Ширээний теннист шинэ түүх эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Ширээний теннист шинэ түүх эхэллээ

Олимпийн наадамд оролцож, олимпийн дэвжээнд нэр алдраа дуурсгана гэдэг тамирчин хүний аугаа амжилт билээ. Харин өсвөрийн залуу тамирчдын хувьд ирэх наймдугаар сард энэ мөрөөдөл нь биеллээ олно. Учир нь Олон улсын олимпийн хорооноос өсвөр үеийнхний дунд олимпийн наадмыг зохион байгуулахаар болж, улмаар ирэх наймдугаар сард Сингапурт өсвөрийн анхдугаар олимп хөшгөө нээхээр болсон билээ. Гэхдээ аливаа уралдаан, тэмцээн, олимпийн наадмын шүүгчид шагнал хүртэхгүй, сая сая доллараар шагнуулдаггүй, гэхдээ тэдний хувьд олимпийн наадмыг шүүн тунгаана гэдэг нэр төрийн хэрэг юм.
Манай улсаас ширээний теннисний спортын анхны олон улсын зэрэглэлтэй шүүгч болсон Э.Мөнхбилэг энэ жилийн Өсвөрийн анхдугаар олимпийн наадмын албан ёсны шүүгчийн нэгээр сонгогдсон бөгөөд тэрбээр тамирчдын адил бэлтгэлээ базаахаар Испанийн Барселон хотноо зохиогдож буй олон улсын чанартай Испанийн өсвөр үеийннээлттэй тэмцээний шүүгчээр ажилласан байна. 22 настай Э.Мөнхбилэг нь спортын дэд мастер цолтой бөгөөд анх удаагаа Европын тавцанд хөл тавьж, энэ сарын 5-9-ний өдрүүдэд зохиогдсон тус тэмцээнийг шүүн тунгаажээ.
Олон улсын ширээний теннисний албан ёсны вэбсайтад манай шүүгчийн тухай онцлон бичсэн бөгөөд Испанийн өсвөрийн нээлттэй тэмцээний хэвлэлийн төлөөлөгч Антонио Гарсия түүний талаар “Мөнхбилэгийн аав, ээж нь теннисчин байсан учир тэрбээр 11 настайгаасаа ширээний теннис тоглож эхэлсэн. Гурван жилийн хугацаанд БНСУ-ын дасгалжуулагч Пак Хьён Жигийн удирдлага дор тоглож, 2001 онд Монголын өсвөрийн аварга болсон. Харин дараа нь АНУ-ын хоёр жилийн хугацаанд суралцахдаа Сан-Франциско хотын Sunset клубт тоглож байсан”гэдгийг онцолжээ.

Э.Мөнхбилэг өсвөрийн анхдугаар олимпийн наадмын ширээний теннисний шүүгчдийн сонгон шалгаруулалтад оролцож, 80 гаруй орны 200 шүүгчээс шалгаран, “Сингапур-2010”-ыг шүүн тунгаах есөн шүүгчийн нэгээр сонгогдсон юм. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сарын хугацаанд үргэлжилсэн онлайн шалгалтад амжилттай оролцсоноор дээрх эрхийн эзэн болжээ. Олон улсын ширээний теннисний холбооноос манай шүүгчийг наймдугаар сард болох өсвөрийн олимпийн наадмаас өмнө олон улсын тэмцээнд шүүгчээр ажилласан байх ёстой гэсэн шаардлага тавьсан учир Э.Мөнхбилэг олон улсын эрхээ баталгаажуулахар Барселон хотноо зохиогдсон“ITTF Spanish Junior& Cadet Open” тэмцээний шүүгчээр ажилласан байна. Ийнхүү Монголын ширээний теннисийн спортод шинэ түүх бичигдэж, Монголын шүүгч тив, дэлхийн тэмцээнийг дэнслэх эрх нээгдлээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж