
-Он гарснаас хойш архи, согтууруулах ундаа сурталчилсан байгууллагуудад ямар арга хэмжээ авсан бэ?
-Согтууруулах ундааны далд сурталчилгаа байсаар байна. Ялангуяа баяр наадам, тэмдэглэлт өдрүүдээр идэвхитэй болдог. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг шалгаж 51 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Харин он гарсаар Зүүн хараа трейд, Жем интернэшнл, СББ, М Ти Эс, UFC, MCS, Спорт бал бурам зэрэг томоохон үйлдвэрлэгчид реклам зар сурталчилгааг телевиз, өдөр тутмын сонин, сэтгүүл, интернэт сайтуудаар дамжуулан олон нийтэд түгээсэн. Одоогийн байдлаар UFC, Жем интернэшнл компаниудад 15-20 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна.
-Нэг байгууллагыг 10-20 сая төгрөгөөр торголоо гээд үр дүн байгаа юм уу?
-Мэдээж эхний ээлжинд торгоно. Захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Энэ үйлдлээ удаа дараа давтсан тохиолдолд үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна.
-Хэдэн удаа хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох вэ. Үүнийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй юу?
-Одоогоор хэдэн удаа гэсэн тодорхой зүйл байхгүй. Үүнийг харилцан зөвшилцөж байж шийдвэрлэнэ. Монголдоо томоохонд тооцогдох үйлдвэрүүд учир шууд л зөвшөөрлийг нь хүчингүй болгоно гэдэг хүндрэлтэй. Энэ асуудлыг дан ганц манай байгууллага мэдэхгүй. Бид саналаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тавьж, хамтран хэлэлцэж байж шийдэх асуудал юм.
-Хууль бус сурталчилгаа явуулсныхаа төлөө төлсөн торгуулийн мөнгийг хаана, хэн, хэрхэн зарцуулдаг вэ?
-Энэ мөнгө шууд төрийн санд ордог. Торгуулийн мөнгөнөөс манай байгууллагад нэг ч төгрөг ордоггүй. Бид чиг үүргийнхээ дагуу хяналт тавьж, хариуцлага тооцох ажлаа л хийнэ шүү дээ.
-Буяны ажил, хандив тусламж өгөх нэрээр архины сурталчилгаа хийж байна. Энэ далд сурталчилгаа мөн үү?
-Мөн байлгүй яахав. Архи, согтууруулах ундааны сурталчилгаанд хяналт тавиад, хариуцлага тооцоод, хууль нь чангараад ирэхээр далд сурталчилгааны хэлбэр өөр болж байна. Мөн хөдөлгөөнт сурталгаа , архины амталгаат худалдаа ч орно.
-Саяхан “Чингис” брэндийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд оролцсон. Тэгэхээр Ерөнхий сайд ч бас далд сурталчилгаанд ороод байгаа юм биш үү?
-Тухайн архины нээлтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн түгээж байгаагаас л шалтгаална. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд архины сурталчилгаа хийх гэж очоогүй. Үүнийг шууд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
-Тэгвэл Монгол стандарт архийг сурталчилсан олны танил хүмүүст арга хэмжээ авах уу?
-Энэ бол яах аргагүй хууль бус сурталчилгаа. Олны танил хүмүүстэй биечилж уулзаж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч, торгууль оногдуулдаг. Гэвч үүнийг тухайн компани л төлдөг. Тэглээ гээд олны танил хүмүүс архины далд сурталчилгаанд тоглохоос татгалзах хэмжээний ухамсартай байх хэрэгтэй л дээ.
-Архины сурталчилгаа хөдөө орон нутагт ч бий. Орон нутагт хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын одоогийн ажиллаж байгаа бүрэлдэхүүн орон нутагт хүрч ажиллахад хангалттай хүрэлцдэггүй. Тиймээс бид холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлж байна гэв.
Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан хуурамч архины худалдаанд хийсэн шалгалтын талаар Нийслэлийн цагдаагийн газрын дарга хурандаа С.Баатаржаваас тодруулахад “Цагаан сар” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 1200 шил хуурамч архийг хураан авч устган хэргийг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байна. Энэ арга хэмжээ ирэх сарын 17 хүртэл үргэлжилнэ” гэдэг хариултыг өгсөн юм. Дашрамд дуулгахад олон хоног архи хэтрүүлэн хэрэглэснээс амь насаа алдах явдал эрс өсчээ. 2010 онд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гаргасан тоо баримтаар 419 хүн метилийн спиртэд хордон нас барсан болох нь тогтоогджээ.