18 сая ам.долларын тусламж үзүүлэхийг уриална

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

18 сая ам.долларын тусламж үзүүлэхийг уриална

НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах алба нь Монгол улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон Монгол Улсын Засгийн Газартай хамтран 2010 оны тавдугаар сарын 12-ны өдөр Женев хотод 15.00 цагт, Улаанбаатар хотод 17.00 цагт Гадаад Харилцааны Яамны хурлын танхимд олон улсын уриалга гаргаж, хандивын арга хэмжээг эхлүүлэх гэж байна.
Энэхүү арга хэмжээ Женев хот дахь НҮБ-ын байранд болох ба үүнд Монгол Улсаас НҮБ-ын Женев дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгч, Элчин сайд ноён Лувсанцэрэнгийн Оргил, НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах алба болон Женев дахь бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцоно. Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч хатагтай Рана Флауэрс энэхүү чухал арга хэмжээнд оролцохоор Женев хотыг зорьсон бөгөөд Улаанбаатар хотод Монгол Улсын Шадар Сайд М. Энхболд уриалгын арга хэмжээг эхлүүлж, Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид, элчин сайд нар болон олон улсын байгууллагуудын удирдлага байлцах юм.
Уг арга хэмжээний хүрээнд нийт 18 сая ам.долларын тусламж үзүүлэхийг уриалж байгаа бөгөөд Монгол Улсад цаг агаар эрс хүйтэрч, цас их хэмжээгээр орсны улмаас үүссэн байгалийн гамшиг, зудыг даван туулахад дэмжлэг болох олон улсын тусламжийг зохицуулах хүсэлтийг Монгол Улсын Засгийн Газраас НҮБ-д өнгөрсөн нэгдүгээр сард тавьсны дагуу авч хэрэгжүүлж буй томоохон үйл ажиллагаануудын нэг нь уг уриалгын арга хэмжээ юм. Энэхүү тусламжийг цаашид онцгой байдлын үеийн бэлтгэлийг сайжруулж, гамшгийн нөлөөг бууруулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлж, зуданд нэрвэгдсэн 800 орчим мянган хүний амьжиргааг дэмжих, нөхөн сэргээх арга хэмжээнд зориулахаар төлөвлөөд байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж