мэдээллээс эрс ялгаатай мэдээг дуулгахдаа Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч огтхон ч ажраагүй юм. Дэлхийн эдийн засаг дахь үнийн өсөлт тэр дундаа хүнс, эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт нь санаа зовоож буй боловч Монгол Улсын эдийн засагт эерэг үзүүлэлт их байгаа ажээ. Монголбанкны хувьд ч баргийн бэрхшээлд сөхрөхөөргүй бяр суусан гэдгээ зарласан.

    Харин бодлогын хүүг хоёр оронтой тооноос буулгахыг бол амлаж чадахгүй байлаа. Гэхдээ зээлийн хүү бол оны эхнээс буурсаар байгаа, хойшид ч буурна гэдэгт итгэлтэй яваагаа нуугаагүй. 2010 оны хоёрдугаар хагасаас эхлэн хүмүүс хуримтлал үүсгэх нь нэмэгджээ. Хуримтлалын ихэнх хэсэг нь хадгаламж хэлбэртэй байгаа бол цөөн хувь нь моргейжийн зээл байна. Өнөөдөр манай улсын эдийн засагт 20 орчим мянган моргейж бүртгэлтэй байгаа нь боломжоос хэт бага үзүүлэлт гэнэ. Одоогийн моргейжийг тав дахин өсгөлөө ч хангалттай хэмжээнд хүрэхгүй, тиймээс моргейжийг өргөжүүлэх боломж их гэдгийг ч хэвлэлийн хурлын үеэр онцлов.

    Өнгөрсөн онд  хоёр ч банк хаалгаа барьсан. Энэ түүхийг дахин давтахгүй байхад илүүтэй анхаарахаар болжээ. Өнгөрсөн онд Зоос банкийг татан буулгаж, ормон дээр нь Төрийн банк байгуулахдаа Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж дэмжлэг үзүүлсэн. Одоогийн байдлаар Зоос банкны зээлдэгчдээс 12 тэрбум төгрөгийн өр барагдуулаад байгаагийн дээр 60 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх гэрээ хийсэн тул засгаас авсан “өр”-өө бүрэн төлчих найдвар бий ажээ. Харин Анод банкны хувьд 70 тэрбум төгрөгийн зээл, 60 тэрбумын авлага бий гэнэ. Тиймээс дахин 116 тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлагатай байгааг Монголбанкныхан нуугаагүй юм.


    Д.Цээпил

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж