Адал явдалт, авто аялалд оролцоорой

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Адал явдалт, авто аялалд оролцоорой

“Аялагч”, “Off-Road Mongolia” клубүүд хамтран дотоодын жуулчид болоод авто аялал сонирхогчдын дунд “MONGOLIA TROPHY” адал явдалт авто аяллыг цуврал болгон зохион байгуулахаар болжээ. Аялал энэ сарын 26-30-ны хооронд “Хаг-Туул гол 2010” чиглэлд “Өөрийгөө сорьцгооё” уриан дор болох аж. Энэхүү аялал нь орчин үеийн хөгжлийн алхаанд амрах чөлөөгүй ажиллаж буй завгүй хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, ажлын стрессээ тайлах хамгийн шилдэг сонголт байх  юм. Байгалийн аялал жуулчлалыг дотоодод хөгжүүлэх, эх орныхоо үзэсгэлэнт газар орныг нээж, тэдгээрт хүрч очих зарим бартаат авто замыг дотоод, гадаадын жуулчдад нээлттэй болгоход тусална. Мөн бартаа ихтэй, жолоодлогын ур чадвар шаардсан замд аялах, хээрийн замд учрах техникийн болоод ямарваа саадыг шуурхай арилгах, байгальд ээлтэй ”ул мөргүй аялах” хашир аялагч болоход туслах зорилготой гэж аяллыг зохион байгуулагчид ярьж байна.
Аяллын ивээн тэтгэгчээр “Таван Богд Моторс” ХХК, IronMan 4Ч4, Уулын дугуйн аялагчдын клуб хамтран ажиллаж байгаа аж. Аяллын үеэр олон төрлийн хөгжөөнт, спорт тоглоом тэмцээнүүд зохиож, нийлбэр дүнгээр эхний гурван байр эзэлсэн оролцогчийг ивээн тэтгэгчийн шагналаар шагнах гэнэ. Түүнчлэн  эх орныхоо байгалийн сайхан, түүх, дурсгалт газруудыг нээж өөрийгөө сорих уриатай аялал маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд сурталчлах зорилгыг давхар агуулж байгаа юм. Тиймээс аяллыг цуврал нэвтрүүлэг болгон NTV телевиз, ФМ Радио суваг болон интернэт хуудсаар сурталчлах юм байна. Иймд өөрийгөө сорихыг хүссэн хүн бүхэн энэхүү авто  аялалд нэгдэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ayalagch.com/ хаягаар болон 96023939, 96623939 утсаар авч болох юм байна. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж