-Бодлогын хүүг өсгөснөөр арилжааны банкуудын үйл ажиллагаанд яаж нөлөөлөх вэ?
-Бодлогын хүүг өсгөснөөр Төв банкны дахин санхүүжилтийн хүүнүүд мөн нэг нэгж хувиар нэмэгдэж байгаа юм. Арилжааны банкуудын зүгээс зээл олголт багасна.
-Мөнгөний хомсдол үүсч болох уу?
-Мөнгөний захын тогтвортой байдлыг хангах үүднээс дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авч байгаа нь энэ.
-УИХ-аар төсвийн тодотгол хийж байгаа энэ үед бодлогын хүү өсгөж байгаа нь холбоотой юу?
-Үнийн өсөлтийг үндсэндээ нийлүүлэлтийн хүчин зүйлс тодорхойлж байсан. Тиймээс өнөөдрийг хүртэл Монголбанк мөнгөний бодлогоо шууд чангаруулалгүй харзнаж байлаа. УИХ-аар цалинг нэмэх асуудлаар яг одоо хэлэлцэж шийдвэрээ гаргаж байна. Иргэдийн дунд эх орны хувь, хишгийн үлдсэн мөнгийг авах, цалин тэтгэвэр нэмэгдэх тухай хүлээлт байна. Энэ нь инфляцийг улам ч хөөрөгдөж болзошгүй. Тиймээс бид урьдчилан мөнгөний бодлогоо чангалж байна. Манайхан мөнгөний тоог нэмэх биш иргэдийн бодит орлого нэмэгдэж чадаж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Цалингийн өсөлтийг инфляцийн дарамтгүйгээр шийдэх хэрэгтэй. Одоогийн байдлаар цалин нэмэх сургаар үнэ өсч, инфляци хөөрөгдөх урьдчилсан төлөв харагдаж байна.
-Нийгмийн халамжийг хавтгайруулж олгосон нь инфляцийн өсөлтөд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үздэг. Нийт хүн амын хэдэн хувьд нь нийгмийн халамж үзүүлбэл, инфляцид нөлөөлөхгүй вэ гэсэн судалгаа Монголбанкинд байдаг уу?
-Ядуурлаас доогуур амьдардаг хүн амын 1/3 нь нийгмийн халамж үзүүлбэл инфляцид нөлөөлөхгүй.
-Цаашид инфляци буурахгүй бол Төв банк бодлогын хүүгээ чангалсаар л байх уу?
-Юутай ч захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргалаа. Мөнгөний бодлого чангалснаар нөхцөл байдал хаашаа эргэх нь үү. Санхүүгин зах зээл ямар хариу үзүүлэх нь вэ гэдгийг харъя. Үүнээс хамаарч дараа дараагийн арга хэмжээг авах болно. Инфляци буурахгүй бол бодлогын хүүг дахин өсгөх байх.
Монголбанк 2008 оны дөрөвдүгээр улиралд бодлогын 14 хувь хүртэл чангалж байсан. Харин 2009 оны тавдугаар сараас хойш мөнгөний бодлогоо зөөлрүүлж, бодлогын хүүгээ гурван удаа бууруулан 10 хувьд барьж байснаа ийнхүү одоо дахин чангалав. Мөнгөний бодлогын чангалснаар инфляцийг барьж, эдийн засгийн халалтаас сэргийлдэг гэдэг ч нөгөө талаасаа зээл хумигдаж, бизнесийн эргэлтэд ялангуяа банкны зээл зайлшгүй шаардлагатай байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүндээр тусдаг. Тэдний хувьд бодлогын хүү дээр нэмээд арилжааны банкуудын хувь шингэсэн зээл авах, магадгүй мөнгөний бодлогоо чангалсаар байвал зээл олдохгүй ч байх нөхцөл тулгарна. Тиймээс улирлын чанартай бизнесийн сэргэлтийн энэ үед хүүг чангалах нь бизнес эрхлэгчдэд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн болгоомжлол бас байна.
Б.СҮРЭН