Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Шагналын ченжүүд
Саяхны нэг судалгаагаар жилд иймэрхүү маягаар 400-450 мянган хүн ямар нэгэн хэмжээгээр шагнагддаг гэсэн тооцоо гарчээ. Нүсэр тоо биш гэж үү. Дөрвөн хүн тутмын нэг нь жилд шагнуулаад байгааг бодоход улс орон хэтэрхий хурдан хөгжиж дэвжээд байгаа юм шиг санагдаад байгаа юм. Харамсалтай нь хаашаа өгсч, хаашаа уруудаад байгаагаа мэдэхээ болилоо, бид.
Хөөрхий ганц монголчууд ч биш дэлхий бөв бөөрөнийнхөө байх эрт цагаас хавтгайрч даяаршсан энэ цаг үеийг хүртэл хүмүн төрөлтөн бултаараа л шагналд дуртай, шийтгэлд дургүй байсаар ирсэн гэлтэй. Нэгэнт биесийнхээ хүч нөлөөн доор амьдрах нийгмийн амьтан юм болохоороо нийтийн эрх ашгийн тулд сайн зүйл бүтээвэл шагнуулна харин мууг хийвэл шийтгүүлэх нь жам ёсны зүйл. Нийгмийн төвөгтэй харилцааг зохицуулах хууль дүрэм ч ингэж л анх бий болсон түүхтэй биз…
-Ээ дээ тэр гавьяатыг нь авчихвал ч өч төчнөөн жил урлагт зүтгэсний хэрэг гарлаа…
-Манай багшийн гавьяаг үнэлээд нэхэж шагнавал энэ төр нүдээ олжээ гэж санах юм…
-Энгэртээ гялтайх ч тэмдэггүй дээ зайлуул. Их ч юм хийсэн хүнсэн… гэхчлэн яриаг сонсголтой байтугай дүлий хүн ч залхтлаа сонссон байх.
Энэ шагналтай холбоотой онигоо байтугай бодитоор тохиосон хөгийн явдал ч амьдрал дээр өч төчнөөн. Ах дүү хамаатан садан, нутаг нугынхан тэр байтугай эхнэрээ хүртэл шагналд тодорхойлчихоод шагнуулахаар гүйж явсан эрхэм түшээг хоёр нүдээрээ харж ч явлаа. Товчхондоо нийгэм тэр чигээрээ шагнуулах сэтгэлзүйтэй болчихож.
Бидний байнга ишилдэг Монголын Нууц товчоонд ч есөн удаагийн гэм алдаанаас өршөөн хэлтрүүлэх шагналыг Чингис хаан өрлөг жанжнууддаа олгож байсан нь хамгийн эртнийхт тооцогдох түүхэн эх сурвалж. Анд нөхдийн ч юм уу, язгууртнуудын ч гэмээр юм уу энэ итгэлцэл нь есөн удаа гэмт үйлдэл үйлд гэсэн үг огтоос биш утгаар хэрэглэгдэж байсан нь их сонин. Тиймдээ ч Чингисийн байгуулсан их гүрэн хүний түүхэн дэх хамгийн хүчирхэг, сонгомол төр засгийн шинжийг агуулж байсан гэдэг. Шагналын тухай эргэцүүлэн бодохын тулд түүхийн талаарх товчхон ч атугай мэдээлэлтэй байх хэрэгтэй гэж санан ийнхүү нуршин өгүүлж байгаа юм.
Эзэн Чингисийн дараах их гүрний бууран доройтлын учир шалтгаан энэхүү шагналтай холбоотой байдаг нь бүр ч их сонирхол татдаг. Хятадад эзэн суусан манжууд хүчирхэг монголчуудыг буулгаж авах удаан хугацааны нарийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлсний гол зангилгаа нь ихэс дээдсийг нь янз бүрийн хан, ван, ноён тайж, захирагч гээд түмэн янзын цол хэргэм шинээр бий болгон баруун солгойгүй шагнаж байлаа.
Гэхдээ бас их бодлоготой. Өнөөдөр нэгэнд нь нэг цол олгочхоод яг адилхан хэргэм зэрэг угсаа гарвалтай өөр нэг ноёнд арай дөнгүүр цол олгочихно. Эсвэл газар нутаг захирах эрхийг хоёр хүнд давхцуулаад олгочихно. Угаас нүүдэлчдийн цусанд байх нэг нэгэндээ үл захирагдах араншинг ингээд л сэдэрээнэ. Үүнээс л орондоо орох завгүй хөнжилдөө унтах сөхөөгүй хөнөөлдөөд тэмцэлдэж байв. Тэр хэрээр хүч чадал нь харьж манжуудын гарт монголчууд өөрөө л ороод ирсэн нь гашуун түүх. Ингээд л хэнд ч дийлдэшгүй мэт санагдаж байсан монголчууд хоромхон зуурт тэргүүн дээр нь сандайлаад суусан ч үг хэлэхээргүй ноомой, дорой үндэстэн болж бүхэл бүтэн хоёр зууны турш гутамшигийн туйлыг үзжээ.
Социализмын 70 жилд ч байдал нэг их өөрчлөгдсөнгүй. Алга дарамхан талархлын бичиг, сайшаалын үнэмлэх, энгэрт нь шажигнах төмөр одон тэмдгүүдтэй хүний дээд болсон нэгэн насныхаа эцэст орох орон оочих аягагүй шахуу өлөн зэлмүүхэн аж төрсөөр нөгөө ертөнцийг зорино. Амьдралынх гол утга учир одон тэмдэг, сайшаалын үнэмлэх гэж үү хэмээн эргэлзэх ч сөхөөгүй социализмын бүрэн төгс ялалтын тулд гэх хатуу итгэл үнэмшилдээ булшлагдан нэгэн насыг баржээ, тэртээх он жилүүдэд.
Шагнал ингэж монголчуудаар тоглосон түүхтэй. Одоо ч энэ гашуун түүх үргэлжилсээр байна. Бид төвлөрсөн төлөвлөгөөт коммунист нийгмээс ардчилсан нийгэм рүү шилжсэн ч шагналын системээ бусдын адил солилгүй өнөөг хүртэл тээж яваа.
Нийгмийн шинэ дэг тогтоож, ардчилсан замаар замнаж байгаа бол хуучин туршлага, шагналын систем хэрэггүй гэдгийг сэхээрэхгүй байсаар өдийтэй золгож байна. Төрийн ордны агуулахад гурван тонн Төрийн шагнал, гавьяатын тэмдэг, Алтан гадас, хөдөлмөрийн хүндэт медаль бас бус ойн меадлиуд нөөцлөгдсөн талаарх баримтыг сүүлийн үед тавих боллоо. Нэг медаль 50 грамм гэж тооцвол 150 мянган медаль, тэмдэг байна гэсэн үг. Хаягдал төмрөөс ялгаатай нь түүнд монголчууд дуртай.
Жишээлэхэд, толгойтой болгон шахуу Их Монгол улсын 800 жилийн ойн медалиар шагнагдсан. Тэглээ гээд дундарсан зүйлгүй. Бүр илүүдээд бэлэг дурсгалын дэлгүүрүүдийн лангуу болгон дээр тоосонд даруулаад л хэвтэж байна. Засаг дарга нар тэрхүү дуусдаггүй ойн медалиар байс гээд л хэдэн буурайг дуудан шагнадаг боллоо.
Ардчилалын 20 жилийн ой тохиож байна гээд Засгийн газраас гурван ч төрлийн одон тэмдэг хийлгэчихсэн хойноо УИХ-д гаргах эрх авч байсан нь хоёрхон сарын өмнө. Бас л толгойтой болгон, өдөр бүхэн шахуу шагнагдлаа. Манай болон бусад хэвлэл, мэдээллийн редакцийн тэн хагасыг энэхүү шагналаар шагнуулсаныг ч нуух юун. Дахиад жилийн туршид шагначихад мөддөө барагдахгүй нөөц байгаа дуулдана. Үүн дээрээс нэмээд сар болгон шахуу энэ тэр тэмдэглэлт ой гэж шалтаглаад 200-300 хүнийг төрийн янз бүрийн одон тэмдгээр шагнаж байна.
Ингээд бодохоор Төрийн ордны агуулахад гурван тонн одон тэмдэг хадгалагдахаас ч яах билээ дээ. Үүн дээрээс нэмээд салбар, байгууллагын ойн одон тэмдэг, өргөмжлөл, баярын бичгийг нэмбэл учир тоймоо алдана.
Сүүлийн үед ажил үйлсээрээ онцгойрон гэж цоллуулан шагнагдагсад одон тэмдэгтэйгээ шорон гяндангийн хаалга татах нь цөөнгүй болоод байна. Авилгал авсан, хулгай хийсэн, албан тушаалаа ашигласан бүүр хүний амь бүрэлгэгсэд энэ жагсаалтыг гоёж чимэх болжээ. Ийм л гаж шагналын тогтолцоо манжийн үеэс эхлэлээ тавьж социализмын үед төгөлдөржиж ардчилалын үед хавтгайрах болов. Монголын эмгэнэл гэлтэй.
Шагнуулаагүйдээ хорссон, гомдсон, өс зангидсан нэгний ярилцлага, нийтлэл, өгүүллэл сонин хэвлэлийн хуудаснаас өнжинө гэж байхгүй болсон. Эцэстээ нөгөөх нь талцсан, хуваагдсан хоёр гурван тал болж улстөржөөд холион бантан болж хувирах нь ч энүүхэнд.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болуутаа л шагналын тогтолцоотой дайн зарлана гэсэн боловч шагналыг хэрхвэл зохистой талаар олон нийтээс санал авч байгаа гэхээс өөр тоймтой сураг чимээгүй л байна. Гол нь олон нийт ямар санаа оноо гаргаж байна вэ, алийг нь зөв зүйтэй гэж авч хэрэглэх вэ, юуг нь хуульчлах вэ гэдгийг илэн далангүй хэлэлцүүлмээр байх юм. Усанд хаясан чулуу шиг таг чиг чимээгүй байж байгаад гэв гэнэтхэн нэг шийдвэр гаргаад хэрэгжүүлэх гээд тэс гэдрэгээр зүтгээд байвал нэг их олигтой үр дүнд хүрэхгүй л болов уу.
Үнэхээр шагнал үнэгүйдэж, олширч, нэр хүндийн арилжаа наймааны хэрэгсэл болж байгаа нь илт болжээ. Байгууллага, аж ахуйн нэгж, салбарын шагнал урамшуулалыг байг гэхэд төрөөс олгодог шагналаа нэг сайн цэгцэлмээр. Гавьяатнаа огт шагнахгүй гэж байгаа юм биш. Гагцхүү нийгмийг хөгжүүлэхэд бусдаас илүү идэвхийлэн оролцож байгаа хүмүүсийн идэвхийг сэргээхэд шагнал олгогдох ёстой. Эр цэрэг ч юм уу, эсвэл…
Нийгэмд хор хөнөөл учруулсан этгээдийг шийтгэх шинжлэх ухаан дээр үндэслэгдсэн арга зүй эрт балрын цагт гарсан шиг шагнах шинжлэх ухааны арга зүй хожуу боловч боловсруулагдаад хэрэглэгдэж заншчихсан. Хэнийг яаж шалгаруулж шагнах дээрээ толгойгоо гашилгаад байгаа бол гадны бэлэн жишээг монгол хөрсөн дээр тохируулаад буулгачихаж болохгүй гэх газаргүй. Төрөөс шагнах хүмүүсийн тоог хязгаартай тогтоодог, шалгах шалгуур, үзүүлэлтийг нарийвлан тогтоож албан тушаалтны үзэмж, дур зоргоос үл хамааралтайгаар хуульчилдаг, улс төрийн сонгуулийн өмнө болон үеэр төрийн шагналыг олгодоггүй гээд олон шалгуур үзүүлэлт үүнд багтдаг юм.
Шагналын тоог цөөлөхийн сацуу шагнагдагсдын тоог ч бас цөөлбөл шагнал үнэгүйдэх гажуудалаас ангижирч болно. Монгол, Орос, Хятад, хойд Солонгос  дөрвөөс өөр ардын жүжигчин, гавьяат, салбарын тэргүүний ажилтантай улс байна уу. Ардын жүжигчин Стивен Спилберг, гавьяат мэдээлэлзүйч Билл Гейтс, соёлын тэргүүний ажилтан Деми Мур гээд жагсаагаад үз дээ. Ямар ч онигооноос дутахгүй инээдэм басхүү ханиадам болно оо доо. Бид ийм л шагналын тогтолцоотой 21-дүгээр зууны шившиг болоод л сууж байна шүү дээ үнэндээ. Тиймээс шагнал ёстой л нэг гарын таван хуруунд багтахуйц байж дээр нь дагалдах мөнгөн шагналын хэмжээг ч өндөрсгөж өгвөл сая шагнал үнэгүйдэж хавтгайрахгүй нөхцөл бололцоог бий болгоно. Төр шагнаж чадаж байгаа юм бол хөдөлмөрийг нь хэн нэгэн нь үнэлж байгаа л юм бол амьдрал ахуйд нь тус нэмэр болохуйц хөрөнгө мөнгийг давхар олгож байх учиртай. Тэгж гэмээн шагнал нүдээ олж, шагнуулж байгаа хүндээ ч шимтэй болохсон.
Төрийн дээд шагналыг дагалддаг мөнгө нь дээд тал нь 100 мянга төгрөг. Харин шагнуулсан хүн Одонгийн найр хийх гэж хоёр гурван сая төгрөг зарлагадана. Бодит байдал дээрээ төрөөс шагнуулсан биш төрдөө шийтгүүлсэн болж таарч байгаа биз дээ. Ерөнхийлөгч энгэрт нь хэдэн төмөр зүүгээд гар барьсан болоод л өнгөрнө. Дараа нь тэд одонгийнхоо найраа хийх хэдэн цаасыг яаж олох вэ гээд толгойгоо гашилгаж суугаа. Шагнуулах нэг хором шаналгах хэдэн cap жилийн шийтгэлтэй тэнцэхийн гашуун үнэнийг тэд туулж яваа.Үнэхээр чадалтай чансаатай хүмүүсээ шагнаж урамшуулаад ирээдүйд хийж бүтээх нөхцөл боломж амьдрал ахуйг нь сэвхийтэл нь биш юм аа гэхэд хэсэгтээ л санаа зовнихооргүй хөрөнгө мөнгө дагалдуулаад өгчих нь төрийн шагнал нүдээ олж, шимээ хүртээхийн жинхэнэ биелэл болох буй за.  2,7 сая хүнд 3 тонн медаль хадгалан дарга нарыг медалийн ченж болгох дэмий биш гэж үү…
Л.НАРАНТӨГС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж