С.Баярыг сольсноор намын асуудал шийдэгдэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

С.Баярыг сольсноор намын асуудал шийдэгдэхгүй

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, Оюу толгойг тойрсон зарим асуудлын талаар ярилцлаа

-Оюу толгойн ордын гэрээ хүчин төгөлдөр болоод мөрдөгдөж эхэллээ. Харин олон нийт үүнтэй тийм ч их санал нийлэхгүй байх шиг байна. Монголын талд ашиггүй гэрээ болсон гэсэн байр суурийг зарим улс төрчдийн зүгээс ч, иргэний хөдөлгөөнүүдээс ч илэрхийлээд байгаа. Та энэ гэрээнээс та ямар сайн талуудыг олж харж байна вэ?

-Яг үнэндээ гэрээ байгуулсан манай Засгийн газрын гишүүд үнэхээр сайн гэрээ болсон гэж ярьж байгаа. Үнэн хэрэгтээ ард түмэн,  УИХ-ын тодорхой гишүүд мөн иргэний хөдөлгөөнүүд, тэр дундаа байгаль орчны тухайн салбарын эрдэмтэн мэргэдийн ярьж байгаагаар бол энэ тийм ч сайн гэрээ болж чадаагүй. Яахав, нэг талаасаа Оюутолгойн гэрээг байгуулж чадсан нь тодорхой хэмжээний ахиц дэвшил мөн үү гэвэл мөн, учир нь олон жил энэ гэрээг хийж чадахгүй байсан. гэхдээ өшөө сайн гэрээ хийх боломж байсан харамсалтай нь нөхцөл боломжийг ашиглаж чадаагүй. Тийм учраас нэгэнт л гэрээ байгуулж байгаа бол сайн гэрээ байгуулах ёстой, гэрээг сайжруулах шаардлага зайлшгүй байна.

-Анх “Оюу толгой”-н орд газрыг ашиглах гэрээг байгуулахын тулд 68 хувийн татварыг хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл 2011 оноос энэ хуулийн үйлчлэл зогсож байгаа. Харин Монгол Улс энэ ордын 50+1 хувийг ямар нөхцлөөр хэзээ эзэмших боломжтой вэ? Одоо эзэмшиж байгаа 34 хувиас л маргаан үүсээд байх шиг байна л даа…

-Жаран найман хувийн татварыг Оюу толгойн гэрээнд зориулж хүчингүй болгосон. УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу 68 хувийн татварыг орлуулах өсөн нэмэгдэх роялти буюу нөөцийн татварыг бий болгох үүргийг Засгийн газарт өгсөн. Байгалийн баялгийн үнэ өсч байвал тэр хэмжээгээр нөөцийн татвар өсч байдаг. Ийм татвар оруулж ирээчээ гэж Засгийн газарт чиглэл өгсөн, хуулийн төсөл оруулж ир гэсэн. С.Баярцогт сайд ч “Түр хүлээгээчээ, Засгийн газар энэ асуудлыг Оюутолгойн гэрээ батлагдахаас өмнө санаачилж УИХ-д өргөн барина, хүчин төгөлдөр болгож явуулна” гэж байсан. Харамсалтай нь өнөөдөр өсөн нэмэгдэх нөөц орлогын албан татварын тухай хууль үйлчлэхгүй боллоо, 68 хувийн татвар үйлчлэхгүй боллоо. Дээрээс нь УИХ-ын 57 дугаар тогтоолын 3 дахь заалт, эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалтын зардлаа нөхсөнөөс хойш Монголын талын эзэмших хувь хэмжээ 50-аас доошгүй хувьд хүргэх ёстой гэсэн заалт байгаа. Энэ заалтыг миний бие санаачилж эдийн засгийн байнгын хорооны дэмжлэг авч батлуулсан заалт. Энэ заалт “Оюу толгой”-н гэрээг байгуулахад хэрэгжээгүй явж байна. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийг зайлшгүй шаардлагын улмаас өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байгаа бол, зайлшгүй шаардлагатай хуулиудын өөрчлөлт оруулж ирэх ёстой. Харамсалтай нь Оюутолгойд хөрөнгө оруулагч “Айвенхоу майнз”, Рио Тинтогийн талд л тааламжтай өөрчлөлтүүд оруулсан. Тухайлбал, Усны тухай хууль, Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, Авто замын тухай хууль, алдагдлыг ирээдүйд шилжүүлэх гээд дандаа хөрөнгө оруулагчдад тааламжтай хуулийн өөрчлөлтүүд оруулж ирсэн, Монгол Улсад ашигтай гэж үзэж байгаа УИХ-ын 57 дугаар тогтоолын 3 дахь заалт өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг үйлчлүүлэх гэсэн тодорхой хуулиудийг хэрэгжүүлэх нь Монгол Улсад ашигтай. Тэгэхээр зайлшгүй энэ хуулиудийг баталж хэрэгжүүлэх, нэмээд нөөцийн төлбөрийг өсөн нэмэгдүүлэх хэрэгтэй. Монгол Улс 816 сая ам.долларыг жилийн 10 орчим хувийн хүүтэй зээлж байна. Жилийн арав орчим хувийн хүү гэдэг нэг жилд 80 сая доллар, 10 жилдээ 800 сая доллар, хорин жилдээ 1,6 тэрбум ам.доллар болно. Оюутолгойн эхний 30 жилд 2,4 тэрбум ам.долларыг Монгол Улс төлөх нь. Зээл, зээлийн хүү нь өсөөд гурван тэрбум гаруй ам.доллар болно.

-Түүнийг бид өр гэж ойлгож болох уу?

-Шууд өр. Үндсэндээ хөрөнгө оруулагчид Оюутолгойгоос олборлолт хийж ашиг олоод, дээр нь Монгол Улсад зээлсэн мөнгөнөөс хүү аваад, зээлсэн мөнгөө эргүүлж аваад хүүлээд байх нь. Харин бид Оюутолгойгоос ашиг олж чадах уу, жилийн 80 сая долларийн хүү төлөөд гучин жилийн дараа 3,2 тэрбум долларийн өртэй сууж байх нь. Өмчийн эзэн Монгол хүн бид өөрсдөө мөртлөө гучин дөрвөн хувь буюу өөрийнхөө өмчийг эзэмшихийн төлөө өрөнд ороод сууж байх нь. Энэ бол биднийг доромжилж байгаа хэрэг. Хэн  нэг нь нэг үхэртэй байлаа гэж бодоход нөгөө үхрээ гаргах болсон чинь өөрөө чаддаггүй хүн гуйгаад гаргуулахааар болж. Шанд нь толгой шийр гэдэс дотрыг нь өгье гэж ярих ёстой. Яагаад гэвэл эзэн нь учраас. Гэтэл нөгөө хүн нь би үхрийг чинь гаргаж өгье, харин чи надаас нэг гуя, гэдэс дотрыг толгой шийртэй нь худалдаж ав гэж байгаатай адил гэрээ хийчихээд сууж байна.

-Сангийн сайд гэрээний эхний хугацаа дуусах буюу 30 жилийн дараа Монгол улс 51 хувь эзэмших боломжтой гэсэн. Тэгэхээр энэ хугацаанд Монгол Улсад хэр хэмжээний ашиг үлдэх бол?

-Өмнө нь 45 сая тонны нөөцтэй гэж ярьж байсан, одоо гэтэл гучаад сая тонны нөөцтэй болчихсон. Гучин жилийн дотор хамгийн бага зардлаар хамгийн ашигтай хэлбэрээр сорчилж ашиглаад яваад өгөх гэж байгаа юм. Үлдсэн хэсэг нь олборлоход маш өндөр зардалтай. Өрмийг нь нөхдүүд гучин жилд нь хамж аваад хусман дээр нь бид үлдэх нь байна. Тэгэхээр УИХ-ын 57 дугаар тогтоолын гурав дахь заалт, чи хангалттай хөрөнгө оруулсан бол хангалттай ашгаа олоод авчих, тэгсний дараа бид өмчийн эзэн юм чинь тавиас дээш хувиа эзэмшинэ шүү гэж, үүгээрээ Монгол Улсад ашигтай байх талаар ярьж байгаа юм. Тэгэхгүй бол зардлыг хий өсгөөд, ноогдол ашгийг бүрэн хэмжээгээр хуваарилахгүй. Хувь нийлүүлэгчдэд бага хэмжээгээр хуваарилаад үндсэндээ гучин дөрвөн хувьтай, гуравхан төлөөлөлтэй, үлдсэн зургаан хүн нь олонхийн саналаар асуудлаа шийдээд явчихна. Монгол Улсад мөнхийн ашиггүй байх нөхцөл бүрдээд байна.

-УИХ-аас 57 дугаар тогтоолыг батлахдаа хөрөнгө оруулагчид хэдий хэр хугацаанд зардлаа нөхнө гэж тооцсон юм бэ?

-УИХ-д танилцуулахаар оруулж ирсэн “Техник эдийн засгийн үндэслэл”-ийн төсөөлөл, түүн дээр бидэнд танилцуулснаар ерөөсөө 4,7 жил гэж байгаа. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгдээд 2013 онд Оюу толгой ашиглалтанд орно. Түүнээс хойш 4,7 жил гэхээр  үндсэндээ 2018 он гэхэд оруулсан хөрөнгөө нөхөөд авчихна. Тэгэхээр бид 2018 он гэхэд тавиас дээш хувь эзэмших боломжтой. Гэтэл өнөөдрийн гэрээгээр гучаас цаашлаад хоёр удаа хорь 20 жилээр сунгаад далан жилийн дараа гэж байгаа. Би УИХ-ын залуу гишүүдийн нэг. Гэтэл гучин жилийн дараа 65 настай тэтгэвэртээ гарч байх нь. Өнөөдөр энэ гэрээ байгуулсан нөхдүүд амьд явбал бас л тэтгэвэртээ гарсан байна. Энэ урт хугацааны дараа бид тавиас дээш хувь эзэмшиж үр ашгийг нь үзэж эхлэх юм байна. Үр дүн нь хангалттай биш, тээр хол байгаа гэрээг бид байгуулах шаардлага байна уу, үгүй юу. Энэ гэрээг байгууллаа гээд ард түмний амьдрал шууд сайжрах нь юу байгаа юм бэ, 250 сая долларын буцаагаад төлөх хүүтэй зээл авах гэж байгаа. Шууд амьдралд наалдах зүйл байхгүй, зөвхөн зээл л байгаа.

-Миний ойлгож байгаагаар Оюутолгойд олборлолт хийхдээ гүний усыг шууд ашиглахаар болж байгаа юм байна. Үүн дээр манай талаас хяналт тавих бололцоо нь хэр байгаа юм бэ?

-Усны асуудал бид бас л давамгай байж болох байсан. Монгол Улс усаа өөрсдийнхөө эзэмшилд байлгаад асуудлыг шийдэж болох байсан. Гэтэл бид усаа тэдний мэдэлд өгчихөж байгаа юм. Хэрэв Оюутолгойн гэрээн дээр асуудал гарвал бид усаа үнэлээд, нийлүүлэхгүй гэх боломжтой. Хөзөр тоглодог хүнд түүз хэрэгтэй шиг, бидний нэг “түүз” бол ус байсан. Гэтэл бид энэ “түүз”-ээ “май, та нар ав” гээд л өгчихсөн. Бүх хөзөр цаад талд очсон. Тэгэхээр үндсэндээ хөрөнгө оруулагч тал хүссэн бүх зүйлээ хүссэн хэлбэрээрээ хийх боломжтой, бид яаж ч чадахгүй хараад суух болчихоод байна. Хүмүүс өнөөдөр зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээг л тойрч яриад байна. Техник эдийн засгийн үндэслэлийг ч бас сайн ярих ёстой, хувь нийлүүлэгчдийн талаар ярих ёстой. Үндсэн хуулийг бидний эрхээр батладаг, харин Үндсэн хуулинд нийцүүлж бусад салбарын хуулийг батладаг. Түүнтэй адилхан компанийн үйл ажиллагаа явуулах толгой хууль нь хувь нийлүүлэгчдын хууль, гэрээ байдаг. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тулгуурлаж хөрөнгө оруулалтын гэрээ бусад гэрээ хийгддэг байх ёстой. Гэтэл хөрөнгө оруулагчдын гэрээнд анхаараад, хувь нийлүүлэгчиддээ та бол гучин дөрвөн хувь худалдаж авна бусад асуудал дээр хараад сууж бай л гэж байна. Зардал багасгах, ашгаа өсгөх тал дээр гурван гишүүн нөлөөлж чадахгүй. Жаахан ашиг үлдлээ ч түүнийгээ хувь нийлүүлэгчид, ард түмэндээ тараах болохоор гурван гишүүн яаж ч яриад нөлөөлж чадахгүй. Тэгэхээр энэ гэрээнд хяналт тавих эрх заавал байх ёстой. Зөндөө олон асуудал байна, ярихгүй байна. Оюутолгойн гэрээг зайлшгүй сайжруулах ёстой.

-Сая иргэний хөдөлгөөнүүд хоёр намын амлалтыг нэхэж жагсаад Засгийн газар ч өгөхөөр болчихлоо. Бид ер нь зөв замаар явж байна уу?

-Монгол улсын 2,7 сая хүний бараг хоёр сая нь ямар нэг байдлаар нийгмийн халамж хүртдэг. Тэр хэмжээгээр бэлэнчлэх, төр засгаас, аав ээж, ах дүүгээсээ “Надад хоол өг, хувцас өг, байр өг” гэсэн сэтгэлгээ газар авч байна. Нийгмийн халамжид шүтсэн, бэлэн мөнгө тараасан улс орон хөгжиж байсан түүхгүй. Канадын эксимосчууд, Австралийн аброгенүүд гээд уугуул иргэдэд дандаа мөнгө тарааж байсан, тэр үндэстэн мөхсөн, ямар ч ажил хийх чадваргүй, арчаагүй ард түмэн л болсон. Түүнтэй адил мөнгө өгнө гэдэг үнэхээр буруу бодлого. Гэхдээ нэгэнт сонгуулиар амалсан юм чинь улс төрчид энэ бодлогогүй амлалтаа биелүүлэх л ёстой. Үүнийгээ хэрэгжүүлэхдээ ард түмнийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургах биш, ард түмнийг ажлаа хийж амьдралаа авч явах чадвартай болгох, ажлын байртай болгох тэр нөхцлийг бүрдүүлж, чиглүүлж, ойлгуулахгүйгээр 70 мянга, 120 мянгаар нь өгвөл юу болохыг та бүхэн хараа биз дээ. Гурил будаа л болоод өнгөрсөн, ард түмэн ядуу хэвээрээ л байна. Бэлэн мөнгө өгөх тусам л юмны үнэ өсч, инфляци бий болж, зах зээлд сөргөөр нөлөөлнө. Тийм болохоор тооцоо судалгаа сайн хийх ёстой. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөалбөрт “иргэн бүрт 1,5 сая төгрөг олгоно” гээд орчихсон байгаа. Үүнийгээ хэрэгжүүлэх мөнгөө босгож чадах уу үгүй юу гэдэг дээр ч маш сайн тооцоо хийх ёстой. Дараа нь 1,5 саяа ямар байдлаар хуваарилах,  яаж өгвөл бодит эдийн засагт ямар нөлөө байна гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Та сая Перу, Болив улсуудад туршлага судлахаар явсан, тэдгээр орнуудын уул уурхайн салбартай танилцсан гэсэн. Тэнд байгалийн баялгийн орлогоо яаж зарцуулдаг юм бэ?

-Уул уурхайн чиглэлээр туршлага судлахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд тогтвортой уул уурхайг хөгжүүлэх төслийн шугамаар явахаар эндээс томилолтоо аваад Өмнөд Солонгос улс руу ниссэн. Харин Солонгост очоод цаашаа явна гэж байтал гэнэтхэн төслийнхөн “тодорхойгүй шалтгаанаар явах асуудал хойшлогдлоо” гэсэн. Төрийн албан ажлаар явж байхад ингэж хандаж болдог юм уу, үгүй юу би бас сайн ойлгохгүй байна. Ирээд удаагүй болохоор энэ асуудлаар холбогдох албан тушаалтанд нь хандаж амжаагүй байна. Бид тодорхой ажил төлөвлөсөн байсан, тэр айлчлалд явахын тулд бусад бүх ажлаа хойш нь тавьсан байсан.

-Оюутолгойн гэрээ одоо нэгэнт хүчин төгөлдөр болоод хэрэгжээд эхэлчихлээ. Одоо энэ гэрээг сайжруулах ямар боломж байна?

-Одоо Засгийн газар энэ асуудалд үнэхээр ухамсраараа хандах ёстой. Хөрөнгө оруулагч тал “Айвенхоу майнз” Рио Тинто, нөгөө талд нь Засгийн газар УИХ-ын 57дугаар тогтоолын 3 дахь заалт өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр ноогдуулдаг болгох, нөөцийн төлбөр таван хувь байгааг арван хувь болгох, арван хувийн хүүтэй 800 сая ам.долларын зээлийг хүүгүй болгох асуудлыг бид зайлшгүй шийдэх ёстой. Өөр олон юм хэрэггүй. Ерөөсөө энэ хэдэн асуудлыг л шийдчих  хэрэгтэй. Ингэхгүй бол, хичнээн “гэрээ батлагдсан, та нар хэлээ хүрэх газар заргалд” гэж байгаа бол ард түмэн энэ ажлыг эхлүүлэхгүй байж чадна.
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдэх боломж байгаа болов уу?
-Үгүй. Тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс энэ хуулиудыг яаралтай өөрчлөх талаар УИХ, Засгийн газар ярилцах хэрэгтэй. Үнэхээр энэ хуулиудаа өөрчилж чадахгүй гэвэл энэ УИХ тарах хэрэгтэй. Яагаад УИХ-ынхаа толгой дээр нь Засгийн газар нь гарчихаад, УИХ нь шийдвэр гаргаж чаддаггүй юм. Ийм янзаар удвал тун халгаатай шүү. Одоо ард түмэн, иргэний хөдөлгөөнүүд бослого гаргаад, жагсаад эхэлчихлээ. УИХ-ыг тар гэж байна.       

-Амлалт нэхэх ард түмний холбоо гэгч байгууллага УИХ-ыг тарахыг шаардаж, иргэний хөдөлгөөнүүд үүнд нь нэгдэж эхлээд байна. Эдний шаардлагаар УИХ тарах боломжтой юу? Тарлаа гэхэд хэнд ашигтай юм бэ?

-УИХ-ын 57 гишүүн санал өгснөөр УИХ тарж болно. Өөрөөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр зөвшилцөж байгаад УИХ-ыг тараах санал оруулж ирж болно. Гэхдээ УИХ-ын 57 гишүүн үүнд саналд өгөх үү, үгүй юу эргэлзээтэй асуудал. Тарлаа гэхэд ард нь хэн сонгогдох юм бэ. Тэр гудамжинд жагсаад байгаа хүмүүс сонгогдох уу, тэд ард түмний төлөөлөл болж чадах уу. Тодорхой тойргуудаас ард түмний саналыг аваад энэ их хурал байгуулагдсан. Жишээ нь, Ховд аймагт оршин суугаа 90 мянган хүнээс 50 орчим мянга нь саналаа өгсөн, би 50 хувийн санал авч сонгогдсон, энэ их хуралд. Гэтэл өнөөдөр Ховд аймгаас УИХ-ыг тараах асуудал ярьж байгаа хэдэн хүн байгаа юм. Тийм болохоор харьцангуй ойлголт л доо. Тийм учраас УИХ-ыг тар гэдэг шаардлагыг би сайн ойлгохгүй байгаа. Түүний оронд УИХ энэ Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой. 1,5 саяын амлалтаа биелүүлэх ёстой. Харин УИХ-ыг тараах асуудал нь Оюутолгойн гэрээ, гаднын хөрөнгө оруулагч нартай холбоотой байхыг үгүйсгэхгүй. УИХ энэ гэрээг сайжруулж гадны хөрөнгө оруулагч нарт одоо байгаа хувилбараас ашиг багатай хувилбар санал болгохгүйн тулд тийм байж магадгүй. Одооны Засгийн газар бол тогтвортой байдлын биш, гаднынханд тааламжтай байдлын гэрээ л хийгээд өгчихсөн байгаа. Үүнийг харин УИХ өөрчилж тааламжтай байдлын гэрээ бус, жинхэнэ тогтвортой байдлын гэрээ болгох гэж байгаа юм. Тэгвэл нөгөө нөхдүүдэд тааламжгүй болох гээд байна даа. УИХ-ыг тараачихвал Оюу толгойн гэрээ тааламжтай байдлын гэрээ хэвээр үлдэх гээд байна. Хэрэв тийм биш л бол УИХ-д энэ гэрээг сайжруулах боломж олгох ёстой. Тэгээд гэрээгээ сайжруулж чадахгүй бол дараа нь асуудал ярих хэрэгтэй.

-Удахгүй МАХН-ын Бага хурал хуралдана. Үүнийг угтаад намын нэрийг солих, намын дэргэдэх олон нийтийн байгууллагуудын ч нэрийг мөн адил солих асуудал яригдаж байгаа юм шиг байна. Та үүнийг дэмжиж байгаа юу?

-Ер нь зүгээр нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэж ярьдаг. Түүнтэй адилхан бид хэлбэрийн өөрчлөлт хийгээд асуудал шийдэгдэхгүй. Хэлбэртэй хамт агуулгын өөрчлөлт давхар хийгдэх ёстой. Агуулга хэлбэрийн нэгдэл гэж ярьдаг. Зөвхөн нэрээ сольсноор бид шинэ нам болчихгүй, бодлого үзэл баримтлал, асуудалд ханддаг хандлага, арга барил энэ бүх юмаа өөрчлөх шаардлага МАХН-д байгаа. Зөвхөн МАХН-д ч биш, энэ улс төрийн хүчнүүд, төрийн албан хаагчдын сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай. Ард түмний төлөө үйлчилдэг хүмүүс шүү, ард түмний төлөө үйлчилснийхээ хариуд цалин авч байгаа шүү гэдгээ ухамсарлах сэтгэлгээ дутаж байна. УИХ-ын гишүүд нь ч юу ч хамаагүй амлаж байгаад гардаг, гарсан хойноо мартдаг, төрийн албан хаагчид нь сандал ширээнд суугаад авахаараа хуулиар хамгаалагдсан хүнд сурталтнууд болдог. “Би төрийн албан хаагч” гээд хүнд суртал гаргадаг, хүнд суртал нь шан харамж болдог, шан харамж нь авилга болдог энэ тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Тийм учраас хэлбэрийн биш агуулгын өөрчлөлтыг бид давхар хийх ёстой.

-Танай намын дарга С.Баярыг гадаадад эмчлүүлж байхад танай намынхны зүгээс “Намын дарга ажлаа өгөх хэрэгтэй” гэдэг шаардлагыг удаа дараа ярьж байсан. Одоо С.Баяр дарга ирсэн болохоор энэ асуудлыг дахин тавих уу?

-Би бас гадаадад явж байгаад ирсэн болохоор сүүлийн үеийн мэдээллээс жаахан хол байна. Ер нь бол манай намын дарга солигдох ёстой, Ерөнхий сайд нь намын дарга болох ёстой ч гэдэг юм уу, бие нь муу гээд Ерөнхий сайдын ажлаа өгсөн юм чинь намын даргын ажлаа ч өгөх ёстой, удаан хугацаагаар гадаадад яваад байхаар намын бодлого шийдвэр бүрхэг болж байна гэх уур амьсгал бий болоод яригдаж байх шиг байна. Үүнийг бид намынхаа их хурлаар ярина. Яагаад заавал С.Баяр гэдэг хүн намын дарга байх ёстой, эсвэл юуны учир С.Баяр гэдэг даргыг заавал солих ёстой, эсвэл энэ хэвээрээ байснаараа МАХН, Монголын ард түмэнд ямар эерэг нөлөөлөлүүд бий болох, эсрэгээрээ солилоо гэхэд ямар эерэг үр дагавар бий болох юм гэдгээ бид нухацтай ярьж байж асуудлаа шийдэх ёстой. Түүнээс биш дээр хэлсэн шиг хэлбэрийн өөрчлөлт хийснээр асуудал шийдэгдэхгүй.

-Намын залуучуудын байгууллагыг удирдах боломжтой хүмүүсийн тоонд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Д.Зоригт та гурвын нэр явж байгаа гэсэн. Энэ асуудлаар намын удирдлагын түвшинд та нартай ярьсан зүйл бий юу?

-МАСЗХ-ны чуулганыг хийнэ гэж ярьж байгаад тодорхой хугацаагаар хойшлуулсан байгаа. Надад бол хуучин МАСОХ-ны ерөнхийлөгч байсан, намын дэргэдэх олон нийтийн байгууллагыг тодорхой хугацаанд толгойлж ажилласан гэдэг утгаараа ажлын тодорхой хэмжээний туршлага байгаа. Үнэхээр намаас залуучуудын байгууллагыг тэргүүлээд яв гээд үүрэг өгөх юм бол, өгсөн үүрэг даалгаварыг итгэлийг нь алдахгүй биелүүлээд явах бололцоотой гэж өөрийгөө үздэг. “Чи чадахгүй, боль” гэвэл “Заавал би болно” гээд гүйгээд байхгүй.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал дээр МАХН-ын залуус хувь тэнцүүлэх системийн эсрэг байгаа гэсэн. Яагаад тэр вэ, том тойргоос гарч ирэхгүй гэж айсных уу?

-Сонгуулийн хууль янз янзаар яригдаж байгаа. Том мажоритариар явах уу, жижиг мажоритариар явах уу, пропорциональ байх уу, холимог байх уу гээд. Хамгийн гол нь ард түмэн өөрсдөө хүнээ сонгодог байх ёстой. Үнэхээр энэ хүн ажиллана гэж итгэж байвал тэр хүнээ л сонгодог байх ёстой. Түүнээс биш тодорхой бүлэг улсууд намын нэрээр намын санал аваад, түүн дээр нь намын дарга удирдлагууд өөртөө таалагддаг, өөрийг нь тойрон хүрээлдэг хүмүүсийг төрийн эрх барих дээд байгууллагад оруулдаг байж болохгүй. Аль болох ард түмний саналаар, ард түмний төлөө гэсэн олон хүн УИХ-д суудаг байгаасай гэж бодож байгаа. Бусдаар бол заавал тийм, ийм юм байх ёстой гэхгүй. Аль ч тогтолцоо, аль ч хувилбар батлагдсан түүнд дасан зохицоод, ажиллаад явж болох л байх.

-Энэ асуудлыг хамгийн сүүлд МАХН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэхэд та ямар санал өгсөн бэ?

-Би гадаадад ажилтай явж байгаад өнгөрсөн тав дахь өдөр ирсэн. Үндсэндээ сүүлийн нэг сар орчим хугацаанд бараг Монголд байгаагүй. Нэлээн олон оронд явлаа, тодорхой хэмжээний туршлага судлалаа. Тийм учраас намын бүлэг дээр ямар асуудал яригдсан талаар мэдээлэл багатай байгаа.

Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж