Спортынхон сагсан бөмбөгийн талбайд “болзлоо”

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Спортынхон сагсан бөмбөгийн талбайд “болзлоо”

Монголын үндэсний олимпийн хороо, сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс хамтран зохион байгуулж буй спорт холбоодын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн цомын төлөөх тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэлнэ.
“MCS Coca Cola”, “Юнител” компанийн ивээн тэтгэн, зохион байгуулж буй уг тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй дөрөв, нийт 17 баг оролцож байна. Өнөөдөр 10 цагаас эхлэх тэмцээний нээлтийн ажиллагаа 15.00 цагаас болох юм.
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатараар ахлуулсан жүдо бөхийн холбооны баг тамирчид бэлтгэл сайтай байгаа бөгөөд энэ тэмцээний гол өрсөлдөгчөөр тодроод байгаа жүдочдын баг Спортын сэтгүүлчдийн холбоо, Самбо бөхийн холбоо, Регбигийн холбооны багтай нэг хэсэгт таарчээ. Жүдочдын багт улсын арслан, ОУХМ До.Ганхуяг, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг нарын тамирчид багтсан байна.
Ямартай ч Монголын спортын бүхий л төрлийн шилдэг тамирчдыг сагсан бөмбөгийн талбайд уулзуулдаг тэмцээн тун сонирхолтой болох нь гарцаагүй юм. “Мөнгөн цагариг” клубээс санаачлан хоёр дахь жилдээ явуулж буй тус тэмцээнд өнгөрсөн жил Монголын чөлөөт бөхийн холбооны эрэгтэй, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны эмэгтэй баг тамирчид түрүүлж байсан юм. Энэ жилийн хувьд МҮОХ сагсан бөмбөгийн тэмцээнийг хамтран зохион байгуулах тул илүүөргөн цар хүрээтэй болно гэдгийг Зохион байгуулагчид онцолж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж