-Уучлаарай, таны нэрийг хэрхэн зөв дуудах вэ? Бидэнд хэлж өгөөч.
-Миний нэр Мөнгөнтуул. Харин Батхуяг гэдэг бол аавын маань нэр. Монголчууд эцгийнхээ нэрээр овоглодог. Миний нэрний “мөнгөн” гэдэг нь мөнгөн металл, харин “туул” гэдэг нь Улаанбаатар хотод урсдаг голын нэр юм.
-Та орос хэлээр их сайн ярих юм. Хэрхэн ингэж төгс сурав?
-Би Улаанбаатар хотод ОХУ-ын Элчингийн сургуульд нэгдүгээр ангиасаа эхлэн орос хэл суралцаж эхэлсэн. Харин таван настайдаа шатар тоглож эхэлсэн. Эцэг, эх маань намайг орос хэл дээр бичсэн шатрын ном, зөвлөгөөг өөрөө уншиж, ойлгох чадвартай болгохын тулд, мөн Оросын соёлтой танилцуулахын тулд орос хэл сурах нь зүйтэй гэж шийдсэн.
-Та Москвад амьдардаг уу?
-Би Улаанбаатарт төрж,12 нас хүртлээ тэнд амьдарсан. Аав маань Москва хотын судалгааны институтад ажиллахаар болсон тул бид Москвад нүүж ирсэн юм. Аав маань математикч хүн л дээ. Москвад ирээд би дунд сургуульд орж, төгсөөд нийгмийн ухааны их сургуульд элсэн суралцах болсон. Одоо энэ жил сургуулиа төгсөх болохоор дипломын ажил гээд их завгүй байгаа.
-Сургуулиа төгсөөд юу хийх бодолтой байна вэ?
-Монгол руугаа буцна даа. Яг юу хийхээ хэлж мэдэхгүй байна, гэхдээ ямартай ч ойрын хугацаанд бол шатраа тоглоно. Эмэгтэйчүүдийн Азийн аваргад гаргасан амжилтынхаа ачаар энэ жил би Ханти-Мансийск хотод болох олимпиад, Туркт болох эмэгтэйчүүдийн дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон.
-Азийн аваргад түрүүлж, дэлхийн аваргад оролцох эрхтэй болсон нь таны хувьд дээд амжилт тань мөн үү?
-Тийм гэж бодож байна. Би 14 нас хүртлээ дэлхийн аваргад гуравдугаар байрт шалгарч, 18 нас хүртлээ өөрийнхөө ангилалд хоёрдугаар байрт шалгарч байсан.
-Монголын талаас танд ямар нэг материаллаг туслалцаа үзүүлдэг үү?
-Ерөнхийдөө манай шатарчид ямар нэг буцалтгүй тусламж, дэмжлэг аваад байдаггүй. Би өөрсдлөө л ивээн тэтгэгчдээ олж, өөрсдийнхөө зардлаар тэмцээн, уралдаанд явдаг. Монголын шатрын холбооноос бидэнд туслахыг аль болох хичээдэг ч боломж бололцоо төдийлөн олдоод байдаггүй.
-Ирэх наймдугаар сард Улаанбаатар хотод болох FIDE-гийн гранпри тэмцээний талаар яривал?
-Дрезденд болсон олимпиадын үеэр Олон улсын шатрын холбоо болон Монголын шатрын холбоо хамтран Улаанбаатар хотод Гран-при тэмцээнийг зохион байгуулах шийдвэр гаргасан. Шатрын спорт Монголд саяхнаас хөгжиж байгаа, ялангуяа хүүхдүүдийн дунд өргөн дэлгэрч, шатрын сургууль, клубууд ихээр нээгдэх болсон. FIDE болон Кирсан Илюмжиновын санаачлагаар Улаанбаатар хотоос холгүй Шатрын ордонг барьж байгаа. Гэхдээ бидэнд олон улсын болон их мастерийн тэмцээнд оролцоход хангалттай хэмжээний сайн дасгалжуулагчид байхгүй л дээ.
-Монголд орос дасгалжуулагчид ажилладаг уу?
-Үгүй ээ.
-Москвад чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна? Кино юм уу, тоглолт үзэж байна уу?
-Тоглолт бол нэг их үзээд байдаггүй. Харин хааяа кино театрт очдог. Хамгийн сүүлд “Аватар”-ыг үзсэн юм байна.
-Дэлхийн улс орнуудаар хэр аялж байна?
-Хааяахан. Ихэнхдээ Европын орнуудад очиж байсан.
-Хамгийн их таалагдсан, сэтгэлд тань хоногшсон газар?
-Испани надад маш их таалагдсан. Ялангуяа тэр далай. Харамсалтай нь би сэлж чаддаггүй юм.
-Та Нальчикийн тэмцээний үеэр хотын усан санд очсон уу?
-Аав маань намайг тэмцээний үеэр усанд сэлээд хэрэггүй гэж зөвлөдөг. Учир нь ус хүнийг хэт тайвшруулдаг шүү дээ.
-Та энд шатраас гадуур юу хийж цаг өнгөрүүлж байна?
-Зурагт үзээд, хөгжим сонсоод л. Бас би “Жейн Эйр” гээд роман уншиж байгаа. Ер нь хөгжим сонсох дуртай.
-Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?
-Ерөнхийдөө бол монгол дуунд дуртай. Үндэсний, рок поп гээд олон стиль жанраар дуулдаг олон уран бүтээлчид бий. Дуртай дуугаа интернэтээс татаад авчихдаг юм.
-Ихэнх цагаа Монголд өнгөрүүлдэг үү?
-Эцэг, эх маань Москвад амьдрахаа больчихсон болохоор би зуны амралтаараа гэр бүлийнхэн дээрээ очдог. Зун ихэнхдээ лагертаа өнжинө. Амрангаа тэмцээндээ бэлтгэдэг.
-Монгол үндэсний гол хоол юу вэ?
-Манай үндэсний хоол оросынхоос тийм ч их ялгаатай биш. Үндэсний хоол маань бууз. Узбекийн мантытай төстэй.
-Улаанбаатар хотод болох Гранпри тэмцээнд оролцох шатарчид танай орны талаар их сонирхож байгаа байх?
-Хүмүүс Монголын талаар тийм ч сайн мэддэггүй. Манай улсад шатрын томоохон тэмцээн урьд өмнө зохиогдож байгаагүй л дээ. Тиймээс энэ удаагийн гранпри тэмцээнд оролцох шатарчид Монгол орны тухай илүү ихийг мэдэх завшаан олдох байх.
FIDE.com. 2010 оны 5 сарын 3.
Бэлтгэсэн С.Цэлмэг