Тайсон Гей: Жижиг тэмцээнд би илүү их сандардаг

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Тайсон Гей: Жижиг тэмцээнд би илүү их сандардаг

Хөнгөн атлетикчдийн хувьд энэ жил олимп болон дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөн байхгүй. Гэхдээ АНУ-ын шилдэг хөнгөн атлетикч, богино зайн гүйлтийн тамирчин Тайсон Гейн хувьд нэгэн том даваа хүлээж байгаа нь 195 см өндөртэй Усаин Болт гэнэ. Ингээд түүний Британийн спортын сэтгүүлд өгсөн ярилцлагыг толилуулъя.

-Тайсон, хөнгөн атлетикийн 100 метр болон 200 метрийн зайн гүйлтийн хаан Усаин Болтыг гүйцэх хамгийн өндөр магадлалтай, түүнтэй хамгийн ойр очдог хүн бол та. Өнгөрсөн уралдаан, тэмцээнд түүнийг гүйцэж болохуйц хэмжээнд байсан уралдаан гэвэл алийг нь нэрлэх вэ?

-Үнэнийг хэлэхэд, би яг таг мэдэхгүй байна. Миний гол төвлөрдөг зай бол 100 метр. Гэхдээ би 200 метрт уралдах илүү дуртай. Тиймээс энэ жил дуртай зайндаа л түүнийг гүйцэх гэж хичээнэ дээ. Гэхдээ 100 метрийн уралдаан илүү чухал. Дээр нь би энэ төрөлд дэлхийн рекорд эвдэхийг зорьж байгаа. Дэлхийн хамгийн хурдан хүн байна гэдэг чинь үнэхээр сайхан хэрэг биз дээ.

-Хэрэв хөнгөн атлетикийн спортод Болт байгаагүй бол таны карьер ямар байх бол гэж боддог уу?

-Үгүй ээ, энэ талаар ердөө бодож үзээгүй юм байна. Миний бодлоор Болт надад эерэг нөлөө үзүүлдэг. Аливаа юм бүхэн учир шалтгаантай байдаг, би хувьдаа түүнийг уралдаж байгаад баярладаг. Хэрэв тэр байхгүй бол би бүх хүч чадлаа дайчлан уралдаж чадахгүй байх гэж бодогддог юм. Нэг үгээр хэлбэл тэр намайг үргэлж нэг алхам илүү алхахыг шаарддаг гэх үү дээ.

-Энэ улиралд Diamond League /Эрдэнийн лиг/ цоо шинээр эхэлнэ. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцвал?

-Эрдэнийн лигийн талаар би үнэхээр сэтгэл өндөр байгаа. Учир нь энэ жил Усаин Болт, Асафа Павелл нартай хэд хэдэн удаа “уулзалдах” боломжтой болж байна. Тодруулж хэлбэл, олон улсын шилдэг тамирчдын өрсөлдөх тэмцээн үгүйлэгдэж байсан юм. 2007 онд хүмүүс Асафа, бид хоёрын талаар нэлээд шүүмжилсэн шүү дээ. Шалтгаан нь их энгийн, тэгээд тодорхой. Биднийг томоохон тэмцээнд хоёулаа оролцож, хоорондоо өрсөлддөггүй гэж байсан. Гэтэл өнгөрсөн жил Болт, бид хоёрын талаар дахиад л дээрхийн адилаар шүүмжилж байсныг сайн санаж байна. Харин Эрдэнийн лиг хөнгөн атлетикийн спортод сэтгэл ханамж өгч байна гэж болно.

-Та гурав гүйлтийн зам дээр ширүүн өрсөлдөгчид шигээ амьдрал дээр сайн найзууд уу?

-Талбайн гадна байхдаа бид хэрэндээ дотно шүү. Бидэнд ямар нэг сөргөлдөх, бие биедээ таагүй хандах шалтгаан байхгүй. Бид нэг нэгнээ хүндэлдэг. Усаин бид хоёр маш өөр зан характертай нь үнэн, гэхдээ бид хоорондоо муудалцаад, сөргөлдөөд байдаггүй. Магадгүй тэр надаас илүү сайн бүжиглэдэг байх /инээв/.

-Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар та 100 метрт 9,71 секундын амжилт гаргаж, АНУ-ын рекордыг эвдсэн. Бас түүхэнд гуравт бичигдэхээр амжилт гаргасан боловч Усаин Болтын ард хоцорч, мөнгөн медаль хүртсэн. Тэр үед төрж байсан сэтгэгдэл?

-Тэр таны хэлж байгаа шиг тийм ч сүртэй зүйл биш ээ. Тухайн нөхцөл байдалд миний гаргасан амжилт үнэхээр чамлахаар эд биш байсан юм шүү. Би гэмтэлтэй байсан, бүр улирал дуусгаад хагалгаа хийлгэх ёстой байлаа. Хэдийгээр би ялахыг хүсч байсан нь биелээгүй, жаахан сэтгэл дундуур байсан боловч сүртэй асуудал биш.

-Олимпийн 400 метрийн гүйлтийн аварга ЛеШон Мерритт /Тайсон Гейн нутаг нэгт тамирчин/ саяхан сэргээшийн шинжилгээнд бүдэрлээ. Энэ мэдээг хэрхэн хүлээж авсан бэ? Ингэж асууж байгаагийн учир нь та үргэлж сэргээшийн эсрэг уриалдаг?

-Би энэ талаар үнэхээр хэлж мэдэхгүй байна. Их л гайхсан. ЛеШон бол миний найз, түүнийг ийм зүйл хийх хүн биш гэж боддог. Тийм ч учраас би түүнийг санамсаргүй алдаа гаргалаа гэж бодсон. Ямар бодис агуулагдаж байгааг нь мэдэлгүй янз бүрийн бэлдмэл уусан нь эргээд гай тарьчихлаа гэж бодож байна. Хүн бүр ямар нэг байдлаар алдаа гаргадаг, гэхдээ тэдэнд хоёр дахь боломж олддог гэдэгт итгэдэг.

-Богино зайн гүйгчид ерөнхийдөө булчингаасаа илүү том дуутай байдаг. Харин та арай өөр хүн шиг санагддаг юм. Уралдааны өмнө халаалтын өрөөнд өрсөлдөгчид чинь “том том” ярих нь танд ямар санагддаг вэ?

-Би үргэлж л бусдаасаа илүү чимээгүй, дуугүй сууж байдаг. Би багын л даруухан зантай хүүхэд байсан. Одоо ч гэсэн. Энэ байдлаа өөрчлөх хэрэгтэй гэж бодож ч байсангүй. Би ерөнхийдөө жаахан сандруу, тэвдүү хүн болохоор санаа сэтгэлээ уралдаанаас холдуулж, тайван байхын тулд би бусдын адил халаалтын өрөөнд тэдэнтэй инээлдэж, марзагнадаг. Жижиг тэмцээн байх тусмаа би илүү сандардаг. Яагаад тэгдэг юм, бүү мэд.

-Танд урт, богино янз бүрийн хугацаагаар байнга л аялах тохиолдол гардаг байх. Харин хэцүү нь юу вэ?

-Гэр бүлийнхнийгээ, бас телевизийн америк сувгаа санадаг /инээв/. Бусдаар бол Европын амьдралд тун амархан зохицож чаддаг шүү. Европын орнууд руу явахаар бол би ихэнхдээ америк зууш авч явдаг юм.

-Болт домогт тамирчин болохыг хүсдэг гэж ярьж байсан. Та ч гэсэн адилхан уу?

-Би энэ талаар боддоггүй, гүйхийг л хүсдэг. Бусад хүмүүс, хөгжөөн дэмжигчид, спортын салбарынхан намайг домог гэж хүлээн зөвшөөрвөл би таатайяа хүлээн авах болно. Гэхдээ энэ бол миний тамирчин болсон шалтгаан, зорилго биш ээ. Миний зорилго бол эрүүл саруул байж, эх орондоо медаль авчрах. Ялангуяа алтан медаль, бүр түүнчлэн 2012 оны Лондонгийн олимпиос.

Бэлтгэсэн С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж