Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр ёсоор манайд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах гэсэн тодотголтой хоёр үе шаттай төсөл хэрэгжих болжээ. Тодруулж хэлбэл, Япон улс нь Монгол Улсад 60 сая ам.долларыг нэг жилийн хугацаанд 0.6 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай олгоно. Харин манай тал зээлийн нөхцөлд заасны дагуу 45 сая ам.долларыг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, 10 сая ам.долларыг байгаль хамгаалах үүн дотор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөжээ. Гол нь энэ зорилгод хүрэхийн тулд зээлийг маш сайн төсөл бичсэн, түүнийгээ ажил хэрэг болгож чадахуйц, аж ахуйн нэгж, иргэнд хүргэх нь чухал. Мөн тэдэнд зээл маш бага хүүтэй очих ёстой. Гэвч зээлийг арилжааны банкуудаар дамжуулан аж ахуйн нэгж, иргэнд олгох шатанд хүү суга өсч буй нь төрийн зүгээс бодлогоо өөрчлөхгүй бол хөнгөлөлттэй зээл зөвхөн мөнгө хүүлэгчдийг дэмжсэн арга хэмжээ болж хувирч байгаа тухай “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийн хоёр дахь шатны зээлийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх шатанд хөндөгдлөө.
Тодруулбал, энэхүү зээлийн нэгдүгээр шат 2006 оны арванхоёрдугаар сараас эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих үед арилжааны банкууд зээлийг иргэн, аж ахуйн нэгжид жилийн найман хувийн хүүтэй олгожээ. Уг нь бол Япон улсаас дээрх зээлийг жилийн 0.75 хувийн хүүтэй авсан байхад шүү. Тиймээс хоёр дахь шатны зээлийн төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хүүг бууруулах нь чухал байна гэдгийг УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Д.Тэрбишдагва нар хөндлөө. Тэд “Монгол Улс ядуурлаа бууруулж, ажилгүйдлийг багасгая гэж байгаа бол тэргүүн ээлжинд энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүүг бууруулах ёстой. Хэрвээ арилжааны банкууд зээлийг олгохдоо хүүг бууруулж чадахгүй гэвэл өөр механизм хайж, эцсийн хэрэглэгчдэд хүргэх арга бодох нь чухал. Ингэхгүй бол нийгмийн хамгийн тулгамдсан асуудал болсон ядуурал, ажилгүйдлийн төвшинг бууруулж чадахгүй. Оюуны асар их чадамжтай, юуг ч бүтээж чадах хэрнээ барьцаа хөрөнгөгүйгээс ийм зээл авч чаддаггүй олон иргэн бий. Тэднийг зээлд хамруулах бодлогыг төр баримтлах ёстой” гэв. Сангийн сайд С.Баярцогт хэлэхдээ “Японы тал уг зээлийг арилжааны банкаар дамжуулахыг нөхцөлдөө заасан. Нөгөө талаас зээлийг дамжуулан зээлдүүлж байгаа арилжааны банкууд эрсдлийг өөр дээрээ даадаг. Өнгөрсөн түүхээ харвал 1990-ээд оны үед Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийг бид банкаар дамжуулалгүй олгосноос зээлийн бүртгэл үгүй болох гэх мэт сөрөг үр дагавар гарч байсныг санах хэрэгтэй. Гуравдугаарт, анхаарах асуудал нь уг зээлийг дамжуулан олгож байгаа арилжааны банкуудыг шууд зээлийн хүүг бууруулах ёстой гэж захиргаадалтын арга хэрэглэх нь эрсдэлтэй. Банкны систем бол өөрөө их эмзэг. Японы талаас бол зээлийн хүүг тэд рүү хүртэл бууруул гэж тулгадаггүй, гэхдээ арилжааны банкуудын олгож байгаа бусад зээлийн хүүгээс бага байх ёстой гэсэн ерөнхий зөвлөмж өгдөг. Ер нь арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулахын тулд төрөөс хэд хэдэн ажлыг хийх шаардлагатай. Нэн тэргүүнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх. Энэ чиглэл рүү Засгийн газар ажиллаад эхэлсэн. Мөн Хөгжлийн банк байгуулахаар зорьж байна” гэсэн юм.
Хэдийгээр парламентын төвшинд энэхүү Япон улсаас авах хөнгөлөлттэй зээлийн хүүг эцсийн хэрэглэгчид очих шатанд бууруулах ёстой гэсэн шаардлагыг Сангийн сайдад хаяглан тавьж байсан ч, одоогоор ийм боломж хомс бололтой. Гэхдээ чамлахаар чанга атга гэж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн нэг дэх шатны зээлийн хэлэлцээрийн үр дүн муугүй гэсэн үнэлгээг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдан ажилласан ажлын хэсэг гаргажээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг ахалсан байна. Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хооронд байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах” зээлийн нэгдүгээр үе шатан дахь зээлийн үндсэн санхүүжилт 25 сая ам.доллар байсан аж. Төслийн хүрээнд 2007-2010 оны хооронд найман арилжааны банкаар дамжуулан 139 аж ахуйн нэгжид 9.588 мянган ам.доллар, 27.122.9 сая төгрөгийн зээл олгожээ. Зээлийн 66-70 хувийг үйлдвэрлэлийн салбарт, 8-13 хувийг үйлчилгээний салбарт, 17.26 хувийг байгаль орчныг хамгаалах чиглэлд олгосон аж. Ингэснээр өнгөрсөн хугацаанд 865 ажлын байр шинээр бий болжээ.
Зээл авсан аж ахуйн нэгжүүдээс 94.7 хувь нь гэрээний дагуу зээлээ эргэн төлж байгаа ч, “Дэлгэр интернэшнл”, “Тунгалаг алт”, “Хүрд оргил”, “Ганшунх” гэсэн компаниуд зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа хэтрүүлжээ гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргасан байв. Мөн зээл авсан аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайландаа нэг миллиард 895 сая төгрөгийг тусгаагүй байсан. Энэ нь татвар төлөхөөс зайлсхийж, авсан зээлээ төлөхгүй, цаашлаад зээлийг хүчингүй болгуулах нөхцлийг бүрдүүлэх, сөрөг үр дагавартайг цаашид анхаарах ёстойг санууллаа. Түүнчлэн төсөл 2006 оны арванхоёрдугаар сарын сүүлээс хэрэгжиж эхэлсэн ч, төслийн зээлийн 30-аад хувийг 2009-2010 оны хооронд аж ахуйн нэгжүүдэд олгосон байгаа нь зээлийн хэрэгжилт удаан, хугацаа алдаж буйг харуулсан жишээ гэнэ.
Иймд ажлын хэсэг хоёр дахь шатанд хэрэгжих 60 сая орчим ам,долларын зээлийн төслийг хэрэгжүүлэхдээ дараах асуудлыг анхаарч үзэх шаардлагатай хэмээн үзэж, Засгийн газарт чиглэл өгчээ. Үүнд зээлийг төрийн бодлогоор тодорхой салбар луу чиглүүлэх, зориулалтын дагуу ашиглуулах. Аж ахуйн нэгжүүд зээлээ санхүүгийн тайлан бүртгэлдээ заавал тусгадаг байхыг зээлийн нэг нөхцөл болгох. Зээлийн хүүг бууруулж, хугацааг сунгах боломжийг судлах. Төслийг шалгаруулах, хэрэгжүүлэх явц, үр дүнг ил тод болгох. Төслийн удирдах хорооны гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, зээлийн ашиглалтын явц, үр дүнд одоогоор Япон улсын төслийн зөвлөх компанийн төлөөлөгч хэлбэрээр ажиллаж ирсэн Төслийн зөвлөх нэгжийн гүйцэтгэж буй үүргийг боломжтой бол Жижиг, дунд үйлдвэрийн газарт хариуцуулах. Тухайн үед баталгаат барьцаанд үндэслэж, “Анод”, “Зоос” банкуудаас олгогдсон, одоо чанаргүй муу зээлд хамрагдаад байгаа аж ахуйн нэгжүүдийн зээлийг Сангийн яам, Төслийн удирдах хороо, нэгж хариуцаж эргэн төлүүлэхийг үүрэг болгожээ. Эдгээрийг Сангийн сайд хэрэгжүүлэх боломжтой гэдгээ мэдэгдээд байгаа юм.