1980-аад онд хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн зайд хамгийн хурдан тамирчин хэн байсан бэ гэвэл уг спортыг сонирхогчид Канадын Бэн Жонсон, Америкийн Карл Люис нарыг нэрлэх биз ээ. Гэхдээ хамгийн дуулиан шуугиантай нь мэдээж Канадын тамирчин Бэн Жонсон байв. Тэрээр 1987 оны дэлхийн аварга, 1988 оны Сөүлийн олимпийн аваргад дэлхийн дээд амжилтыг 9,79 секунд болгон шинэчлэн, алтан медаль хүртэж байсан ч Стэройд Станозолол хэмээх допингийн төрлийн бодис илэрсний улмаас дээрх алтан медалиа хураалгаж, гурван жилийн хугацаанд тэмцээн, уралдаанд оролцох эрхээ хасуулж байлаа. Энэ нь түүхэнд анх удаагаа допингийн улмаас шийтгүүлсэн тохиолдол болон бүртгэгдсэн юм. Бэн Жонсоны дасгалжуулагч Чарли Фрэнсис энэ бүх допингийн асуудлыг хариуцаж байсан нь хожим тодорхой болсон. Дасгалжуулагч нь тамирчиндаа сэргээшийн төрлийн бодис өгч байсан тухайн үеийн нийтлэг байдлын өнгө төрх нь Чарли Фрэнсис, Бэн Жонсон нар байсан юм. Тэгвэл Уг асуудлыг үүсгэж байсан дасгалжуулагч Чарли Фрэнсис өчигдөр 61 насандаа таалал төгсчээ. Хорт хавдартай таван жилийн турш тэмцсэн тэрээр Торонтогийн эмнэлэгт нас барсан байна. Фрэнсис нь Бэн Жонсоноос гадна 100 метрийн дэлхийн рекордыг эзэмшиж байсан Тим Монтгомэри, Мэрион Жонс нартай хамтарч байсан бөгөөд эдгээр тамирчид мөн л допинг хэрэглэсэн нь илэрч эрхээ хасуулсан билээ.
Чарли Фрэнсис 1988 оны олимпийн үеэр.
Чарли Фрэнсис 1988 оны олимпийн үеэр.