Adam Lambert : Би хөгжмийн ертөнцөд шинэ эрин эхлүүлсэн

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Adam Lambert : Би хөгжмийн ертөнцөд шинэ эрин эхлүүлсэн

Adam Lambert : Би хөгжмийн ертөнцөд шинэ эрин эхлүүлсэн
Рок дуучин, ижил хүйстэн, "American Idol"-ын од Adam Lambert "Glam Nation" нэртэй аялан тоглолтоо хийхээр болсон билээ. Ирэх сарын 4-нөөс эхлэх уг тоглолтынх нь талаар түүнтэй ярилцсан сонирхолтой ярилцлага “Digital Spy” сайт дээр нийтлэгджээ. Энэхүү ярилцлагыг та бүхэндээ хүргэе.


-Та өөрийн анхны аялан тоглолтоо хийх гэж байна. Сэтгэгдэл ямархуу байна вэ?
-Ямар их сэтгэл догдолж байгаагаа танд үгээр илэрхийлж, ойлгуулж чадахгүй нь харамсалтай. Би үргэлж амжилтанд хүрч, аялан тоглолтоо хийх юмсан гэж мөрөөдөж ирсэн. Ингээд тэр мөрөөдөл минь биеллээ. Тиймээс баярлахгүй байхын аргагүй.
-Таны аялан тоглолтыг аль нэг телевизийн сувгаар шууд дамжуулан хүргэх болов уу?
-Энэ талаар одоохондоо төлөвлөсөн зүйл байхгүй байгаа. Анхны тоглолт гэдэг утгаараа шууд дамжуулах сонирхол бага байна. Радиогоор ч юм уу зарим нэг хэсгээс нь л дамжуулах байх. Би хоёр аялан тоглолт хийхээр төлөвлөөд байгаа. Эхнийх нь энэ. Харин дараагийн аялан тоглолтоо ирэх оны дөрөвдүгээр сард хийнэ гэж бодож байгаа. Тэр тоглолтыг л шууд дамжуулж магадгүй юм.
-Өөрийнхөө тухай цөөн үгээр тодорхойлбол?
-Би өөрийгөө энэ цаг үеийн бас нэгэн од гэж боддог. 60-аад оны сүүлчээс 70, 80-аад оны үед амьдарч байсан алдартнуудыг тухайн үедээ оюун санааны хувьд асар их шинэчлэлт авчирч, хэвшмэл үхширсэн үзэл бодлын хүлээснээс гарч, зоригтойгоор өөрийнхөөрөө байж чадсан хүмүүс гэж би хувьдаа үнэлдэг.
Bowie, Freddie Mercury гээд миний хувь хүний үзэл бодол, өөрийн философид маань асар их нөлөө үзүүлсэн алдартнууд, дээрээс нь мэдээж Michael Jackson. Би эдгээр хүмүүстэй адил хөгжмийн ертөнцөд бас нэгэн шинэ үеийг эхлүүлж байгаа гэж боддог.
-Бэлгийн чиг хандлагынхаа тухайд?
-Би ижил хүйстэн гэдгээ нуудаггүй. Харин ч бахархдаг. Тиймээс ч би энэ талаараа нээлттэй байж чаддаг. Анх шоуны финалын үед миний ижил хүйстэнтэй үнсэлцэж  буй зурагнууд интернэтээр цацагдаж, олны өмнө энэ тухайгаа хүлээн зөвшөөрөх шаардлага гарч байсан. Тухайн үед маш олон үзэгчид энэ үнэн үү гэж надаас асууцгааж байсан.
Миний бодлоор юуг ч нуулгүй үнэнээ хэлсэн маань маш зөв сонголт байсан. Хэнээс ч, юу ч нуулгүй яг л өөрийнхөөрөө байж, энэ тухай чөлөөтэй ярилцах нь надад үнэхээр эерэг мэдрэмж өгч эхэлсэн.
-Та дуулахын өмнө хэрхэн бэлддэг вэ?
-Тэдэн минут хоолойгоо бэлдэнэ ч гэдэг юм уу, яг тийм тогтсон юм байхгүй л дээ. Угаасаа ч би тийм зүйлд дургүй. Тухайн үед би юу мэдэрч байна, тэр мэдрэмжээрээ л дуулдаг. Дотроос маань оргилж гарч ирдэг. Харин нүүр будалт, үсээ янзлуулах гэх мэт бэлтгэл ажилд бараг нэг цаг зарцуулдаг. Гэхдээ янз бүр байдаг л даа.
-Таны анхны сингл цомог болох "For Your Entertainment" хэрхэн бүтсэн түүхээс сонирхуулахгүй юу?
-Энэ үнэхээр гайхалтай, зүгээр л тэсрэлт гэхэд хангалттай. Олон ч алдартай дуучид хамтран ажилласан. Анхны цомог гэдэг утгаараа ч тэр юм уу, би энэхүү цомгоо хөгжмийн ертөнцөд шинэ эрин эхлүүлсэн гэж үнэлдэг. Энэ цомогт Lady GaGa, Pink, Matt Bellamy, Justin Hawkins, Max Martin гээд алдартнууд хамтран ажилласан.
-Тэд бүгд тантай хамтран ажиллахыг хүсч байна гэхэд гайхаж байсан уу?
-Гайхах гэхээс илүү өөртөө улам өндөр шаардлага тавьж эхэлсэн. Та анзаарвал эдгээр дуучид бүгд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хүмүүс байгаа. Хөгжмөөс гадна биднийг үзэл бодол маань холбож байсан ч байж магадгүй юм.
-Гурав дахь цомгоо хэзээ гаргах вэ?
-Саяхан "If I Had You" нэртэй цомгоо гаргасан. Энэ цомог маань анхны цомогтой ижил төстэй зүйл огтхон ч байхгүй. Бас л нэг цоо шинэ тэсрэлт. Гурав дахь цомгийн тухайд аялан тоглолтынхоо дараа гаргана.
Н.НАРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж