
Өнгө, мөнгөний хүчээр хэсэг сайд хийж тоглохдоо БНХАУ-ын 300 сая сая ам.долларын зээлийг будилуулж, Буман нарны гэрлийн бум буман төгрөгийн хэрэгт орооцолдоод олдохоо байсан Б.Эрдэнэбат малилзтал алхаж явах юм. Улстөрд ч сайн дурын уран сайханч байсан түүнийг “Буман нарны гэрэл”-ийг хүлээж залхсан малчид хараагаад, хайгаад олоогүй. Хятадууд 300 сая ам.долларын үр дүнгээ нэхэж, хоёр улсын харилцаанд хүртэл нөлөөлөхөөр байдалд унагасан сайд асан ийн Тавантолгойн сургаар цатгалан муур шиг царайлаад “ичээ”-нээсээ гараад ирдэг юм байна. Малчдаас “туусан” буман нарны гэрлээрээ Тавантолгойн цооногийг гэрэлтүүлэх гэж байгаа юм биш биз дээ, энэ чинь. Өрсөлдөгчиддөө эрүүгийн элементүүд гэхчлэн нэр хоч өгөөд байсан томчуудын дунд харин ч төрийн мөнгийг тэрбум тэрбумаар нь луйвардсан, тендер будилуулахдаа мэргэжсэн хүмүүс олон харагдаж байна лээ шүү. Вискиг кетчуп гэж “андуурч” татвараас бултуулаад аавынд хэсэг саатсан С.Болдхэт хэзээ ч хэрэгт холбогдож байгаагүй, амгалан төвшин төрх гаргаад, арзайтал инээгээд явж байна. Сураг нь алдраад байсан “Оюуны ундраа” компани ч “том”-уудын дунд цохиж явна. Ер нь шоронгоос арай гэж мултарсан лав гурван нөхөр явж байна. Эрүүгийн ертөнцөөс Тавантолгой хүрэх зам их ойрхон байдаг бололтой юм.
“Монгол 999” ч бас дутахгүй ээ. Төрийн мөнгийг тэрбумаар нь луйвардсан гээд байсан Онцгой байдлын дарга асан П.Даш компанийн захирлуудыг “сүргээр” нь дагуулчихсан Драмын театрт болсон анхны хуралд нь морилсон. Интерполоор эрж хайх шахаж байсан нөхөд ийнхүү Тавантолгойн сургаар өөрсдөө гүйлдээд гараад ирэв. Тавантолгой ч татах хүч сайтай юм аа.
Б.ТУЛГА