Ээлжит аллага болсон шалтгаан

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Ээлжит аллага болсон шалтгаан

Ээлжит аллага болсон шалтгаан

Энэ бүхнээс харахад хүчтэй хөгжил, эрчимтэй эдийн засгийн хурдыг нийгмийн хөгжил нь гүйцэхгүй байгаагаас болж шийдэхэд хүнд олон асуудал гарч болохын нэг жишээ нь энэ биз ээ.
Хятадын эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг сонсон дасч байсан дэлхий нийтийн сонорыг энэ хавраас эхэлсэн жигшүүрт цуврал аллагын мэдээнүүд гайхашруулж эхэллээ. Өнгөрөгч III-р сарын сүүлээс V-р сарын эхний хагас хүртэлхи сар гаруйхны  хугацаанд Хятадын цэцэрлэг болон сургуулийн бага ангийн хүүхдүүдийг алж шархдуулсан хэрэг таван удаа гарч, нийтдээ бага насны 15 хүүхэд нас барж 80 гаруй хүүхэд шархадсан байна.

• 3-р сарын 24 :  Фужянь мужийн Нанхинь хотод гэмт этгээд 8 хүүхдийг хутгалж хөнөөсөн.

• 4-р сарын 28 : Гуандунь мужийн Ляжоу хотод  мөн өөр нэг хутгатай этгээд 15 хүүхдийг шархтуулжээ.

• 4-р сарын 29 : Жяньсу мужийн Тайсинь сууринд хутгатай этгээд 28 хүүхдийг хутгалж гэмтээсэн.

• 4-р сарын 30: Шандун мужийн Вэйфань сууринд алхаар зэвсэглэсэн эр таван хүүхдийг шархдуулсан.

• 5-р сарын 12: Шаньси мужийн Ханьжун хотод хутгатай эр 7 хүүхдийг алж 20 хүүхдийг шархдуулжээ.

Хамгийн сүүлд буюу уржигдар гарсан хэрэг явдлын улмаас долоон хүүхэд амиа алдсан билээ. Шархадсан арав гаруй хүүхэд байгаагийн хоёрых нь бие тааруу байгаа гэж эмч нар хэлж байгаа аж. Хүүхдүүдийн аминд халдаж дараа нь өөрийгөө егүүтгэсэн этгээд 48-тай нэгэн бөгөөд хэвлэлийнхний мэдээлж байгаагаар бол тухайн цэцэрлэгийн эзэнтэй муудалцсанаас энэ хэрэг эхэлсэн гэж байгаа юм. Гэмтэн эр өөрийн эзэмшдэг байрыг тус цэцэрлэгийн эзэнд түрээсэлсэн бөгөөд түрээсийн төлбөртэй холбоотой асуудал гарснаас болж эргүүлэн авахыг хүссэн бололтой. Харин энэ хүсэлтийг цэцэрлэгийн эзэн хүлээж авалгүй, зуны амралт хүртэл хойшлуулахыг хүссэн нь гэмтний уурыг хүргэсэн ажээ. Ингээд ногоо цавчдаг хутгаар зэвсэглэн цэцэрлэгт байсан хүүхдүүдийг болон цэцэрлэгийн ажилчдыг хядаж эхэлсэн гэнэ.

Ниргэсэн хойно нь хашгирах аа гэж…

Сургууль болон цэцэрлэгийн хүүхдийг алж хөнөөх хэрэг удаа дараа гарснаас болж Хятадын засаг захиргаа яаралтай арга хэмжээ авч эхэлсэн байна. Холбогдох салбарын сайд нар нь тушаал шийдвэр гаргаж хүүхдүүдийг осолтой нөхцөлд биеээ хэрхэн авч явах талаар хичээл заахаас гадна сургуульд хүргэж өгөх хичээл тарахад нь заавал авч байхыг эцэг эхчүүдээс шаардах болсон байна. Мөн хүчний байгууллагаас боловсролын болон олон нийтийн байгууллагуудтай хамтран ажилллахыг Хятадын Олон нийт аюулгүй байдлыг хариуцсан сайд нь үүрэг болгожээ. Мөн тэрээр сургууль цэцэрлэгийн хамгаалалтад зориулж нэмэлт хүч гаргахыг тушаав. Зарим сургуулиуд багш нарт зориулан бие хамгаалах тусгай бэлтгэлийн хичээл ч зааж байгаа гэнэ. Хятад улсын нийслэл Бээжин хотын 500 гаран сургуульд 2000 орчим мэргэжлийн бие хамгаалаагчдыг хөлслөн ажиллуулах болсон байна. Гэхдээ энэ загвараар асуудлыг шийднэ гэвэл зөвхөн Бээжинд гэхэд үлдэж байгаа 4500 сургууль цэцэрлэгийн хамгаалалтад зарцуулах мөнгө төсөв гэж асар их хэмжээтэй тоо гарахаар байна. Тэгээд ч гарсан бүх аллага орон нутгийн чанартай хот суурингуудад үйлдэгдсэн нь мөн л анхаарал татаж байна.

Тайлбар шаардсан эмгэнэлүүд

Эдгээр аллагын шалтгааныг тайлбарлахыг оролдож байгаа мэргэжилтнүүдийн дүгнэлт дотор ч хэргүүдийн энэ мэт ижил талыг онцлон өгүүлсэн байгаа юм. Мөн тэдний анхаарлыг хэрэг үйлдэгчид нь бүгд эрчүүд бөгөөд 40 орчим болон түүнээс дээш насныхан ийм хэрэг өдүүлснийг онцолж байна. Шанхай хотын Фудянийн их сургуулийн сэтгэл зүйч эрдэмтэн Жи Жинлян хэлэхдээ “ Эдгээр алуурчид бүгд өнөөгийн нийгэмд хорсон атаархагчид байсан гэж бодож байна. Тэд өөрсдийн атаа хорслоо тайлахдаа залуу болон биеэ хамгаалах чадваргүй эмзэг хүмүүс рүү дайралтаа чиглүүлж байна” гэж ярьжээ. Профессор Жинлянь хурдацтай өөрчлөгдөж буй Хятадын өнөөгийн нийгэмд хүмүүст хандсан олон нийтийн болон сэтгэл зүйн дэмжлэг дутах болсноос ийм хэрэг гарах болсон гэж тайлбарлаж байна. Тэрээр, “ Хуучин цагт Хятадын ажилчид олон нийтийн байгууллагын зүгээс болон эмэгтэйчүүдийн нийгэмлэг зэргээс нийгмийн дэмжлэг авдаг байсан бол одоо ийм зүйл байхгүй” гэсэн байна. Түүний баталж байгаагаар бол хижээл насны эрчүүд нийгмийн зүгээс авч сурсан дэмжлэг нь алга болсноос ганцаардах, өөрийгөө нийгэмд хэрэггүй болсон мэтээр тооцож бухимдан улмаар эргэн тойрноо бүхэлд нь үзэн ядаж, хорсох байдал үүсэн ийм хэрэг рүү түлхэж байгаа бололтой.

Шоовдорлогдогсод хариугаа авч байна уу

Дээрхи хэргүүдийг үйлдэгчдийн бас нэг сонирхол татсан ижил тал нь нийгмийн хувьд  төдий л тогтвортой бус байр суурь бүхий хүмүүс байжээ. Найман хүүхдийн амь насанд хүрсэн этгээд гэхэд эмч байж байгаад халагдсан нэгэн байсан бол бусад нь гэхэд ажилгүй, хувийн ферм эрхэлдэг, мөн багш байгаад мөн л халагдсан зэрэг хүмүүс байгаа аж. Мөн тэд бүгдээрээ орон нутгийн  иргэд байгаа зэргээс харахад  үндсэндээ нийгмийн доторхи ялгарал ядуулаг хэсгийнхэнд сөргөөр нөлөөлж эхэлсэн бололтой. Өнөөгийн Хятадад баян ядуугийн хооронд асар том ялгаа зааг гарснаас болж орон нутгийн ядуу иргэд энэ тэнцвэргүй байдлыг маш эмзэг хүлээж авч байгаа аж. Дээр нь нийгмийн зүгээс Хятадын чинээлэг хэсгийн амжилтыг авилгалтай холбох нь түгээмэл байгаа нь ч нийгмийн бухимдлыг улам дэвэргэж байна.
Харин Барууны зарим хэвлэл мэдээллийнхэн ийм хэрэг удаа дараа гарч байгааг Хятадад сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбон тайлбарлажээ. Хятадад нийтдээ 173 сая гаран сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэсэн тооцоог ВВС –ийн сурвалжлагч нийтэлсэн байна. Тэдгээр өвчтөнүүдийн 10 хувь нь ямар ч эрүүл мэндийн үйлчилгээ зөвлөгөө авдаггүй, ямар ч хяналтгүй байдаг учраас ийм хэрэг удаа дараа гарах болсон гэж үзэж байгаа гэнэ. Энэ бүхнээс харахад хүчтэй хөгжил, эрчимтэй эдийн засгийн хурдыг нийгмийн хөгжил нь гүйцэхгүй байгаагаас болж шийдэхэд хүнд олон асуудал гарч болохын нэг жишээ нь энэ биз ээ.

М.НАСТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж