Өссөөр байгаа үнэ ханшийг яах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Өссөөр байгаа үнэ ханшийг яах вэ?

“Хэрэглээний үнийн индексийн өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 4,3 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ” гэж статистикчид хэлж байна. Хэрэглээний үнийн индексийг гаргахын тулд  287 нэр төрлийн барааг жишиг болгон авдаг гэхээр ус, ундааны үнэ индекст голлон нөлөөлсөн нь гайхал төрүүлнэ. Ус, ундаа өдөр тутмын зайлшгүй хэрэглээ бус бараг тансаг хэрэглээ. Дээр нь тодотгоход хэрэглэгч бидний анзаарснаар ус, ундааны үнэ төдий л нэмэгдээгүй.
Гэтэл сүүлийн хэдэн сарын турш импортын хэмжээ нь буурч, үнэ нь өссөн цагаан будааны тухай, өдрөөр бус цагаар үнэ ханш нь нэмэгдсээр  байгаа мах, махан бүтээгдэхүүний  талаар нэг ч үг дурдаагүй “Хэрэглээний үнийн индекс” амьдралаас арай л хол мэт санагдана. Өнөө өглөө дэлгүүрт ороход л үхрийн мах 6000-аас даваад “данайж” байна. Мал гэдгийг мэддэг ч үгүй улс оронд л байдаг үнэ ханш байх. Гэтэл бид чинь хорогдсоор байгаа  хэдий ч хүн амынхаа тооноос даруй арав гаруй дахин олон малтай. Харин авдаг цалин хөлс нь гадаадынхнаас урвуу хамааралтай гээд бодохоор бүсээ чангалахаас аргагүй цаг үетэй бид тулгарчээ.
Үндэсний статистикийн хороонооос хэрэглээний үнийн индексийг гаргахын тулд нийслэлийн 11 мянган өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон улирал тутам судалгаа явуулдаг гэн. Ингээд тухайн өрх орлогынхоо хичнээн хувийг, мах, гурил зэрэг хүнсний бараандаа зарцуулдгийг тооцож гаргадаг. Тэдний тайлбарлаж байгаагаар өрхүүд орлогынхоо 30-35 хувь нь хүнсэнд зарцуулдаг гэнэ. Үүнийг сонссон захын эзэгтэй  толгой  сэгсэрнэ. Яаж бодохоороо статистикчид бодит амьдралаас ийм эсрэг тооцоо гаргадгийг мэдэхгүй юм. Дундаж орлоготой нэгэн өрх хагас сарын цалингаараа сарын хүнсээ бэлтчихдэг байсан цаг саяхан. Ердөө хэдхэн сарын өмнө. Гэтэл одоо хагас сарын цалингаараа хонины гулууз мах л авна.
Үндэсний статистикийн хороо долоо хоног бүр 20 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргадаг болсоор нэгэн жилийг үдэж байна. Мэдээллийг үнэн бодитой гаргахын тулд  Улаанбаатар хотод л гэхэд 10 захаас мэдээлэл цуглуулдаг гэнэ. Хэдийгээр дундажлан гаргаж байгаа ч уг судалгааны хүнсний барааны үнэ ханш мөн л эргэлзээтэй зүйл олон байдгийг статистикчдад дуулгахад “Бид маш олон газраас мэдээлэл авч, түүнийгээ дундажлан гаргадаг. Аймгуудаас долоо хоног бүрийн баасан гаригийн 15 цагаас мэдээ мэдээлэл авдаг аж. Тийм болохоор иргэдийн цуглуулсан мэдээллээс зөрөхийг үгүйсгэхгүй” гэж тайлбарлаэ байна. Гэтэл баасан гариг бүрт Дундговь аймагт сүү зарагдаагүй, нийслэлд 1600-1800 төгрөгөөр бөөндөж буй цагаан будаа зарим газарт 1100-1200 төгрөгийн үнэтэй байна гэж мэдээлэх нь үнэхээр эргэлзээ төрүүлсээр…
“Хүний хөгжлийн сан”-гаас хоёр ч удаа олгосон хишиг хувь  хэрэглээний үнийн өсөлт, инфляцид ч  нөлөөлсөн нь мэдээж. Гэтэл статистикийнхан “Онцын нөлөө үзүүлээгүй.Нөлөө үзүүлэхгүйн үүднээс цувруулж өгч байгаа ” хэмээн хээв нэг хэлж суух юм. Цаашид наймдугаар сард хүн бүрт олгох 50 мянган төгрөг, аравдугаар сард нэмэх цалин мөнгийг ганзагын наймаачид хэзээний тооцчихоод хүнс, барааны үнэ зугуу зугуухан нэмсээр сууна. Ямх ямхаар “явсаар” байгаа үнэ ханшийг хэрхэн чөдөрлөх талаар статистикчдаас лав асуугаад нэмэргүй нь. Харин ч тэд эсрэгээр нь “Манай улсын эдийн засаг энэ оны эцэс гэхэд найман хувиас давна” гэсэн цагаан мэдээгээр тархи угаан угтана. Тэр өсөөд нэмэгдээд байгаа эдийн засгийн үр өгөөж нь хэрэглэгчдэд яагаад тусахгүй байгаа юм бол. “Тэтгэврээ буухаар тансагладаг ч өнгөрлөө” хэмээн ачаа дагуулан гунигтайхан алхах эмээд, “Хэдэн хүүхдээ өнөөдөр талхгүй л өнжөөх нь дээ” гэж шаналж суугаа ижийд үүнийгээ тайлбарлаад өгөөч, статистикчид аа.
Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж