“Уэст хэм” Золаг ажлаас нь халлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

“Уэст хэм” Золаг ажлаас нь халлаа

Лондонгийн “Уэст хэм Юнайтед” клуб дасгалжуулагч Жанфранко Золаг ажлаас нь чөлөөллөө. “Челси”-гийн тоглогч байсан 43 настай Зола “Аптон Парк” цэнгэлдэхэд хоёр жил хүрэхгүй хугацааг өнгөрүүлсэн бөгөөд үүнээс өмнө клубын төвшинд дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагагүй юм. Сануулахад, тэрбээр 2008 онд Алан Карбишлиг орлож, тус клубын ахлах дасгалжуулахаар ажиллах болсон билээ. Клубыг дасгалжуулсан эхний жилдээ тэд Премьер лигийн хүснэгтийн есдүгээрт бичигдэж, улмаар улирлын төгсгөлд Зола гэрээгээ шинэчилж, дөрвөн жилийн хугацаатай сунгасан боловч энэ улиралд тэд 17-р байрт бичигдээд зогсохгүй, доод лиг рүү унах аюулаас арайхийж мултарсан учир ажлаасаа хөөгдөхөд хүрсэн байна.
Зүүн Лондонгийн клубын удирдлага энэ талаар “Уэст хэм Юнайтед клуб Жанфранко Золатай байгуулсан гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдэж байна. Удирдах зөвлөлөөс түүнд талархлаа илэрхийлж, цаашдын ажил амьдралд нь гэрэл гэгээтэй бүхнийг хүсч байна. Одоо клубын удирдлага түүнийг орлох шинэ хүнийг хайж олоход анхаарлаа хандуулна. Энэ талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.
Харин цуу яриагаар “Уэст хэм” клубын хамгаалагч асан, Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Славен Билич, “Портсмут”-ын Аврам Грант, “Ман Сити”-гийн экс-дасгалжуулагч Марк Хьюз нарын нэг нь Золагийн халамж залгааг авах бололтой.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж