Тусламжийн гараа сунгахыг НҮБ уриаллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Тусламжийн гараа сунгахыг НҮБ уриаллаа

Хахир өвлийг арай ядан өнгөрөөсөн малчид, хавсарга салхитай хаврыг тэсч хэдэн малаа авч үлдэх гэж чармайж байна. Малаар баян гэгдэх манай улс хамгийн сүүлийн мэдээгээр найман сая мал алджээ. Цас зуданд сүргийнхээ талыг алдсан малчин байхад хотоо харлуулж, амьжиргаагаа залгуулах юмгүй, гар хоосон үлдсэн өрх ч байна.
Засгийн газар малчдад тусалж, байгалийн энэ гамшгийг даван туулахад туслалцаа үзүүлэхийг НҮБ-аас өнгөрсөн нэгдүгээр сард хүсэлт гаргасан нь өнөөдөр ажил хэрэг болж байна. НҮБ монголчуудад туслах уриалгыг Монголын цагаар 15.00 цагаар Женев хотноо НҮБ-ын байранд эхлүүллээ. Хандив цуглуулах уг арга хэмжээг Улаанбаатарт хотод мөн зохион байгуулах юм. Өнөөдөр манай Гадаад харилцааны яамны хурлын танхимд 17.00 цагт хандив цуглуулах уг уриалгыг эхлүүлэх юм.
Женевт болж буй дээрх арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын Женев дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгч, Элчин сайд Л.Оргил, НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах алба болон Женев дахь бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
Харин Улаанбаатар хотод Монгол Улсын Шадар Сайд М.Энхболд уриалгын арга хэмжээг эхлүүлж, Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид, элчин сайд нар болон олон улсын байгууллагуудын удирдлага байлцах ажээ.
Уг арга хэмжээний хүрээнд нийт 18 сая ам.долларын тусламж үзүүлэхийг уриалж байгаа бөгөөд зуданд нэрвэгдсэн 800 орчим мянган хүний амьжиргааг дэмжих, нөхөн сэргээх арга хэмжээнд зориулахаар төлөвлөжээ.
Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж