Э.Бат-Үүл дээр Алтангадас, МоАХ хоёр тохирчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл дээр Алтангадас, МоАХ хоёр тохирчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Өнөөдөр Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит хурал хуралдана. Өнгөн дээрээ бол уг хуралдаанаар Ардчилсан намаас дэвшүүлээд буй “Монгол хүн 2020” хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ хэмээн зарласан. Гэвч хэлэлцүүлэхээр зарласан энэ уг асуудлын цаана намын дарга Н.Алтанхуягийн бэлтгэсэн бас нэг хөзөр яваа бололтой. Энэ нь мэдээж саяхнаас яригдаж эхэлсэн намын ерөнхий нарийн бичгийн дарга буюу генсекийн асуудал.

    Уг нь намын дүрэм ёсоор бол намын ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга өөрөө санал болгож, ҮЗХ-ны гишүүдээр батлуулдаг. Өөрөөр хэлбэл генсек нь шууд намын даргын төлөөний хүн байх ёстой гэсэн үг. Харин Н.Алтанхуяг 2008 оны сонгуулийн дараа Ц.Элбэгдоржоос намын даргын суудлыг авахдаа нам доторх фракциудын эв нэгдлийг хангах үүднээс МоАХ фракциас генсекээ тавьсан нь Д.Эрдэнэбат.

    2008 оны УИХ-ын сонгуулиар гарсан будилаан, долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа хэдийгээр олонхи суудал авсан ч ёс суртахууны хувьд засгийн эрхийг дангаар барих ёс эрхгүй болсон МАХН-ын зүгээс Ардчилсан намыг Засгийн газарт оруулахаар урьсан нь Ардчилсан намыг хоёр хувааж, хамтарсан Засгийн газарт орно, орохгүй гэдгээр ҮЗХ-ны гишүүд санал хуваагдсан билээ. Эцэст нь Ардчилсан намыг Засгийн газарт оруулж, засгийн эрхийг хамтран барих, үүгээр дамжуулан намынхаа боловсон хүчнийг бэхжүүлэх Н.Алтанхуягийн санал ҮЗХ-ны гишүүдээс олонхийн дэмжлэг авч, харин хамтарсан Засгийн газарт намаа оруулахгүй гэсэн Ц.Элбэгдорж цөөнх болон намын даргын суудлаа Н.Алтанхуягт тавьж өгсөн. Тиймээс Н.Алтанхуяг намын дарга болохдоо намын удирдлагын түвшинд нам доторх фракциудын тэнцвэрийг хангах үүднээс экс МҮДН-чүүдээс  Д.Эрдэнэбатыг намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон юм.

    Харин өнөөдөр болох ҮЗХ-ны хурлаар намын ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг оруулж ирэх нь тодорхой болов. Гэхдээ энд ямар нэгэн хариуцлага тооцох асуудал байхгүй. Харин намын дүрэмд өөрчлөлт оруулж, ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалын “ранг”-ыг өндөрсгөх асуудал яригдаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, намын ерөнхий нарийн бичгийн дарга зүгээр нэг боловсон хүчний асуудал эрхэлж, намын дотоод асуудлыг хариуцах бус, намын даргыг орлож, намын даргын хэмжээнд ажиллуулахаар дүрэмд өөрчлөлт оруулж байгаа юм байна. Дүрмийн төслийг МоАХ-аас боловсруулан оруулж ирж байгаа тул Алтангадас  болон МоАХ-ын хооронд аль хэдийн тохироо хийсэн гэсэн үг. Оны өмнө болсон ҮЗХ-ны хуралдаанаар Ардчилсан хүчний холбооныхон Н.Алтанхуягийг намын даргаас огцруулах асуудлыг оруулна гэж байсан ч тэр үед мөн л МоАХ фракци Алтангадасыг дэмжсэн тул огцруулах асуудал орхигдсон билээ.

    Үүнд МоАХ фракцийн тэргүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын нөлөө хамгийн их байсан. Ардчилсан хүчний холбооны нөхөд Н.Алтанхуягийг намын даргаас огцруулснаар Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргана гэж тооцоолж байсан ч Х.Баттулга өөрөө Засгийн газрын гишүүний хувьд танхимаа хамгаалж үлдэхээр ҮЗХ-д олонхи болоод байсан МоАХ фракцийг тэдний эсрэг зогсоосон. Энэ удаагийн ҮЗХ-ны хурал ч мөн тэр дагуу явах нь тодорхой болов. Ардчилсан намын дараагийн генсекэд цорын ганц хүн яригдаж байгаа нь УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл. Тэр хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах тал дээр тууштай байгаа нь Н.Алтанхуяг дарга түүнийг дэргэдээ авах болсон бас нэг шалтгаан. Харин Алтангадас болоод МоАХ фракци гэдэг холбоотнуудын эсрэг АХХ болон Н.Батбаяр тэргүүтэй  экс МҮДН-чүүд зогсох бололтой.

    Гэвч намын дүрмээр бол ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгох эрх нь зөвхөн намын даргад бий. Харин түүний оруулж ирсэн хүнийг ҮЗХ доторх Алтангадас фракци болон МоАХ-чууд дэмжихэд л асуудал ногоон гэрлээр явах юм. Бас нэг зүйлийг хэлэхэд хоёр өдрийн өмнө хуралдсан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар өнөөдөр хуралдах ҮЗХ-ны хурлын хэлэлцэх асуудлыг ярьсан боловч генсекийн асуудлыг огт дурьдаагүй аж. Тиймээс Д.Эрдэнэбатын оронд Э.Бат-Үүлийг томилуулах санал нь өнөөдөр намын даргын зүгээс ҮЗХ-ны гишүүдэд барих хамгийн гол сюрприз байх бололтой. Гэвч Э.Бат-Үүлийн хувьд генсекийн албан тушаал Д.Эрдэнэбатынхтай адилгүй байх болно гэдгийг дээр хэлсэн. Тэр улстөрчийн хувиар Н.Алтанхуягийн нам дотор алдагдаад байгаа байр суурийг нөхөх үүрэгтэй. Боловсон хүчний асуудал гэх мэт өдөр тутмын “хар бор” ажил дээр бол Э.Бат-Үүл хол явахгүй, зохих ч үгүй. Тиймээс Д.Эрдэнбатын амжуулж ирсэн намын дотоод асуудлыг Тамгын газрын дарга, эсвэл хуучин МҮАН-ын үед байсан шиг Хэрэг эрхлэх газрын дарга гэдэг шинэ орон тоогоор нөхөх бололтой. Тэр нь чухам хэн байх вэ гэдгийг хэлэхэд хараахан эрт байна.

    Харин Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын хувьд дээрх асуудлаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг өөрчлөх шалгаан намын даргад байхгүй” гэсэн байна лээ. Энэ ч бас л түүний намын даргатайгаа хэр сайн гар нийлж ирсний бас нэг шалгуур, Н.Алтанхуягийн хувьд “гаднын” хүн хэвээр байжээ гэсэн үг. Хоёр жил хамт ажилласан намын даргынхаа тархин доторхийг уншиж чадахгүй байна гэдэг ямар ч байсан давуу тал лав биш. Үүнээс өмнө ч гэсэн тэд төдийлөн олон асуудал дээр ам нэгтэй байгаагүй билээ.       

    Б.СЭМҮҮН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж