Японы мэргэжлийн сумо бөхийн нацу башёгийн гурав дахь өдрийн барилдаанд манай бөхчүүд хэнтэй барилдахаар оноолт таарсан талаар мэдээлэл хүргэе. Хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийн тэргүүнд бичигдсэн их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Миябияматай барилдах бол эхний хоёр өдрийн барилдаанд дараалан өвдөг шороодсон озэки Харумафүжи Д.Бямбадорж маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Хомашотой барилдахаар оноолт таарсан байна. Манай бусад бөхчүүдийн тухайд Какурюү М.Ананд /М3/ сэкиваки Аминишикитэй, Асасэкирюү Б.Дашням /М4/ Ваканосатотой, Токитэнкү А.Хүчитбаатар /М6/ Коккайтай тус тус барилдах бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М7/, Хакуба А.Өнөржаргал /М5/ нар хоорондоо хүч үзэн барилдана. Түүнчлэн Кёкүтэнхо Н.Цэвэгням /М7/ Тоёохибикитэй, Моконами Г.Базарсад /М11/ Арантай, Коорюү Э.Мөнх-Оргил /М16/ Хокуторикитэй тус тус учраа тааран барилдах юм. Мөн өнөөдрийн барилдаанд жюүрёгийн хоёрт эрэмбэлэгдсэн Шотэнро Д.Нямсүрэн макүүчид зиндаанд Шимоторитой барилдахаар болсон байна.
С.Цэлмэг