Сэргээшийн шинжилгээнд гахайн шарсан мах буруутай гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Сэргээшийн шинжилгээнд гахайн шарсан мах буруутай гэнэ

Бээжингийн олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд аваргалсан Хятадын тамирчин Тун Вений сэргээшийн шинжилгээнээс кленбутерол гэх хориотой бодис илэрсэн нь гахайн шарсан мах их хэмжээгээр идсэнтэй холбоотой хэмээн түүний дасгалжуулагч нь мэдэгджээ. Тун Вен “Бээжин-2008” олимпийн наадмын эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд аваргын алтан медаль хүртсэн бөгөөд сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн учир хоёр жилийн хугацаанд эрхээ хасуулж, 2009 оны дэлхийн аварга цолоо хураалгасан байна. Гэхдээ түүний дасгалжуулагч Вү Вейфений хэлснээр хоол хүнсний щасуудлаас болж түүний шинжилгээний хариу эерэг гарсан гэнэ. Тэрбээр хэлэхдээ “Тун Вен Европт бэлтгэлээ базааж байхдаа хоолонд нь дасахгүй, хордлого авсан учир бид түүнийг Хятадад эргэн ирсний дараа гахайн шарсан мах их хэмжээгээр өгсөн” гэжээ.
Кленбутерол гэх бодисыг гахай болон бусад тэжээвэр амьтдыг хэт таргалахаас сэргийлэх зорилгоор хэрэглэдэг боловч тамирчид уг бодисыг хууль бусаар булчингаа чангалах зорилгоор хэрэглэдэг байна.
Өдгөө 27 настай Тун өөрийнхөө жинд 2005-2009 оны хооронд гурван удаа дэлхийн аваргад түрүүлсэн Хятадын хамгийн алдартай эмэгтэй жүдоч юм. Сэргээшийн шинжилгээтэй холбоотой түүний асуудал бүрэн шийдэгдээгүй бөгөөд хэрэв буруутай нь тогтоогдвол дөрвөн жил хүртэл хугацаанд эрхээ хасуулж, улмаар Лондонгийн олимпийн мөрөөдлөө гээхэд хүрэх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж