
рекордс" ХХК-ийн захирал Б.Дэлгэртуяа өөрсдийнхөө туулсан
амьдрал
хүүрнэх мэт боловч манай нэгэн үеийн, тодорхой хэлбэл, капитализмийг
хараан зүхэх коммунист сурталаар хүмүүжиж, хожмоо чухамхүү өнөөх
капитализмаа цогцлоон бүтээхээр шамдан яваа үеийнхний үүх түүхийг тэр
чигээр нь өгүүлэх ажээ. Энэ ном хуучин нийгэмд өсөж өндийсөн хэн бүхний
дурсамжийг сэргээхийн сацуу үнэн түүхийг өгүүлнэ. Харин өнөөгийн
залууст үлгэр домог шиг санагдах ч магад. Гэхдээ энэ бол өвөө эмээ, аав
ээжийнх нь туулсан бодит түүх билээ. Манай сайт Б.Дэлгэртуяагийн номын
хэсгээс цувралаар уншигчиддаа хүргэж байгаа билээ. Энэ удаа "Үүл бид
хоёр" номын "Шишгэдийн цэнхэр тайгын чилийсэн гурван жил" бүлгийн
хэсгээс толилуулья.
ШИШГЭДИЙН ЦЭНХЭР ТАЙГЫН ЧИЛИЙСЭН
ГУРВАН ЖИЛ
IV. Хөх тайгын хөгтэй хөгжөөнтэй явдлууд
…Ялангуяа
эхний жил хүндрэл их тохиолдох, тэр бүрийд нь би шантраад уйлчихна, эрх
танхи өссөн нөгөө л зангаараа “Буцъя л даа, хот руугаа… ” гээд
гуйчихна. Үүл тэгэхээр “За боль доо, хань минь, нэрэнд муухай шүү дээ,
нэгэнт л гурван жилийн хугацаатай илгээлт авсан юм чинь дуусгаж байж л
буцна шүү хөө” гээд л гүрийчихнэ. Жинхэнэ буриад хүний гүргэр зан гэдэг л
тэр байх.
Ийм нэг явдал санаанд орж байна. Хүүтэйгээ гурвуулаа
нэг бүтэн сайнд Жаргалант руу мөсөнд явлаа. Дандаа зав гараад байхгүй юм
чинь, нэгмөсөн ахиухан мөс аваад ирье гээд айлаас том чарга гуйж
чирээд, нэг их амьтад гарч өгдөг юм байна. Гол сумын төвөөс нилээн
зайтай шүү дээ. Замдаа инээж хөхрөлдсөөр гол хүрч, мөсийг нь ч хагалаад
чаргандаа овойтол аччихлаа даа. Олон удаа явах нь хар залхуу гэж Үүл
шуналтаад л овоолоод байв. Тэгээд Үүл маань чирээд, би араас нь түрээд,
хүү хормойноос чангаагаад хөдлөхөөр зүтгэлээ. Хэт их аччихсан чаргаа
хөдөлгөж чаддаггүй ээ. Тэгтэл Үүл хүчилж байгаад татчихсан чинь чарга
байрнаасаа гэнэт хөдлөөд, араас нь хар хүчээрээ түлхээд зогсож байсан би
эрчиндээ сөхрөөд уначихлаа. Хөлдүү газар тасхийтэл сөхөрчихсөн болохоор
хоёр өвдөг янгинана гэж жигтэйхэн.Үүл ч их сандарч байна. Тэгэхэд Хулан
гэдсэнд хэзээ мөдгүй төрөх гэж байсныг хэлэх үү, би ч цурхиртал уйлж
гарлаа. Хүүхдээ гаргачихлаа л гэж айлаа. Өнөө л улиг болсон “Буцъя л
даа, хотдоо очъё л доо” гээд уйлаад гуйчихлаа. Тэгээд ч нэмэргүй, Үүл
надад бууж өгөлгүй бараг гурван жил хагас болсон юм.
Голоос ус
барьж ирэх л надад хамгийн хэцүү ажил байсан. Тэр жил Мөрөнгөөс очсон
цэрэгжилтийн багш Намхайнх манай хөрш боллоо. Тэднийх дөрвөн тэрсхэн
хүүхэдтэй, Эхнэр Оюунцэцэг нь бага ангийн багш, ааш зан сайтай, сайхан ч
хүүхэн байлаа. Бид ч тэр дороо танилцаж ах эгч болцгоов. Оюунцэцэг
багштай ханиндаа гол руу усанд явдаг боллоо. Заримдаа Жаргалантаас усаа
зөөнө. Би угийн алиадуу зантай, хүн инээлгэх их дуртай. Ээж минь аавыгаа
дуурайсан янзын охин гэх. Харин Үүл жигтэйхэн дуртай, ангайтлаа инээнэ.
Гол дээр ирээд Оюунцэцэг багшийг цаашлуулж, Жаргалантын эрэг дээр
сөхөрч суугаад “Гуйсан юм болгон яг л биелдэг” гэж хэлээд Оюунаа багшийг
эргэлзэж гайхтал нь жүжиглэнэ. “Илбэт зурхайн зарлигаар, эхнэр
Дэлгэртуяагийн хүслээр, Жаргалантын эзэн Лус минь жаргал ихийг хайрла
аа” гээд л гуйж гарна даа. Эхлээд “Хоёр хувин минь хөл ургаад гэр рүүгээ
яв” гээд л, сүүлдээ юу ч гуйсан юм, бүү мэд. Чихэр, боов, арай л лусын
дагина болгож өг гээгүй байгаа даа. Харин нэг өдөр Оюунаа багш минь “Би
дөрвөн хүүхэд төрүүлсэн, дахиж хүүхэд төрүүлмээргүй байна” гэчихсэн
сөхөрч суугаад их л хичээнгүйлэн гуйж байгааг нь би сонсчихгүй юу.
Тэгээд хоёулаа бөөн инээдэм болсоор харьж билээ.
Ринчинлхүмбэ
сум маань тэр жилдээ халуун усны газартай болсон, их хөгтэй ээ. Зуухан
дээр тогоонд халаасан усыг тэр дээр хананд бэхлэсэн сав руу хувингаар
юүлнэ. Тэрнээс нь нэг цорго гаргаад үзүүрт нь гутлын тосны төмөр хайрцаг
нүхлээд бэхэлчихсэн байдагсан. Заримдаа өнөөх шүршүүр нь мултраад
уначихна. Нэг хүн нэг төгрөгөөр ордог байл уу даа. Биологийн Цогоо багш
халуун усны зууханд өгзгөө түлчихээд нэг хэсэгтээ л хазганаад,
оцойчихоод босож сууж чадахгүй их л хэцүү харагддагсан.
Нийслэлийн
залуус бидний хувьд хамгийн гоё баяр яах аргагүй шинэ жилийн баяр
билээ. Гэтэл хөдөө, тэр тусмаа алс хязгаарын Ринченлхүмбэд шинэ жилийг
бараг л тэмдэглэдэггүй юм байна гэмээр байлаа. Үгүй яахав, сургуулийн
ёлка болно л доо. Тэгэсхийгээд л дуусаа. Айлууд нь яагаа ч үгүй эрт
унтаад, сумын төвийн дизель унтраад харанхуй болчихно. Тэгээд хотоос
ирсэн залуус яаж шинэ жилээ тэмдэглэх билээ гээд тэвдчихнэ. Нэг удаа
манайд бөөнөөрөө цугларцгаагаад шинэ оноо гаргаж билээ. Мэдээж телевиз,
ямар ч “Цэнхэр дэлгэц”, “Сан-Ремо” байхгүй, Монголын радио 12 цагт
дуусчихсан. Бид тэгэнгүүт “ВЭБ 406”-гаараа “Голос Америк”-ийн долгионыг
хайж олоод тавьчихав. Архи картанд орчихсон байсан бөгөөд хотод
хүрэлцэхгүй учраас сумдын норм хасагдсан тул сэржим өргөх юм байдаггүй.
Би Алтантуяатайгаа эмийн сангийн эрхлэгч Бадамхандынд очиж, спиртээр жин
тавих хэрэгтэй боллоо гэж хэлээд цэвэр спирт байхгүй учир ариутгалын
цэнхэр спирт авч ирэв. Химийн багш Жаргалсайхан маань марль зузаан
давхарлаж, модны хар нүүрсээр мөнөөх спиртийг шүүгээд устай хольж сархад
болгон найруулснаар шинэ жилийн хундага өргөж билээ.
Сумын
клубт амралтын өдрүүдээр нийтийн бүжиг болно. Хотоос бөөнөөрөө ирсэн
залуу багш нар ээлжлэн, одоогийнхоор бол ди-жей хийнэ. Үүл маань хамгийн
идэвхитэй ди-жей байсан. Бүр болоогүй Rod Stewart “Da I Think Im Sexy”,
Bee Gees ”Saturday night’s Fever” гэх мэтийн хөгжмийн хорхойтнуудаас
бусад хотынхон ч бараг мэдэхгүй жинхэнэ барууны хитүүдийг тавина шүү
дээ. Манай Лхүмбийн залуучууд ямар ч хөгжимд бүжиглэнэ. Гэхдээ эхлээд
бүжгийн талбай дээр гарч өгөхгүй, бусдаараа түлхүүлэн цовхорч гарч ирсэн
нэг нь “Ой, ичилтэй” гэж дуу алдаад буцаад суудал уруугаа чавхадчихна.
Ийн хэсэг сууж байснаа зоригтойчуул нь босоод үлгэрлээд эхэлнэ. Тэгсээр
бүгд босоод эргэлдэнэ, төд удалгүй булуу нь халцгаана. Одоо бол эргэж
суудалдаа суухгүй, хөгжим зогссон ч хөлийнхөө жигдхэн товшооны чимээнд
хөг нийлүүлэн бүжиглэж л байна. Ийм үед бүжиг тарсныг зарлах юм бол
“бослого” гарах шахна даа…
Үргэлжлэл бий…