18 сая ам.долларын хандив цуглуулах уриалга гаргав

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

18 сая ам.долларын хандив цуглуулах уриалга гаргав

Монгол Улсад цаг агаар эрс хүйтэрч, цас их хэмжээгээр орсны улмаас үүссэн байгалийн гамшиг болж, зудыг даван туулахад дэмжлэг болох олон улсын тусламжийг зохицуулах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраас НҮБ-д тавьсан. Үүний дагуу НҮБ-аас Зуданд нэрвэгсдэд тусалцгаая уриалга гаргаж, Женевт эхлүүлсэн билээ. Харин Монголд өнөө орой 17.00 цагаас Гадаад харилцааны яаманд хандивын үйл ажиллагааны нээлтийг хийлээ. Уриалгыг эхлүүлж Монгол Улсын Шадар сайд М.Энхболд үг хэлэв. Нээлтэд НҮБ-аас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч болон төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгч, элчин сайд нар болон олон улсын байгууллагуудын удирдлагууд хүрэлцэн иржээ.
Өнгөрсөн өвөл, энэ хавар байгалийн гамшигт нийтдээ 18 аймгийн 175 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч 8.1 сая мал зүй бусаар хорогджээ. Хохирлыг зах зээлийн үнэлгээгээр авч үзвэл 409.5 сая төгрөг болно гэсэн тооцоо гарсан байна. Сүүлийн мэдээгээр 8.7 мянган өрх малгүй болж, 32.7 өрх малынхаа 50-иас дээш хувийг алдаж, хот суурин газар руу шилжих нь ихэсчээ. Зүй бусаар хорогдсон 7.5 сая малын сэг зэмээс нэг сая гаруйг нь бүрэн устгаад байгаа аж.
Засгийн газраас 4.1 мянган ам.доллараар малын өвс тэжээл худалдан авч, түгээж гамшгийн тусламжийг зохицуулсан бол бусад олон талын санхүүжилтээр 8.6 сая ам.долларыг зуданд нэрвэгдсэн хүмүүст хүмүүнлэгийн тусламж, малын сэг зэмийг устгах, малын тэжээл, эм хэрэгслийн хангамж, гамшгийн нөхөн сэргээх анхан шатны тусламж, малчдыг орлогын өөр эх үүсвэртэй болгох, гамшгийн үед ажиллах бэлэн байдлыг хангах ажилд зориулжээ.  
Зуданд нэрвэгдсэн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хоол хүнс хүргэх, гамшгийг даван туулахад 3.1 сая ам.доллар шаардлагатай  байгаа юм байна. Боловсролын салбарт 2.8 сая, хөдөө аж ахуйн чиглэлээр арга хэмжээ авахад 7.8 сая, нөхөн сэргээх анхан шатны тусламж үзүүлэхэд 4.4 сая ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна.
Хандивын хөрөнгө НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраар дамжиж, эсвэл Онцгой байдлын ерөнхий газарт төвлөрөх юм байна. Одоогийн байдлаар Женевт болон Улаанбаатарт эхлүүлээд байгаа уриалгын дагуу хандив тусламж хараахан ирээгүй байна.
Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж