Тогооч Дэми: “Beckham жимстэй бялуунд дуртай”

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Тогооч Дэми: “Beckham жимстэй бялуунд дуртай”

Өвөрмөц нэгэн cook show-гаараа үзэгчидтэй танил болох гэж байгаа тогооч Дэмитэй ярилцлаа. Түүний шинэхэн шоу тун удахгүй “Боловсрол суваг” телевизээр гарч эхлэх юм. Толгой эргэм олон шоунуудаас эрс ялгарах амттайхан нэвтрүүлгийг үзэгчдэдээ хүргэх болно гэж Дэми амлаж байлаа. Уг нь түүний жинхэнэ нэр С.Батмөнх. Харин дууддаг нэр нь Дэми. 

-Дэми, таныг David Beckham-ын төрсөн өдрийн бялууг хийж өгч байсан гэж сонссон. Азтай тохиол байна шүү.

-Тийм. Би Англид Cipriani London гэдэг итали ресторанд ажилладаг байсан юм. Лондонд хамгийн дээгүүр зэрэглэлийнхэд тооцогдох ресторан л даа. Тийм болохоор нэртэй хөлбөмбөгчид, Холливуудын жүжигчид гээд дандаа л А зэрэглэлийн том одууд ирж үйлчлүүлдэг байсан. Нэг удаа манай рестораны V.I.P-д Beckham төрсөн өдрөө тэмдэглэсэн. Тэгэхэд төрсөн өдрийн бялуугаа манайд захиалж би хийсэн юм.

-Хөлбөмбөгчний хэдэн насны төрсөн өдрөөр юм бол? Та тэгээд ямар бялуу түүнд зориулж хийсэн бэ?

-2007 онд. 32 насных нь төрсөн өдөр байсан. Манай ресторанд Beckham жимстэй бялуунд дуртай гэсэн коммент ирсэн байсан л даа. Тэгээд би нэлээн олон төрлийн жимстэй ванильтай кремтэй бялуу хийж өгсөн. Гоё амттай болсон.

-Энд таны тэр жороор хийсэн бялуу байгаа юу. Тиймийг хийгээд “Beckham`s birthday cake” гээд нэрлэвэл хүмүүс сонирхох байх?

-Тийм байх шүү. Одоохондоо тэр бялуу байхгүй. Гэхдээ хийж болно. Харин манайд байгаа бялуунууд яг тэр бялууных шиг base /суурь/-ээр хийсэн байгаа. Хүмүүс их дуртай байдаг юм. Нээрээ, саяхан би санаандгүй нэг шинэ бялуу хийсэн. Удахгүй тэрнийг цэсэндээ оруулах гэж байгаа. Бараг л энэ хавиар моод болох гээд байна ш дээ, тэр торт /инээв/.

-Ямар бялуу юм бэ?

-Манай найз Нямцэцэг гээд загвар өмсөгч бүсгүй байдаг юм. Тэр найз маань төрсөн өдрөөрөө хөх тарианы гурилаар шоколадтай бялуу хийлгэе гэж захиалаад тэгээд л хийсэн чинь маш их таалагдсан гэсэн. Найзуудад нь хүртэл их таалагдаад тэр бялууг чинь идмээр байна гээд дахин, дахин хийлгэсэн. Тэр бялуугаа л менюндээ оруулъя гэж бодоод байна. Ер нь миний бялуунууд өөр шүү. Чимэглэлийн хувьд ч энгийн.

-Чимэглэл гэснээс гоё чимэглэсэн хоол дүрслэх урлагийн бүтээл шиг л харагддаг шүү. Хоол гэдэг зүйл зүгээр нэг хэрэглээ байхаа нэгэнт халиад урлаг болтлоо өндөр хөгжөөд байна. 

-Тийм. Би “Хоол бол урлаг” гэдэг үгийг их хэлэх дуртай. Хоол бол яах аргагүй урлаг юм шиг санагддаг. Тогооч бол нэг ёсондоо уран бүтээлч л гэсэн үг. Нэг рестораны цэс зохионо гэхэд л бөөн ажил шүү дээ. Жишээлбэл, би манай гурван давхрын “Square” pub-ын цэсэн дээр ажиллаж байхдаа нэг тахианы махтай пицца зохиох гэж байлаа гэж бодъё л доо. Тахианы мах маань ямар байвал зүгээр бол? Барбекью маягаар бэлдэе. Тэгээд улаан лоолийн соус, улаан сонгиноор амтлаад чимэглэчихье, тэгвэл яг зохицно ч гэдэг юм уу. Эсвэл одоо энэ амтлагчийг хэрэглэвэл амт нь арай зөөлрөөд аятайхан болох юм байна, энэ махтай ийм ногоо зохицохгүй, эсвэл зохицно гээд л. Энэ мэтчилэнгээр бүх хоолон дээрээ л өөрийн ургуулан бодох чадвар, мэдрэмж зэргээ гаргадаг. Тэгээд бэлэн хийсэн хоолоо хүнд аятайхан харагдахаар гоё байдлаар чимэглэж тавих гэхэд л энэ чинь урлаг ш дээ. Зураач хүн зургаа зурахдаа өнгө будгаа зохицуулж, зохиолч хүн зохиолоо бичихдээ үгээ сонгож байдаг шиг тогооч нар ч бас орц найрлага бүх л зүйлээ бодож явдаг.

-Таныхаар тогооч байхын хамгийн аз жаргалтай мэдрэмж юу вэ?

-Хүмүүс миний хоолыг маш дуртай идэх. Тэр л хамгийн гоё. Зөөгч аяга, таваг оруулаад ирэхэд шууд таваг руугаа харна. Тэгээд юу ч үлдээлгүй идчихсэн байвал их баярладаг. Долоочихсон таваг ороод ирвэл бүр гоё. Зарим хүмүүс хоолоо бүр талхаараа арчаад идчихсэн байдаг. Тийм таваг хүлээж авахад хамгийн сайхан байдаг. Жаахан үлдээчихсэн, дутуу орхисон хоол ороод ирэх тохиолдол байдаг. Тэр бүхэнд санаа зовж, эмзэглэнэ. Тэгээд л зөөгчөөсөө яагаад идээгүй юм бол гээд асууж шалгаадаг.

-Та Англид хичнээн жил амьдарсан бэ? Тэнд байхдаа тогооч болчихов уу?

-Тийм. Тэнд 2000-2007 он хүртэл ажиллаж амьдарсан. Анх зөөгчөөр ажиллаж эхэлсэн. Би бага байхын хоол хийх их дуртай, хоолны сонирхолтой хүүхэд байсан л даа. Ээжийн нөлөө ч байсан байх. Ээж маань тогооч хүн. Дээр үед сургууль, цэцэрлэгийн тогооч байсан. Намайг хүүхэд байхад манай ах дүү нар нэг нарийн боовны цех ажиллуулдаг, тэгээд л би тэрэнд нь сайн дураараа очиж тусалдаг байсан. Тэгээд хожим Англид очоод энэ сонирхол маань сэргээд тогооч болохоор шийдсэн. Би Roca, Zuma, The Belvedero, Chez Max зэрэг дандаа Английн нэр хүндтэй том ресторануудад ажиллаж байсан. Миний өөрийн амбиц байсан л даа. Би нэг жижиг ресторанд ахлах тогооч байснаас том рестораны зүгээр энгийн тогооч байсан нь дээр гэж боддог байсан.

-Ямар, ямар орны хоолны ресторануудад ажиллаж байв?

-Итали, франц, япон, хятад, энэтхэг маягийн, цэвэр яг англи хоолны ресторан гээд нэлээн хэдэн газарт ажиллаж байсан. Би нэг газраа хэсэг ажиллаж сурах юмаа сурчихаад дахиад өөр орны хоолтой ресторанд ажиллаж юм суръя гэж боддог байсан. Япон хоолны газар бүр багаас нь эхлээд сүүлдээ ахлах тогооч болтлоо ажиллаад, тэгээд дараа нь итали ресторанд ордог ч юм уу, тэндээ хэсэг ажиллаад дараа нь франц хоолны ресторанд…гэх мэтчилэнгээр ажлаа солидог байсан. Хичнээн би япон ресторанд ахлах тогооч байлаа гээд итали ресторанд шууд намайг ахлах тогоочоор авахгүй ш дээ. Тэгээд энгийн тогоочоор эхлээд л дэвшээд явдаг байсан. Ажил солих бүрт миний цалин багасдаг байсан шүү.

-Тогоочийн хувьд танд ямар орны хоол илүү таалагддаг вэ?

-Итали хоолонд хамгийн дуртай. Гоё, гоё мах, цоо шинэ fresh бяслаг энэ тэр гээд л. Италичууд махыг их гоё боловсруулж иддэг. Япон хоол бас их сайхан. Их эрүүл талдаа.

-Сайн тогооч нар ихэвчлэн эрэгтэйчүүд байдаг. Энэ эсрэг ч гэмээр юм шиг сонин зүй тогтол юутай холбоотой юм бол. Магадгүй эрчүүд эмэгтэйчүүдээс илүү амтлах чадвартай ч байдаг юм болов уу. Та юу гэж боддог вэ?

-Ер нь бол тийм шүү. Эмэгтэй тогооч нар маш ховор. Европт бол нэг гал тогоо 10 тогоочтой байлаа гэхэд тэрэн дунд нэг л эмэгтэй байвал их юм. Гал тогооны ажил яалт ч байхгүй их хүнд хүчир л дээ. Тийм болохоор ч эмэгтэйчүүд чаддаггүй байж болох юм. Азиуд эмэгтэй хүнийг усан гартай, хоол амттай хийж чаддаггүй ч гэж ярьдаг юм билээ. Гэхдээ тэрийг бол үнэндээ сайн мэдэхгүй юм аа. Эрэгтэйчүүд цаанаасаа илүү авъяастай заяагдсан байж болох л юм, тийм ээ? /инээв/

-Надад ч бас тэгж бодогддог. Практик дээрээс харахад эмэгтэй тогоочид аль хэр байна вэ?

-Европт бол нэг гал тогоо 10 тогоочтой байлаа гэхэд тэрэн дунд нэг л эмэгтэй байвал их юм. Манайд бол арай илүү байх. Тэгээд эмэгтэй тогооч нар хамгийн хялбар ажлыг л хийдэг. Дессертний тогооч гэх мэтчилэн. Түүнээс биш мах шарах гэх мэт хүнд хэсэг дээр ажилладаггүй.

-Тогооч болохын тулд ямар шалгуур нэгдүгээрт тавигдах бол?

-Хамгийн гол нь хоол хийх дуртай байх л ёстой юм билээ. Тэр л хамгийн чухал.

-Ресторануудын хувьд хоолныхоо амтыг яг хэвээр нь байлгах их чухал байдаг. Заримдаа орох дуртай газраа ороод, өмнө нь иддэг байсан дуртай хоолоо захиалахад урьд, урьдынхаасаа өөр амттай болсон байдаг. Ахлах тогооч байхын үүрэг хариуцлага их өндөр байх. Бүх хоолныхоо амтыг шалгаж, хянаж байх ёстой гээд л…?

-Тийм асуудал гардаг шүү. Ийм гомдол санал зөвхөн манай Монголд ч гэлтгүй Английн тэр том, өндөр зэрэглэлийн ресторануудад ч бас гардаг. Гэхдээ аль болох ийм гомдол бага гаргуулахыг л хичээж ажиллах хэрэгтэй юм даа. Их хэцүү л дээ. Ресторанд хоол захиалж иднэ гэдэг чинь дэлгүүрээс юм худалдаж авч байгаагаас шал өөр зүйл шүү дээ. Программчилчихсан, үйлдвэрийн юм шиг шууд гардаггүй болохоор янз бүрийн алдаа эндэгдэл гарч л таарна. Жишээлбэл, би гэхэд энэ “Monet” ресторан /Шангрила барилгын 17 давхрын рестораныг хэлж байна/, тэгээд гурван давхрын “Square” pub, бас “Irish” pub-ын хоолыг хариуцдаг. Одоогоор “Monet” ресторан дээрээ илүү түлхүү ажиллаж байна. Энд л гэхэд өдөрт 300, 400 хоол гарч байна. Тэр бүгдийг би хянана гэхэд бас хэцүү. Тэгэхээр үйлчлүүлэгчдийн санал шүүмж бас их хэрэг болдог.

-Ресторанд үйлчлүүлэгчдээс хамгийн их ирдэг өөр гомдол санал хоол удаж байна гэсэн асуудал байх?

-Хоол удлаа гэсэн гомдол их гарна. Зөвөөр ойлгож тэвчээртэй хүлээдэг хүмүүс байдаг л даа. Гэхдээ манайхан ихэнх нь тэвчээргүй байдаг. Гал тогоонд хүмүүс яаж ажиллаж байгааг харах юм бол үнэхээр ачаалалтай ш дээ. Манай гал тогоонд гэхэд л хоёр ээлжээр 30-аад хүн ажилладаг. Одоо гэхэд л манай гал тогоонд нэг ээлжиндээ арваад тогооч ажиллаж байна. Манай “Monet” ресторан бол fine dining буюу өндөр зэрэглэлийн ресторан. Тэгэхээр ийм ресторанд ирж байгаа хүмүүс маань өөртөө жаахан илүү цаг гаргаад их гоё тайван ирвэл зүгээр болов уу гэж зөвлөмөөр санагддаг юм. Сайхан ресторанд ирж хооллоно гэдэг бол яг л кино үзэх, театр явахтай адилхан чөлөөт цагаа өнгөрөөх гоё хэлбэр шүү дээ. Тийм болохоор бүр цаг зав гарган зориулж ирээд аажуу тайван суугаад хоолоо идвэл их сайхан байх. Нэг course хоол захиаллаа гээд зарим хүмүүс шууд, шууд цувуулаад, эсвэл бүр нэг дор авъя гэдэг. Уг нь бол Европт 20, 20 минутын зайтай өгдөг. Эхлээд гоё зуушаа идээд, хэсэг байж байгаад үндсэн хоолоо авчихаад, дараа нь дахиад 20 минутын дараа дессертээ авбал их зүгээр. Тэр хооронд өмнөх идсэн юм маань ч шингэсхийгээд аятайхан болдог байх л даа.

-Та Irish pub-ын цэсийг шинэчилж байсан гэсэн үү?

-Тийм, анх 2007 онд ирээд арваннэгдүгээр сард Irish pub-ын цэсийг шинэчилсэн. Тэр өөрчлөлт хүмүүст ч их таалагдсан байх. Цэс өөрчлөгдсөн даруйд хоолны борлуулалт ч эрс сайжирч байсан.

-Би ч бас тэндхийн цэс өөрчлөгдсөн байсныг санаж байна. Австралийн вагью /vagyu/ үхрийн махтай хоол гэх мэт цоо шинэ төрлийн хоолнууд тэр үед нэмэгдсэн байсан. Тэр бүхэн таны ажил байж.

-Тийм, одоо зургадугаар сард Irish pub-ын цэсийг шинэчлэх гэж байгаа. Тэр вагью их гоё ш дээ. Уг гарал нь бол бүр Японы Кобе хот байгаа юм. Японы Кобед анх тэр вагью махны чиглэлийн үхэрнүүдийг үржүүлдэг. Kobe beef гээд хамгийн үнэтэй мах. Ресторануудад 100 грамм нь л 100 доллар хавьцаа байдаг. Би телевизээр нэг харж байсан юм, яаж кобе үхрийн махыг бэлтгэдгийг. Бөөн үхэрнүүдийг симфони хөгжим энэ тэр явсан лаг тансаг орчинд байлгадаг юм байналээ. Тэгээд машин угаадаг шиг том сэнсээр массаж хийгээд, шар айраг уулгаад байдаг юм билээ. Сүүлд Австрали, Аргентин, Америк зэрэг улсууд патентыг нь авч вагью үхрийг үржүүлж байгаа.

-Та монгол хоолныхоо тухай ямар бодолтой явдаг вэ? Бидэнд үндэсний гэж бусдад гайхуулах монгол хоол маруухан байдаг шүү дээ.

-Монгол хоолоо буруутгах арга байхгүй л дээ. Улс үндэстэн бүр өөр, өөрсдийн уламжлал, амьдралын хэв маяг, амьдарч байгаа газар нутаг, цаг агаар зэрэгтээ тохирсон хоол хүнсийг хэрэглэж байсан. Одоо харин бүгд л хувирч өөрчлөгдөж байна. Нүүдэлчин байсан цаг үе өөрчлөгдөөд бид өвөл зунгүй дулаахан байшинд амьдарч, машин тэргээр л ажилдаа ирж очдог болсон. Дэлхий глобальчлагдаж байгаа шиг хоол хүртэл глобальчлагдаж байна шүү дээ. Орчин үеийн япон хоол гэхэд франц хоол шиг ч болчихсон байна.

-“Боловсрол суваг” телевизээр гарах хоолны нэвтрүүлгийнхээ талаар яриач. Таны шоу бусдаас юугаараа ялгарах бол?

-Хамгийн гол нь хүмүүст хүртээмжтэй байлгах нь чухал. Би нэвтрүүлгээ илүү энтертайнмент, сонирхолтой талаас нь хийе гэж зорьж байгаа. Зураг авалт талаасаа ч нэлээн өөр стильтэй байх болно. Хүмүүст сайн сайхан мэдлэг олгох, хоолны боловсрол өгөх зорилготой байгаа.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж