Лу.Гантөмөр: Бид ардчилсан намын сүүл биш…

Хуучирсан мэдээ: 2010.01.15-нд нийтлэгдсэн

Лу.Гантөмөр: Бид ардчилсан намын сүүл биш…

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Үндсэн хуулийн ой болж өнгөрлөө. Гэвч Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол цаг үеэсээ хоцроод байна гэж ярьдаг хэсэг бий. Засаг захиргааны нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулах, засаглалынхаа хэлбэрийг сонгодог парламентын засаглал руу ойртуулах гэх мэтчилэн. Та ч гэсэн үүнийг дэмжих байх?
-Үндсэн хуулийг анх баталсан гишүүдэд эхлээд баяр хүргэе. Ардчилсан Монгол Улсыг байгуулья гэж тэр үед зориглосон нийт монголчууддаа бас баяр хүргэе. Шинэ Үндсэн хуулийг батлаад 18 жил боллоо, хүнээр бол эрийн цээнд хүрдэг нас. Мэдээж Үндсэн хуультай холбоотой асар олон асуудлыг ярьдаг. Гэхдээ миний харж байгаагаар анх батлахдаа бас ч тийм муу боловсруулсан хууль биш. Тэр үеийн сэхээтнүүдийн ур ухааныг шингээсэн, монгол төр ямар байх ёстойг тодорхойлж чадсан хууль. Харин үүнээс салаалж гарсан хуулиуд дотор зөрчилтэй, судалгаа багатай зүйлүүд бий. Үүнийг би хувьдаа Засгийн газарт маань хууль боловсруулах чадамж жилээс жилд алдагдаж байгаатай холбоотой л гэж боддог. Мэргэшсэн хуульчид цөөрөөд байна. Сүүлийн үед гарч байгаа хуулиуд хоорондоо уялдаа холбоогүй, авцалдаагүй гараад байна. Үндсэн хуулийг яг одоо өөрчлөх ёстой гэсэн хүмүүс ч байгаа. Гэхдээ өөрчлөхийн өмнө яаж хамгаалж, яаж мөрдөх вэ гэдэг дээр эхлээд нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй. Энэ чиглэлээр ажлын хэсэг гарсан. Үндсэн хуулийг хэн дуртай нь, тэр тусмаа хуйвалдааны замаар, сэтгэлийн хөдөлгөөнөөр өөрчилж болохгүй гэдэг санааг шингээх гэж оролдож байна. Энэ журмыг батлахтай уялдуулаад 2000 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийг буцаах хэрэгтэй гэж бодож байна. Засаглалын хэлбэрийг илүү баталгаажуулж, парламентынхаа засаглалаар явахын тулд Засгийн газар нь бие даасан үйл ажиллагаа явуулдаг, түүнийг нь УИХ хянаж, хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлдэг, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэдэггүй байя. Уг нь энэ зарчим Үндсэн хуульд байсныг 2000 оны өөрчлөлтөөр алга болгочихсон. Ялангуяа УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний албыг давхар хашдагийг болиулах ёстой. Тэгэхгүй бол энэ 76 дотор Засгийн газрын гишүүний эзлэх хувь 20-30 хувьд хүрчихээд байна. Тийм учраас Үндсэн хуулийн тэр өөрчлөлтийг буцаая. Үнэхээр Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж үзэж байгаа хүмүүс бол ямар шат дараатайгаар, ямар нөхцөлд өөрчлөх ёстой вэ гэдгийг тод томруунаар зааж өгөх хэрэгтэй. Энэ хоёр ажлыг л хийх шаардлагатай юм болов уу гэж харж байгаа. Засгийн газар, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагынхаа бие даасан байдлыг  баталгаажуулахын төлөө ажиллах ёстой. Манайд өнөөдөр тохиолдож байгаа олон бэрхшээл, учраа олохгүй байгаа энэ байдал Үндсэн хуулиа ягштал мөрдөхгүй байгаатай холбоотой. Тэгж харагдаж байна. Нэг зүйл дутуу байгаа нь Ерөнхий сайдын эрх мэдэл их дутуу тусгагдсан байдаг, үүнийг яах вэ гэдэг асуудал байгаа. Сонгодог парламентын засаглалтай оронд бол Ерөнхий сайд нь парламентаа тараах эрхтэй байдаг. Манайд тийм эрх байхгүй, энэ мэтийг ч гэсэн эргэж харах ёстой. Засаг захиргааны нэгжийн хуваарийн өөрчлөлтийг бол Үндсэн хуульд гар хүрэхгүйгээр хийх боломж байгаа. Зүгээр л итгэл үнэмшлийн асуудал. Монголын эдийн засаг өнөөдрийн байгаа энэ засаг захиргааны нэгжийг цаашдаа авч явах чадваргүй гэдэг дүгнэлтэд хаана хаанаа хүрцгээе.

-Оны өмнө баталсан Төсвийн хууль УИХ-ын гишүүдийн нэр дээр төсөвт суулгасан тэрбум төгрөгөөс болж сая Цэц дээр оччихлоо.Цэц УИХ-ыг буруутгасан шийдвэр гаргалаа ч гэсэн УИХ дахиад л хүлээж авахгүй байлгүй?
-УИХ-ын гишүүн өөртөө байгаа мэдээлэл дээр тулгуурлаж төсөвт мөнгө суулгадаг асуудлыг яах аргагүй зөв гэж хэлэх гишүүд бол цөөхөн. Угаасаа засаглалын тэнцвэрийг алдагдуулсан зүйл. Тиймээс үүнийг Төсвийн удирдлага санхүүжилтийн хуулиараа ч юм уу, ямар нэг байдлаар хязгаарлаж өгье. Манайхан улс төрийн тэр соёлоо өөрсөддөө суулгаж чадахгүй байна л даа. Жишээлбэл, Ерөнхий сайд төсвөө өргөн бариад, хэрвээ миний өргөн барьсан төсөл хэрвээ таалагдахгүй бол намайг огцруулах асуудлыг ярь гэж УИХ дээр зоригтой дуугардаг байя. Тэр нь байхгүй учраас УИХ-ын гишүүд төсвийг дур зоргоороо өөрчлөх боломжтой болчихож байгаа юм. Хэтэрхий дур зоргоор өөрчлөхөөр төсөвт хүндрэл гарна шүү дээ. Байнгын хороод дээр гарсан саналыг жагсаагаад үзэхэд гишүүд хөрөнгө оруулалтыг шууд 200-гаад тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд гараад ирдэг байхгүй юу. Үүнийг хуулиар хязгаарлах хэрэгтэй. Энэ хязгаарлалт нь байхгүй учраас Засгийн газар УИХ-ын өмнө буулт хийж, “тэгвэл та бүхэн тодорхой хэмжээний мөнгөн дүнд багтааж саналаа хэл ээ” гэж байгаа хэрэг л дээ. Миний нэг эмзэглэж байгаа зүйл гэвэл мэдээж Гантөмөр гэдэг гишүүнд төсөвт саналаа хэлэх эрх байгаа, миний сонгогдсон тойрогт төсвийн хөрөнгөөр хийх ёстой асар их ажил хүлээгдэж байгаа. Наад зах нь гэр хороолол руу дэд бүтэц, гэрэлтүүлэг тавих ёстой, замын түгжрэлийг арилгахын тулд давхар зам тавих хэрэгтэй гэхчилэн. Энэ саналаа би төсвийн хуулинд оруулах эрхтэй. Гэтэл энэ 76 тэрбум гэдэг тэгшитгэсэн тооноос болоод би Өвөрхангайн Тарагт суманд хийж байгаа ажил үр дүнтэй юу үгүй юу гэдэг дээр санал хэлэх эрх нь хаагдчихаад байгаа юм. Бүх гишүүд өөр өөрийнхөө саналыг дэмжих ёстой гэсэн зарчим дээр оччихоор үр ашиггүй хөрөнгө оруулалт өөр хэн нэг нь хийж байхад өөр бусад гишүүд нь түүнийг эсэргүүцэх боломжгүй болгочихож байна. Хамгийн болохгүй байгаа зүйл нь энэ. Тийм учраас УИХ-ын гишүүд төсөвт дур зоргоороо хөдөлгөөн оруулдаг байдлыг хуулиар заавал хязгаарлаж өгөх ёстой. Түүнээс биш УИХ-ын гишүүд нэг их айхтар Үндсэн хууль зөрчөөд, эсвэл тэрбум төгрөг авч идээд байгаа асуудал байхгүй.
Ер нь цаашдаа төсвийн захирагч нь анхан шатандаа очих ёстой. Дүүрэг өөрөө орлогоо тооцоолж, төсвөө батлаад, тэндээ тендэрээ зарлаад санхүүжүүлээд явах хэрэгтэй. Хот ч, аймгууд ч ялгаагүй. Иймэрхүү байдлаар хуулиараа нэгбүрчлэн зохицуулалтыг нь хийчих юм бол УИХ-ын гишүүд тэр аймгийн энэ суманд худаг ухья, баг руу зам тавья гэсэн жижиг сажиг хөрөнгө оруулалтаар хөөцөлдөхгүй. Бас нэг буруу хандлага нь нэг жижигхэн хөрөнгө оруулалт хийчихээрээ УИХ, Засгийн газрын гишүүд уралдаж очоод тууз хайчилдаг. Үүнийг цаашдаа болих хэрэгтэй. Засгийн газраас тогтоол гаргаад “Төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн аливаа ажил УИХ, Засгийн газрын гишүүдэд хамаарахгүй” л гэчих хэрэгтэй. Тэгэхгүй бол ажил хийсэн хүн болж, худлаа “пиар” хийдэг уралдаан болчихлоо шүү дээ. Нэг гишүүн “би зам тавьчихлаа”, нөгөө нь “би цахилгаан татчихлаа” гээд зурагтаар гараад байхаар гишүүн болгонд тийм хүсэл төрж эхэлж байна. Яагаад гэвэл УИХ-ын гишүүд тойрогтоо очихоор сонгогчид нь “Та тойрогтоо юу хийсэн бэ” гэж заавал асуудаг.

-Танд ч гэсэн тийм хүсэл төрж байна уу?
-Мэдээж шүү дээ. Би ч ялгаагүй л тэр хүмүүсийн нэг. Бэлх, Сэлхэд зам тавичихаад “би тавилаа шүү”, сургууль баригдахаар “би оролцлоо шүү” гээд, эмнэлэг байгуулахаар очиж тууз хайчлаад л явна. Тэгэхгүй бол “Чи ерөөсөө манай тойрогт юм хийгээгүй” гэдэг. Тийм учраас сонгогдсон УИХ-ын гишүүн гэж юу юм бэ гэдгийг ард түмэндээ нэг мөр ойлгуулж, улстөрчид өөрсдөө нэг мөр ойлголттой болох хэрэгтэй байна. Энэ хүмүүс хууль батлах ёстой, ард түмний эрх ашгийг дээдэлж, Үндсэн хуулиа сахих ёстой хүмүүс. Түүнээс биш танай гэрийн хажуугаар явж байгаа замд энэ хүн оролцох ёсгүй, дүүрэг нь хийж, мэргэжлийн холбоод нь ярих ёстой гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ажил үүргээ хувааж явахгүй бол УИХ-ын гишүүд аягүй хүнд байдалд байна. Ирж байгаа асуудлын ихэнх нь тойрогтой холбоотой, түүнийг шийдэх мөнгө төсвөөс л гардаг. Төсвөөс мөнгө гаргахын тулд гишүүд төсөв дээр санал хэлдэг, дараа нь “УИХ-ын гишүүд өөрсдөө авчихлаа” гэдэг асуудалтай учрах гээд байна л даа. Үүнийг болихын тулд асуудлыг цогцоор нь шийдэж, гишүүд төсөвт санал оруулах эрхгүй боллоо шүү гэдгийг зарлах хэрэгтэй. Мэдээж Засгийн газрын оруулж ирсэн төсөв буруу байна гэвэл буцаах эрх нь гишүүдэд байгаа.

-Та бүлгийн дэд дарга болсноосоо хойш ер нь л ихэнхдээ олонхийн амаар дуугараад байх шиг. Өөртэйгээ зөрчилдөхгүй байна уу?
-Бүлгийн удирдлага бүлгийн шийдвэрийг хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр хувь хүний байр суурь тодорхой хэмжээгээр хаягдана, энэ бол яах ч аргагүй зүйл. Гэхдээ үнэхээр улс орны эрх ашигт хохиролтой зүйл гарвал өөрийнхөө байр суурийг илэрхийлээд л явна. Жишээ нь Төсвийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсныг зөв гэж би бодож байна. Хоригийг хүлээж авах зайлшгүй шаардлага байсан. Харамсалтай нь манай бүлэг олонхиороо хүлээж авахгүй гэдэг санал гаргасан, мэдээж би хүлээж авна гэдэг саналаа өгсөн. Үнэхээр Монгол улсын эрх ашиг, УИХ-ын нэр хүндэд харш иймэрхүү асуудал орж ирвэл өөрийнхөө санал бодлыг өөрийнхөөрөө илэрхийлээд л явна. Гэхдээ мэдээж хэдийд бүлгийн байр суурийг, хэдийд өөрийнхөө байр суурийг илэрхийлэх юэ гэдэг дээр  бас нэг зөв харьцаа байна л даа.

-Сонгуулийн хуулийн өөрчлөлт энэ чуулганаар орох ёстой. Танайх пропорционалийг дэмжиж байгаа. Гэтэл МАХН-ын бүлэг одоо хүртэл байр сууриа ил гаргаагүй байна. Хоёр бүлэг нэгдсэн шийдвэр гаргаж, зөвшилцөлд хүрэхэд бүлгийн дарга нарын байр суурь их үүрэг гүйцэтгэдэг гэж бий боддог…
-Жижиг мажоритарийг авахгүй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн. Ерөөсөө УИХ-д сонгогчдын санал заавал туссан байх ёстой. 51 хувийн санал авсан нам 51 хувийн л суудалтай байх ёстой.  49 хувийн санал авсан төлөөлөл нь бас УИХ-д байж байх ёстой. Энэ бол шударга зарчим. 2000 оны сонгууль шиг 51 хувийн санал авчихаад 70 суудалтай болдог харалган зүйл рүү орохгүй шүү гэдгийг бүлэг дээр ярьсан. Гэхдээ эцсийн байдлаар шийдвэрт хүрээгүй байна. Миний хувийн байр суурь бол сонгуулийг л аль болох мөнгөнөөс холдуулмаар байна. Аль болох оюун санаагаа уралдуулж чаддаг хүмүүс нь УИХ-д орж ирмээр байна. Түүн дотор Гантөмөр гэдэг хүн байж чадах уу, үгүй юу гэдэг нь тусдаа асуудал. Тийм учраас УИХ-ын гишүүд сонгуулийн хуулийг өөртөө тааруулахын төлөө битгий яваасай л гэж хүсэх байна. Мөнгөтэй хүмүүс өндөр албан тушаалд очдог биш, Монголын бүх иргэнд сонгох сонгогдох эрх нь, тэр эрхээ хэрэгжүүлэх боломж нь бас байх ёстой. Эрх нь байдаг мөртлөө боломж нь байхгүй байж болохгүй шүү дээ. Өнөөдрийн байдлаар энэ боломжийг мөнгөөр хязгаарлах гээд байна. Мөнгөтэй хүмүүс жижиг тойрог дээр очоод суварга байгуулж, овоо тахиж, наадам хийдэг, цагаан сараар золгоод мөнгө тараадаг гэх мэтчилэн. Иймэрхүү байдлаар мөнгөөр аархаж сонгуульд ордог байдлыг халахгүй бол жинхэнэ оюун ухаанаа уралдуулах ёстой энэ талбар маань том олигархиудын мэдэлд оччих гээд байна. Үүнээс зайлсхийж байна гээд нэг, хоёр намын даргын гарт орчихож бас болохгүй. Тийм учраас сонгуулийг зөвхөн пропорциональ болгоод орхих биш, улс төрийн намуудын хуульд бас өөрчлөлт оруулах хэрэгтэй. Нам дотроо, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, ажил хийх чадвартай, оюун санааны чиглүүлэгч байж чадах хүмүүсийг нэр дэвшүүлж гаргадаг тэр шалгуурыг бий болгох хэрэгтэй. Одоогийн энэ зохицуулатгүй хэвээрээ пропорциональ руу шууд орвол намын даргыг тойрсон, намд их мөнгө өгсөн хүмүүс сонгогдох, сонгогдсоныхоо дараа ард түмний эрх ашиг гэхээсээ илүү намын эрх ашигт үйлчлэх магадлал их болчихоод байгаа юм. Хамгийн боломжтой хувилбар нь холимог систем юм гэж би харж байгаа. Ер нь олон хүн тэгж харж байна.

-УИХ-ын тухай хуулиудын шинэчлэл дээр Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Гэвч УИХ-ын дарга “УИХ өөрийнхөө тухай хууль дээр ингэж зөрчилдөж болохгүй. Хоёр нам яаралтай зохицоод асуудлаа оруулж ир” гэсэн байсан. Тэгэхээр МАХН олонхиороо түрээд шийднэ гэсэн үг үү?
-Бид дахиад л завсарлагаа авна шүү дээ. Өнөөдөр УИХ-ын тухай хуулиас болоод гацчихаад байгаа зүйл Монголд байхгүй. Энэ хуулийн өөрчлөлт байсан ч, байгаагүй ч өнөөдрийнхөө хуулиар амьдрал яваад л байна. Завсарлага авснаас болоод ард түмний эрх ашиг нэг их хохирохгүй. Тийм учраас хоёр намын бүлэг ойлголцож байж, зөв, шинэлэг зарчмаа оруулаад энэ хуулиудыг баталья л гэж байгаа.

-Аливаа юм үргэлж л ахиж дэвшиж явах ёстой. Миний харж байгаагаар өмнөх УИХ-ын үед ажиллаж байсан Ардчилсан намын бүлэг тодорхой асуудлууд дээр МАХН-ын бүлгийг чирч явдаг байсан. Завсарлага авах, зөвшилцөл хийх гэх мэтээр асуудлыг тулгадаг. Магадгүй Засгийн газраас гарсан нь ч бас нөлөөлсөн байх. Гэтэл өнөөдөр бол асуудлыг МАХН-ын бүлэг шийдээд байх шиг харагддаг?
-Олон асуудал манай бүлгийн байр сууриар шийдэгддэг, цаашдаа ч тийм байх болно гэж бодож байна. Яагаад гэвэл бидэнд нийгмийг өөрчлөх, шинэчлэх талаар урдаа тавьсан зорилт олон бий. Түүнийгээ хийх л болно. Сүүлийн үед харин ч МАХН-ын бүлэг дээр “Ардчилсан намын бүлэгт дөрлүүлээд байна, цөөнхийн ноёрхол тогтчихлоо” гэсэн гомдол тасрахгүй байгаа шүү дээ.

-Жишээлбэл?
-Өнөөдрийг хүртэл ардчилсан хувьсгалыг ардчилсан хувьсгал биш, зүгээр л нэг өөрчлөлт шинэчлэл байсан юм гэдэг байдлаар хандаж ирлээ шүү дээ. Гэтэл ардчилсан Ерөнхийлөгч, манай Ардчилсан намын бүлгийн шахалт шаардлагаар “Энэ бол ардчилсан хувьсгал байжээ” гэдгийг Монголын төр анх удаагаа хүлээн зөвшөөрч, Монголын ард түмний баяр боллоо. Энэ нь жишээ нь Ардчилсан намын гишүүн биш хүмүүст бас таалагдахгүй л байгаа байхгүй юу. Гэхмэтчилэн олон зүйлүүд бий. Одоо ч гэсэн бид хамтраад юм хийчих гэж оролдоод л явж байна. Энэ оролдлогоо унагачихгүйн тулд Ардчилсан намын бүлэг бас л хязгаарлагдмал орчинд ажиллаж байгаа. Гэхдээ бид ямар ч тохиолдолд УИХ дээр орж ирж байгаа хууль тогтоомжуудыг гажигтай, муу хууль гаргахгүйн төлөө байгаа. Хамтарч байгаа энэ үеэ ашиглаад томоохон өөрчлөлтүүдийг хийчих боломжийг эрэлхийлж байна. Ийм боломж байгаа гэж бид харж байна. Гол нь олонхийн бүлэг маань бас тийм хүсэл зоригтой байгаасай гэж хүсч байна. Эрүүл мэндийн салбарт эхэлсэн өөрчлөлтүүдийг дуусгах, боловсролынхоо салбарыг өөд нь татах хэрэгтэй байна. Боловсролын салбар бол үнэхээр гажигтай байна. Нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй. Зөвхөн уул уурхайг эргэлтэд оруулахаас гадна Монголын нийгэмд өнөөдөр тулгамдаад байгаа асуудлуудаа нэг мөр шийдэхийн төлөө, тэр тусмаа 2010 ондоо багтаагаад шийдэхийн төлөө бид хатуу эрмэлзэлтэй байгаа. Гэхдээ энэ шийдлийг зөвхөн Ардчилсан нам биш, хоёр нам хамтраад шийдсэн юм гэдэг уур амьсгалаар хийх ёстой.

-Би бол уул уурхайн баялагт хяналтаа тогтоох, тэр хяналтаа алдчихгүйн тулд л Ардчилсан нам Засгийн газарт байгаа гэж харж байгаа?
-Бид зөвхөн уул уурхайгаар амьдарна гэж хэзээ ч бодож болохгүй. Уул уурхай бидэнд илүү боломжийг авчирна гэж л харах ёстой. Уул уурхайгүйгээр бид хангалттай амьдрах боломжтой. Солонгос, Япон, Тайваниуд шиг амьдрах ухаан, тийм нийгмийн харилцаа бидэнд хэрэгтэй. Гэтэл энэ нийгмийн харилцаанд чинь өнөөдөр болж байгаа юм нэг ширхэг алга гэж хүмүүс яриад байна. Энэ болохгүй байгаа зүйлүүдээ засахад хамтарсан Засгийн газар гэдэг бидэнд аягүй том зэвсэг. Хамтраагүй үед энэ олон зүйлийг засах гэхээр сонгуулийн өмнө эерэг дүн нь гардаггүй учраас эрх барьж байгаа нам дангаараа хийж чаддаггүй. Эсвэл би хийсэн, чи хийсэн гэж автороо булаацалддаг учраас бие биедээ “бойкот” хийж асуудлаа унагаад хийлгэдэггүй. Нэг нам дангаараа эрх мэдэлтэй байхдаа үүнийг хийж чадах уу гэвэл бүр үгүй. Нэг намын засаглал бүрэн тогтохоор өөрсдөдөө л зориулж ажилладаг учраас ард түмнийг чадваржуулах, бие даалгах бүх бодлогоо орхигдуулчихдаг. Бид л чадна, бид л шийднэ, бид л мөнгө олж, бид та нарыг сайхан амьдруулна гээд, ард түмний өмнө өөрсдийгөө томруулах бодлого руу явчихдаг. Ер нь тэгээд манай үеийнхэн намчирхаж, бүлгэрхэж, фракцалж явахаасаа илүү энэ улсыг хөгжүүлэхийн тулд яах вэ гэдэг асуултад хариулт өгч, ажил болгох хэрэгтэй байна. Хариултууд тодорхой байна, одоо хийх л ёстой.

-Удахгүй УИХ-аар “Инержи ресурс”-ын Ухаахудагаас Гашуун сухайт руу барих төмөр замын асуудлыг хэлэлцэх ёстой. Засгийн газар үүнийг дэмжиж байгаа юм шиг байна, харин та нөгөө талд нь гарсан юм шиг харагдсан?
-Талцуулах шалтгааныг гаргаж ирсэн нь Засгийн газрын буруу. Уул уурхайн компани гэдэг нэг асуудал, тээвэрлэх бол тусдаа асуудал. Миний зарчим бол хэзээ ч уул уурхайн компанид тээвэрлэлтийн эрхийг өгмөөргүй байна. Чи олборлолтоо хий, тээвэрлэлтийг чинь өөр компани хийнэ ээ л гэх ёстой. Тийм уч учраас “Монголын дэд бүтэц” гэдэг компанийг байгуулаад олон улсын зах зээл дээрээс мөнгө босгох санаачлага гараад, УИХ дээр хэлэлцэгдээд явж байна. Хоёрдугаарт монголчууд баялгаа гадныханд бүгдийг нь алдмааргүй байна. Цаашдаа лиценз хэзээ ч худалдаанд, арилжаанд, барьцаанд очиж болохгүй юм байна гэдэг л харагдаж байна. Одоо компаниуд төсөл хэрэгжүүлэхийн тулд лицензээ барьцаалаад асар их мөнгө босгож байна. Хэрвээ энэ үйл ажиллагаа доголдвол энэ лиценз хэний гарт очих вэ гэдгийг их нарийн бодохгүй бол бид газрын дорх баялгаа өөрсдөө ашиглах, үр хүүхэддээ үлдээх биш, өөр хүмүүст өгчих аюул бодитой байна гэдгийг харж байна. Гуравдугаарт, байгалийнхаа баялгийг бид өөрсдөө боловсруулах гэж оролдмоор байна. Нүүрснээсээ кокс, хий гаргаж авмаар байна, төмрөө боловсруулмаар, зэсээ цэвэршүүлмээр байна.
Наад зах нь Засгийн газар “Инержи ресурс” гэдэг компанид төмөр зам барих тусгай зөвшөөрөл өгчихжээ, тэгвэл одоо “South gobi еnergy” гэдэг компанид өг гэж би хэлнэ. Жижиг “Тавантолгой” компанид бас өг, яагаад өгдөггүй юм. Мөн үү дээ. Ашиглалтад орж байгаа бүх уул уурхайн компанид төмөр зам тавих эрхээ өг, яагаад ялгавартай хандах ёстой юм. Тэгэхээр болохгүй байгаа биз. Бүгдээрээ төмөр зам тавихын тулд асар их өр тавина аа даа. Өртэй үйлдвэрлэл гэдэг худалдан авагчийнхаа бүрэн мэдэлд л очдог байхгүй юу. Энэ хүмүүс яаж өр тавьж байна вэ гэдгийг харах ёстой, ихэнх нь лицензээ барьцаалж байгаа. “Олон овоот” банкийг яг тэгж л дампуурууллаа шүү дээ. Санхүүгийн яг л тийм схем явж байгаа. “Олон овоот” дээр сүүлдээ бид хэн нэг нь аваад мөнгийг нь төлчитхөөсэй л гэж хүсч эхэлж байна шүү дээ. Яг түүн шиг манай говийн бүх баялгийг хэн нэг нь аваасай гэдэг тийм нөхцөл байдалд битгий орчихоосой л гэж залбирч байна. Эхнээсээ төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олгосон зарчим нь ч буруу байсан, шийдэл нь ч буруу байна. Наад зах нь өнөөдөр бид Нарантуулын давхар замыг тендертэй тавих уу, тендэргүй тавих уу гээд УИХ дээр маргаж байна шүү дээ. Гэтэл яагаад 240 км төмөр зам барих эрхийг тендэргүйгээр өгдөг юм бэ гэдэг асуулт гарч байгаа биз. Ийм маргааныг үүсгэсэн Засгийн газрын буруу. Үүнийг УИХ дээр л засна. Тээвэрлэлтийн эрхийг яагаад уурхайн эзэн компанид өгдөггүй вэ гэвэл тэнд ганцхан уурхай байхгүй, зэргэлдээ зөндөө олон уурхай байгаа. Тэр олон уурхайн бүтээгдэхүүнийг тэнцвэртэйгээр тээвэрлэх ёстой. Гэтэл аль нэг уурхайн компанид төмөр замын эрх нь байхаар тэр компани л давуу эрхээр тээвэрлэдэг. Сонгодог жишээ нь “Болдтөмөр Ерөө гол” гэдэг компани байна, төв магистраль руу салаа төмөр зам тавьчихсан. Тавьж болно. Гэтэл энэ компанийн өмч учраас дэргэд нь байгаа төмрийн ордуудын төмрийг зөөж чадахгүй гээд гэдийчихсэн байна шүү дээ. Уг нь бол энэ төмөр замын суурь бүтэц нь улсынх болоод, тэр суурь бүтцийг бүх аж ахуйнууд тэгш эрхтэйгээр ашиглах ёстой. Хуулиндаа ч тэгж байгаа. Гэтэл үүнийг л ажил болгож чадахгүй нэг компанид эрхийг нь өгчихсөн, тэр нь төмрийн хүдрийг шороогоор нь тээвэрлэж байна шүү дээ. Аймшигтай байгаа биз.

-Ардчилсан нам Засгийн газраас гарахгүй бол нэр нүүрээ барж дууслаа гэх хүн олон байна. Гаргая гэж байгаа хүмүүс ч байгаа бололтой юм билээ. Таны хувьд?
-Бид хамтарсан үедээ хийж чадах асуудлуудынхаа жагсаалтыг гаргаж, зарлан тунхаглаж, түүнийгээ хийхийн төлөө явах ёстой. Тэр нь хаягдчихаад байгаа болохоор хүмүүс эргэлзээд, итгэхгүй байна. Тийм учраас хоёр талаасаа ажлын хэсэг гаргаад, ярилцаад, энэ асуудлыг энэ оны эхэнд нэг тийшээ хагалах хэрэгтэй. Хийх ажлынхаа дэс дарааллыг гаргая, яаж хийхээ тогтьё, тэр ажил руугаа хамтраад орьё. Орвол ороод, боливол больё.

-Орохгүй бол засгаас гарья гэж үү?
-Орохгүй гэвэл тэгээд олонхи засгаа бурдүүлээд л явах учиртай шүү дээ. Бид тэнд нэг хэдэн ажлын байр горьдож суух нь аягүй буруу. Би бол тэгж л ойлгодог.

-Тэмүүжин гишүүн хэлсэн байсан. Ардчилсан намд залуучуудыг оруулах хэрэгтэй. Харин энэ хаалгыг мөрлөх үүрэг нь Гантөмөр бид хоёрт оногдож байгаа гэж. Та сонссон уу?
-Сонссон. Энэ үүргийг хүлээгээд ажиллаж байгаа. “Нэг ардчилал” клуб байгуулсан. Аль болох оюуны өндөр чадвартай, нийгмийн шинэчилье гэсэн хүсэл эрмэлзэлтэй залуучуудтай хамтрахыг хүсч байна. Үнэхээр нийгмийг өөрчилж, шинэчлэх юмсан, үүнд гар бие оролцох юмсан гэсэн залуучуудыг нам руу ойртуулах, намын бодлого тодорхойлдог хүн болгохын тулд дэмжиж ажиллана.

-Зөвхөн та хоёрын бодлого уу, танай намын удирдлагад жишээ нь тийм бодлого байна уу?
-Бид ч гэсэн Ардчилсан намын удирдлага шүү дээ. Тэр утгаараа Тэмүүжин намайг гэж, өөрийгөө гэж онцолсон байх гэж бодож байна. Бид бол Ардчилсан намын сүүл биш, ардчилсан намын бодлогыг тодорхойлохын төлөө явна. Тийм амбиц надад байгаа. Тэмүүжинд ч байгаа. Тухайн намаас сонгогдсон УИХ-ын гишүүн гэдэг намын бодлого зарилтыг тодорхойлогчдын нэг болно гэсэн үг. Тийм учраас мөнгөний төлөө, албан тушаалын төлөө биш, аль болох шинэчлэлийн төлөө явж байгаа залуучуудыг олж нээж, хамтарч, тэднийг намд эрх мэдэлтэй болгохын төлөө бид явна аа. Тэр ажлууд хийгдэж байгаа. Энэ маань Ардчилсан намын хэнийх нь ч дургүйг хүргэхгүй. Шударга ёсыг тогтоодог, ил тод байдлыг бий болгодог, албан тушаал хөөцөлддөггүй, ардчиллыг бэхжүүлдэг хүмүүс манай намд байгаасай, УИХ-д сонгогдоосой, эрх мэдэлтэй болоосой гэж манай намын бүх л гишүүд хүсч байгаа. Гэхдээ тэр ажлыг залуу хүний хувьд, залуучуудтайгаа илүү ойлголцдогийн хувьд бид зохион байгуулаад ажиллаж байна. Мэдээж шинэчлэлийн төлөө явж байгаа бүх залуус улстөрч болох албагүй. Гэхдээ тухай тухайн салбарыг өөрчлөхийн төлөө явж байгаа залуучуудыг тод томруунаар гаргаж ирдэг, дэмждэг байя л даа.

-Аягүй зөв бодолтой, зөв эрмэлзэлтэй залуучууд байдаг. Тэгээд тэднээс “Чи ийм байж яагаад МАХН-д орчихсон юм бэ” гэж асуух тохиолдол олон гардаг. Яагаад тэд өөр тийшээ яваад байна?
-Би л хувьдаа МАХН-д Монгол улсыг өөрчлөх, шинэчлэх найдлага тавихгүй. Хэзээ ч тавьж байгаагүй. Тийм ч учраас өнөөдөр Ардчилсан намд аль болох олон залуусыг оруулахын төлөө яваа. Гэхдээ Ардчилсан нам гэхээр бүхнийг шийддэг биш. Олон урьгалч үзэл гэж байдаг учраас улс төрийн бүх л намуудад залуучууд хуваагдаад л явах байх. Гэхдээ бид өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, шинэчлэлийн төлөө залуучуудын нэгдлийг бий болгож байж, тийм цул хүчээр нийгмийг өөрчлөхийг хүсч байна. Ийм үүрэг олон жил энэ намын удирдах байгууллагад ажилласан залуучуудад бүгдэд нь байгаа. Харамсалтай нь төрийн албанд олон жил ажиллаад тэр үүргээ ухамсарлахгүй байдал байгааг бас нуухгүй. Ганцхан бид хоёроор хязгаарлагдахгүй шүү дээ. Төрийн өндөр алба хашиж байсан, мундаг боловсролтой, чадалтай залуучууд маань өнөөдрийн энэ байгаа бүрэлдэхүүнээрээ бид яагаад өөрчлөлтийг хийж чадахгүй байна гэдгээ дүгнэх ёстой.  Манай нам бол үнэхээр шинэчлэгчдийг төрүүлж чаддаг нам. Гэхдээ хэнд ч урилга өгдөггүй нам. Бүгд “би хийж чадна” гэсэн итгэлтэй байдаг, хийх зүйлээ ч мэддэг. Гэхдээ яаж хийх арга зам нь өөр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж