”East” төвийн галыг унтраахад 300 тонн ус зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

”East” төвийн галыг унтраахад 300 тонн ус зарцуулжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн Лхагва гаригийн 12 цагт  Баянзүрх дүүргийн XIII хорооллын  “East” худалдаа, үйлчилгээний төвийн байранд гал гарч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж шөнийн 02,30 цагт  галыг бүрэн унтраасан талаар “АЭ” өмнө нь мэдээлсэн. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газар мэдээлэл хийлээ.  Галыг НОБГ-ын зургаан тасгийн  97 албан хаагч ажиллаж унтраасан бөгөөд 300 тонн  ус гал унтраахад ашиглажээ. Гал гарсан шалтгаан 14 хоногийн дараа тодорхой болох юм. Урьдчилсан  дүгнэлт хэрхэн гарсан талаар НОБГ-ын орлогч дарга, гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн дарга тэргүүн ахмад Д.Эрдэнэбаатараас тодруулсан юм.

    -“East” худалдаа, үйлчилгээний төвийн байранд гарсан галын шалтгааныг урьд­чилсан байдлаар юу гэж тогтоосон бэ?

    – Урьдчилсан дүнгээр гал тогооны өрөөнд гагнуур хийж байсан. Үүнээс болж гал гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа.  14 хоногийн дараа  шалгаж тогтоогоод хариуг нь мэдэгдэх болно. Тус барилга 1992 онд баригдсан бөгөөд 2007 оноос Монгол Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттай “East castle” ХХК худалдан авч үйлчилгээний зориулалтаар түрээслэдэг болсон юм билээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Шадар сайдын тушаалаар аж ахуй нэгж, худалдааны төвд шалгалт хийх удирдамжийн дагуу мөн арванхоёрдугаар сард протехникийн бүтээгдэхүүн ашиглахгүй байх нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ удирдамжийн дагуу  тус төвд  галын аюулгүй байдлын  шалгалт хийсэн.  Тус компанид гал түймрээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдал хангалтгүй учраас мэдэгдэл хүргүүлж байсан.  НОБГ-ын удаа дараагийн мэдэгдлийн дагуу шаардлагыг биелүүлээгүй

    -Гал “МЕССА” баарнаас гарсан байж болзошгүй гэж байсан. Тус баарны гал тогоонд гагнуур хийж байсан  юм уу?

    – Энэ бар нь галын аюулгүй байдалыг огт хангаагүй гал унтраах анхан шатны багаж байхгүй байсан бөгөөд баарны гал тогоонд гагнуур хийсэн байгаа юм. Гал эндээс гарсан байх магадлалтай. Бусад давхар луу гал гараагүй ч тус барны эд хөрөнгө тэр чигээрээ шатсан.

    -Гадаад орнуудад галыг хөөсөөр түргэн хугацаанд унтраадаг. Галыг унтраахад их хугацаа зарцуулсан. Манайд тэр хөөсийг ашиглах боломжтой юу?

    -Хөөсөөр гал унтраадаг технологи нь их өртөг өндөртэй байдаг. Манайд хамгийн хямд өртөгтэй нь ус байгаа юм. Хөөсөөр битүү эзэлхүүнд гарсан галыг унтраадаг. Энэ галыг хөөсөөр унтраах боломжгүй байсан. Манайх тоног төхөөрөмжийн хувьд  олон улсын төвшинд хүрч тодорхой дэвшилтүүд гарсан. 

    -Галыг 14 цаг ажиллаж байж унтраасан. Энэ нь хүн хүч, тоног төхөөрөмж дутагдалтайгаас болсон юм биш үү?

    -Хурдан унтраах боломжгүй байсан. Тухайн барилга дээвэр лүү гарах гарц байхгүй. Дээвэр нь төмөр хавтангаар хийсэн учраас цацсан ус 10 минутын дараа хөлдөн гулгаатай болж аврагчийн биед гэмтэл учруулах эрсдэлтэй болсон. Тухайн барилгын хийц мод байсан нь гал түргэн авалцаж, дэлбэрэх шалтгаан болсон. Хамгийн гол шалтгаан нь дуудлагыг хугацаа алдаж өгсөн.

    -Галыг унтраахад хэр хэмжээний ус зарцуулсан бэ. Мөн тухайн байгууллагад үйл ажиллагаа явуулдаг байсан аж ахуйн нэгжийн хохирлын хэмжээг тогтоосон уу?

    -Нийт 300 тонн ус, 1550 литр шатахуун зарцуулсан.  Ус сувгийн удирдах газрын усны машинууд усаар хангасан. Хохирогчдийн хохиролыг хэн төлөхийг цагдаагийн газар гал гарсан шалтгааны хариу  гарсаны дараа тогтооно. Бид галын дүгнэлтийг гаргаж өгнө. Тухайн байгууллагад таван аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Ганцхан  “МЕССА” баар галд өртсөн.  Бусад нь хохирол багатай гэж болно.

    -Гал гарч байсан газар шатахуун түгээх станц ойрхон зайтай байсан. Ер нь шатахуун түгээх станц аж ахуй нэгж, байгууллагаас хэдэн метрийн зайтай байх ёстой юм бэ?

    -Шатахуун түгээх станц хотын төвд байх ёсгүй гэсэн хууль байхгүй. Ойр орчмын барилгаас шалтгаалаад 30-150 метрийн зайд байна. Харин галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хангасан байх шаардлагатай.  


    Ш.Чимэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж